Монгол Улсын түүхэнд өмнө нь 1983 оны хоёрдугаар сарын 04-нд, 1988 оны нэгдүгээр сарын 29-нд тухайн жилийн хамгийн анхны түймэр гарч байж. Гэхдээ энэ хоёр түймэр хоёулаа хээрийн түймэр бол энэ жилийн анхны түймэр энэ сарын 04-нд Богд уулын Төр хурахын аманд гарсан. Дээрх хоёроос ялгаатай нь энэ удаагийнх ойн түймэр юм. Ойн түймэр хээрийн түймрээ бодоход унтраахад хэцүү гэдгийг онцгой албаныхан хэлдэг юм билээ. Учир нь ойн түймэр шатах материал ихтэйгээс гадна, газар доогуур модны үндэс хавж шатаад өөр нэг газраар гэнэтхэн гарч ирдэг байна.
Энэ удаагийн ойн түймэр ч гэсэн ийм байдалтай байгаа. Өндрөөрөө 30-40 см өтгөн өвсөн дээр хуруу хэртэй цас тогтсон ч гал цасан доогуурх өвсөнд асч, цасгүй газраар нь дүрэлзэн гарч ирж байсан юм. Цасанд түймэр асч байхыг анх удаа үзсэн минь энэ.
Ингэж өвлийн улиралд, жилийн эхээр түймэр гарч байгаа нь энэ жилийн хэт хуурайшилттай холбоотой ч ууланд аялж, зугаалагчдын санамсар болгоомжгүй байдлаас болсон байх магадлалтай гэдгийг албаныхан хэлсэн. Зугаалж яваа хүмүүс гал түлж дулаацаад галаа унтраасан гэж боддог ч өнөөх нь дээр хэлсэнчилэн цасан доорх модны үндэс дагаж яваад нэг, хоёр өдрийн дараагаар, хичнээн зуун метрийн алсад дүрэлзэн асч эхэлдэг байна. Ийм л учраас ой, хээрт зугаалахдаа анхаарал болгоомжтой байх ёстойг сануулах гэсэн юм. Ганц хүний санамсаргүй үйлдлээс болж бүхэл бүтэн ой, уул тал шатаж, ирээдүйд учруулах аюул занал нь асар их юм. Ойн тухай хуульд “Түймэр тавьсан этгээдийн учруулсан хохирлын хэмжээ хэр байгаагаас шалтгаалан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Гэтэл тэр их ой модыг өнөөдрийн мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй.
Манайхан уул, хаданд авирах, овоо шүтээндээ гарч хийморь сүлдээ даатгах дуртай улс. Үүний буруу ч гэж юу байхав. Гэхдээ л нийслэлд хамгийн ойрхон байрлах Хийморийн овоонд мөргөхдөө зул, арц хүж асааж орхисноос болоод хоёр жил дараалан Хийморийн овоогоо түймэрдэж орхисныг санаж байгаа байх. Тун удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор энэ байдал давтагдахгүй гэх үндэсгүй. Харин ойд зугаалах, ууланд авирах, шүтээндээ залбирахдаа анхаарал болгоомжтой байхад л энэ бүхнээс бид бүхэн урьдчилан сэргийлж чадна. Ууланд аялагчдын клуб, бүлэг олноороо бий болж байна. Мах мариагаа хасах гэсэн хүмүүс ч уулыг л зорьж байна. Ийм тохиолдолд болгоомж сэрэмж илүүдэхгүйг Төр хурахын амны түймэр харууллаа. Ганц нэгээрээ, согтуу хөлчүү хүмүүсийг ууланд авируулахгүй байхад ч буруудахгүй. Олуулаа нэгдээд явсан ч хэн нэг ахалж байгаа хүнээр нь хариуцлагын гарын үсэг зуруулж, буудалласан отог дээр нь байгаль хамгаалагчид шалгалт явуулаад галаа бүрэн унтраагаагүй, хогоо үлдээсэн бол хэдэн сараар ууланд аялахыг нь хориглож болно шүү дээ. Эсвэл бүр түрийвчтэй нь ч ярьж болно. Бусад улс оронд гудамжинд шүлсээ хаяхад л торгууль төлдөг байхад уул ус байгаль дэлхийгээ хайрлаагүй, сүйтгэсэн тохиолдолд нь торгож яагаад болохгүй гэж. Боломж нь байдаг юм бол ууланд аялахаар бүлэг үүсгэж, клуб байгуулсан нөхдүүдэд гал түймрээс сэргийлэх, байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харилцах сургалт явуулахад ч илүүдэхгүй.
Ууланд аялна гэдэг нарийн ухаан шаардаад байхгүй ч өндөр сахилга бат шаардана. Аялагч болгон түймэр тавиад, хог хаяад явбал юү болох билээ. Өвлийн улиралд цасанд түймэр асаачихаж байгаа хүмүүс хаврын хуурай улиралд хайрахн уулаа түймэрдэж мэднэ. Тиймээс Богд ууланд явганаар авирдаг таван маршрутын эхэнд нь байгаль хамгаалагч нар аялагчдыг шалгаж, асч шатах зүйлийг нь хураасан ч болохгүй зүйлгүй. Эс тэгвээс байгаль дэлхий, шүтээн уулаа шатаачихсаны дараа хэн нэгнийг барьж хориод, эсвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмж торгоод ч нөхөгдөшгүй билээ.
Т.ДАРХАН