Байгал нуурыг усаараа сэлбэдэг Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн талаар тайлбар авахаар Монголын засгийн газар болон Дэлхийн банкинд хандах болно гэж Оросын Байгаль орчны яам мэдэгджээ.
"Байгаль орчны яамны сайд Сергей Донской Монгол улсын засгийн газарт хандаж Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн” гэх УЦС босгох төлөвлөгөөнийх нь талаар тайлбар хүссэн албан бичиг бэлтгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн” хэмээн яамны сайтад мэдээлжээ.
Үүнээс өмнө Буриадын эрх баригчид Байгал нуурын усны түвшин 2013 оныхоо 40 см-ээр унасан гэж нуурын эргийн бүс нутагт онц дэглэм зарласан юм. Оросын Онцгой байдлын яамны мэдээгээр нууранд цутгах усны хэмжээ бага байснаас Байгал нуур дөнгөж 67 хувиар усан хангамжаа авсан байна. Оросын албаны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр УЦС-ын ажлын талаар ярилцаж эхэлсэн нь Оросын талыг түгшээв. Тус яам тэмдэглэснээр өнгөрсөн оны аравдугаар сард Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс хуралдах үеэр Монголын тал УЦС-ын төслийг зогсоосон тухай мэдээлж, орос мэргэжилтнүүдийн саналыг авалгүйгээр уг төслийг урагшлуулахгүй гэсэн юм.
“Үүнтэй холбоотойгоор сайд Дэлхийн банкинд захидал илгээхээр шийдэн Дэлхийн банкнаас дэлхийн соёл, байгалийн өвийг хамгаалах конвенцийг зөрчиж байгаа уг төслийг санхүүжүүлэх үндэслэлээ тайлбарлахыг хүсч байна” гэж Оросын Байгаль орчны яам мэдээлжээ.
Байгал нуур нь дэлхийн хамгийн гүнзгий, хамгийн цэвэр нуур бөгөөд дэлхийн ундааны усны дөрөвний нэгийг хадгалсан томоохон нөөц юм. 1996 онд нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэн авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР