-“Дуудлага” зохиолынхоо талаар сонирхуулна уу?
-Энэхүү богино хэмжээний киногоороо дуудлага бүрийн ард өөр өөр амьдрал өрнөж байдаг. Заримдаа танихгүй хүмүүс хүртэл хэрхэн санаанд оромгүй байдлаар холбогдож бие биенийхээ амьдралд хамааралтай амьдарч болохыг харуулахыг зорьсон.
-Яагаад драмын жанрын кино бичих болов?
-Уг уралдаанд зориулж драмын төрлийн кино бичсэн юм. Өнөөдөр бидэнд байнга байдаг, амьдралын салшгүй зүйлсийн нэг нь гар утас болсон болохоор үүнийг энгийн сайхнаар гаргаж ирмээр санагдсан. Мөн хүмүүс утсыг байдаг л зүйлийн нэг гээд анзаардаггүй болчихсон шүү дээ. Гэтэл утасны дуудлага бүрийн цаана таахын аргагүй ямар ч амьдрал өрнөж байгаа юм билээ.
-“The call” төсөл монголдоо анхдагч. Энэ уралдаанд оролцсон нь нэр төрийн хэрэг байх шүү?
-Тийм шүү. “Юнител”-ээс зохион байгуулсан энэ уралдаанд тийм олон зохиол ирэхгүй байх гэж бодож байсан юм. Тэгтэл 30 гаруй бүтээл ирсэн гэсэн. Тэгээд зохиол нь шалгарсан уран бүтээлчид гэсэн чинь миний танил, найзууд гээд киночид дундаа сайнд тооцогдох уран бүтээлчид байсан.
-Таны бодлоор Монголын кино урлагт баруун болон Азийн алиных нь нөлөө их байдаг вэ?
-Мэдээж аль аль нь л их байгаа, Одооны үзэгчид маань дэлхийн сайн гэсэн кинонуудыг телевиз, театр, интернэт гээд бүх л мэдээллийн сувгуудаар хүлээн авч үзэж байна. Бүх л төрлийн киног ойлгодог болчихсон. Түүгээр ч барахгүй шүүмжилдэг болчихож. Тэгэхээр Монгол кинонд сайн, муугаар дүгнэлт хийх нь арга ч үгүй юм.
-Киног баригдмал, нэгэн хэвийн байдлаас нь салгахад уран бүтээлчдийн сэтгэлгээнээс илүүтэй тухайн нийгмийн уур амьсгал чухал гэдэг?
-Нийгмээ мэдэрч хийх хэрэгтэй л дээ. Гэхдээ кино маань өөрөө ямар жанр төрлийнх вэ, хэнд зориулж хийх вэ гэдгээс илүү хамаарна.
-Монголд төрөл бүрийн кино хийгддэг болжээ. Таны бодлоор эдгээр жанруудаас ямрыг нь түлхүү хөгжүүлбэл дээр вэ?
-Кино бүх л төрлөөр хөгжвөл дээр шүү дээ. Эд нар зөвхөн инээдмийн кино л үздэг гэсэн бүлэглэл байхгүй. Үзэгчид бүхий л төрлийн киног үздэг. “Хошин шогийнхон ийм кино хийгээд бут аваад байна. Ийм кино хийчихье” гэж болохгүй л байх. Хүмүүс ихэнхдээ мэдэхгүй зүйл, очиж үзээгүй газар гээд зөндөө юмыг киноноос харж, суралцаж байдаг болохоор киноны уран бүтээлчид маань үүн дээр илүүтэй анхаарал хандуулж байвал зүгээр байх.
-Та өмнө нь дэлгэцийн ямар бүтээлүүд хийж байв?
-Хамгийн анхны уран бүтээл маань 2004 он хийсэн “Улаан ой” гэдэг бүрэн хэмжээний сэтгэхүйн аймшгийн кино. Тэрнээс хойш ихэнхдээ гадны баримтат кинонууд дээр ажилласан. BBC-гийн “Чингэс хаан” зургийн багт, National Geographic сувгийн “Хийморь” зургийн багт тус тус ажилласан. Мөн “ZMN” продакшны “Надтай гэрлээч” киноны эвлүүлэгч, “Portraits of Change” баримтат киноны найруулагчаар ажилласан. Өмнөд Солонгосын Пусаны наадамд “An Encounter in the woods” хэмээх богино хэмжээний киногоор оролцсон.
-Кино найруулагчаар хаана мэргэжил эзэмшсэн бэ?
-Би уг нь инженер хүн байгаа юм. Оюутан байхаасаа киноны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тэгээд яван явсаар кино урлагт халтираад орчихсон доо. Гэхдээ энэ ажилдаа илүү дуртай.
“Улаан ой” киногоо хийчихээд өөртөө дүгнэлт хийсэн. Энэ чиглэлээр номын дуу сонсох хэрэгтэй юм байна гэж бодоод богино хугацаанд үр дүнгээ өгөх сургалтыг хайсан юм. Тэгээд 2007 онд Тайландад медиа арт чиглэлээр олон улсын залуу уран бүтээлчдийн хамт сургалтад хамрагдсан даа. Дараа нь 2008 онд Берлиний олон улсын кино наадмын залуу уран бүтээлчдийг дэмжих тусгай хөтөлбөрт тэнцээд сургалтад хамрагдсан. 2009 онд Өмнөд Солонгосын Пусан хотод болсон олон улсын киноны 14 дэх наадмын залуу уран бүтээлчдийг дэмжих “Аsian Film Academy”-д суралцсан даа. Цаашдаа өөр бас бус сургалтад явах санаа байгаа. Цаг хугацаа яаж таарах бол гээд харж л байна.
-Нийгмийн бүхий л салбарт өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэдэг. Манайхан шинэ зүйл гарч ирэхээр хуучнаа таягдан хаях дуртай хүмүүс. 1990 он хүртэлх Монголын кино урлагаас өнөөдөр, орчин үед хэрэглэж болох хамгийн чухал үнэт зүйл нь юу вэ?
-“МОНГОЛ КИНО” гэж л хэлмээр байна даа. Манай орчин үеийн кинонуудаас монгол гэх үнэр үнэртэхгүй байна уу даа. Жишээ нь хятад кино байлаа гэхэд яалт ч үгүй л хятад уур амьсгал тэндээс мэдрэгддэг. Бас япон киноноос ч тэр.
-Сүүлийн үед бүтээгдэж буй кинонуудад ихэвчлэн хот суурин, хүн бөөнөөр суурьшсан амьдралыг гаргадаг болж. Гэтэл монголын уламжлалт нүүдэлчин амьдрал ахуй киноны хальс, найруулагчийн санаанаас үлдэж хоцроод байх шиг. Заримдаа улиг болсон сэдвээс сор бүтээл гарах нь бий?
-Киноны үйл явдал хаана ч өрнөж болно. Хаана ч байсан монгол хүний амьдрал гарч байгаа болохоор хот уу, хөдөө юу гэдэг нь сонин биш. Кино маань л сайн байвал уг бүтээл маань сор бүтээл болж чадна.
-Утга зохиол, урлаг судлаач, шүүмжлэгчдийн амнаас түүхэн сэдэвтэй бүтээл хийх мэдлэгтэй залуус төрөн гарахгүй байна гэх үг унах болсон. Манай шинэ залуу найруулагч, зохиолчид энэ талаар хэр сонирхдог бол?
-Түүхэн бүтээл хийхэд их мэдлэг, бас хөрөнгө мөнгө, зөв шийдэл хэрэгтэй. Одоохондоо залуу уран бүтээлчдэд маань тэр бүхний аль аль нь гүйцэд төлөвшөөгүй байгаа болов уу гэж бодож байна.
-“Дуудлага” киноны зурагт авалт хэзээ эхлэх вэ. Жүжигчдээ сонгочихсон уу?
-Тавдугаар сарын 20-ноос л зураг авалтаа эхэлнэ дээ. Одоогоор бэлтгэл ажлаа хийгээд, жүжигчдээ сонгож байна.
Д.ГАНСАРУУЛ