Олон улсын Эпилепсийн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Олон улсын Эпилепсийн өдөр тохиож байна

Олон улсын Эпилепсийн өдрийг тохиолдуулан өнөөдөр эмч, өвчтөн, гэр бүлд зориулсан уулзалт зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар Эпилепси өдөрлөгийн талаарх танилцуулга, Эпилепситэй өвчтөнүүдийн Монголд тулгамдаж байгаа асуудал, Эпилепси өвчний талаарх оношлогоо, эмчилгээний талаарх мэдээлэл ба бусад асуудлаар хэлэлцэнэ.

Монголын Неврологи нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийг холбоо, Эпимон мэдрэлийн хувийн эмнэлэг болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ба Улсын хэмжээнд анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монголд эпилепсийн нийгэмлэг 2002 онд мэдрэлийн эмч нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд уналт, таталтын үеийн эмнэлгийн тусламжийг сайжруулах, судалгаа явуулах, оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулах, уналтын эсрэг зарим эмийг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд оруулахад санал, санаачлага гаргаснаас гадна, эрүүл мэндийн тусламжийг сайжруулах бодлогын чанартай үйл ажиллагаанд ЭМС-ын яамтай хамтран ажиллаж иржээ. Тухайлбал, ЭМСЯ болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2002, 2012 болон 2014 онд Эпилепситэй Тэмцэх Олон Улсын Нийгэмлэгийн Ази далайн орнуудын хэрэг эрхлэх хороо болон Азийн эпилепсийн академийн эмч, профессоруудтай хамтран 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улаанбаатар хотын Клиникийн эмнэлгүүдийн мэдрэлийн эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалт, симпозиумыг хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулсан байна.

Эрүүл мэндийн статистикийн байгууллагаас гаргасан үзүүлэлтээр 2010 онд улсын хэмжээнд 11759, 2012 онд 12144 эпилепситэй хүмүүс бүртгэгдэж жилд дундажаар 300-400 шинэ тохиолдол нэмэгддэг байна.

Монгол улсын Засгийн газраас хот, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудыг оношилгоо, эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангах, эпилепситэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн эмнэлгийн тусламжийг сайжруулах, хүн амын дунд эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг дэмжих зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ирсэн. Гэсэн хэдий ч цаашид төрөлжсөн мэргэжлийн төв байгуулах, чанартай эм, эмнэлэг, нийгмийн тусламжийн хүртээмжийг сайжруулах, шаардлагатай хууль журмыг боловсруулах, судалгаа, шинжилгээний цар хүрээг өргөжүүлэх зэрэг тулгамдсан олон ажлууд хүлээгдэсээр байгаа байна.

Уналт, таталттай өвчтөний талаарх нийгмийн буруу ойлголтыг залруулж, ялгаварлан гадуурхалт, өвчтөн, түүний гэр бүлд учруулж буй бие, сэтгэл санаа, нийгмийн болон эдийн засгийн дарамтыг багасгах, арилгах, сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцөлийг хангах нь эмч, эмнэлгийн байгууллага, нийт хүмүүсийн эрхэм зорилго бөгөөд энэ чиглэлээр улам хамтарч, нэгдэж ажиллахыг төр, засаг, ард иргэддээ уриалсан юм.

Б.СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж