Андын нуруунд аврилт хийсэн Чилийн уулчид хагас зууны өмнө сураггүй болсон онгоцны сэгийг олжээ. Чилийн хөлбөмбөгийн багийг тээвэрлэж явсан “LAN Chile” авиа компанийн “Douglas DC-3” онгоц 1961 оны дөрөвдүгээр сарын 3-нд ор сураггүй болсон аж. Уулчид Андын нурууны 3200 гаруй метрийн өндөрт сүйрсэн онгоцны эх бие, зорчигчдын араг ясыг олж илрүүлсэн байна. Гэхдээ онгоцны сэг байгаа газрыг олон нийтээс нууцалж байгаа гэнэ.
Онгоцонд 34 хүн зорчиж явсан нь бүгд амь үрэгдсэнд тооцогдож байсан юм. 50 гаруй жилийн өмнө сураггүй болсон онгоцонд Чилийн “Green Cross” хөлбөмбөгийн баг, дасгалжуулагч Арналдо Васкес болон бусад туслах ажилтнууд, найзууд нь зорчиж явжээ. Тэд Чилийн Осорнод болсон тоглолтоос нийслэл Сантъяго хот руу буцаж явсан байна.
Өмнө нь “LAN Chile” компанийн нэгэн нисгэгч сураггүй болсон онгоцыг Линарес хотын ойролцоо харсан гэж мэдээлж байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse