ЭЕШ-д орохын тулд Монгол хэлний бичгийн шалгалт өгнө

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

ЭЕШ-д орохын тулд Монгол хэлний бичгийн шалгалт өгнө

Элсэлтийн Ерөнхий шалгалтанд оролцох бүх оюутнууд энэ жилээс Монгол хэл бичгийн шалгалт өгөх болсон талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа, элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, Боловсрол, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр нар хүрэлцэн ирж оролцов.

Монгол улсын засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу энэ жилээс эхлэн Их дээд сургууль, коллежид элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэлний бичгийн шалгалт заавал өгөхөөр болсон ба энэхүү шалгалтыг өгснөөр ЭЕШ-д орох эрх нь нээгдэнэ.

Энэ онд төгссөн шалгуулагчид Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулж авах бол өмнөх онд шалгуулагчид шалгалтын хуваарийг Боловсорлын үнэлгээний төвөөс зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Энэхүү шалгалтанд хамрагдаж 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин шалгалтанд хамрагдаж болно юм. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын түвшинг тогтооход чиглэнэ.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас эхэлж гуравдугаар сарын 9-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Харин шалгалтыг гуравдугаар сарын 21-ний өдөр авах ба дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр өгнө.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж