Б.Цэнддоо
Ямар ч урилга заллагагүй орж ирж, харийнхнаас чөлөөлж өгөөд, өөрөө буцаад явчихсан цорын ганц тохиолдол манай түүхэнд буй нь энэ байж магад. Хүрээг чөлөөлж, монголын төрийн тэргүүнийг шоронгоос суллаж, тусгаар тогтнолыг нь сэргээж өгсөн Барон Унгерныг хэлж байна. Тэр бол Богдын зарлигаар шагнагдсан Монгол улсын баатар цолтон. Түүнийг монголчууд өөрснөө баривчлан Улаантнуудад тушаасан бөгөөд Новониколаевскт цаазлагджээ.
Энэ жил Барон Унгерн Нийслэл хүрээг чөлөөлсний 90 жилийн ой болж байна. Өнөө жил нэг бус, хоёр бус 90 жилийн ой тэмдэглэнэ л дээ. Гэхдээ хамгийн бодитой нь Барон Унгерн Хүрээг чөлөөлж, Монголын хаант төрийг сэргээсэн явдал.
Энэ сэдвээр олон ном зохиол гарчээ. Гэхдээ судлаачид үүнийг хамгийн бага судлагдсан сэдэв гэх юм билээ. Бидний хувьд хамгийн бага судлагдсан төдийгүй хамгийн их гуйвсан сэдэв.
Тэрхүү сэдвээр манайхан “Зөвхөн намайг үхсний дараа” гэдэг баримтат уран сайхны кино бүтээсэн байна. Энэ бол Барон Унгернтай нөхөрлөж явсан зохиогч Ф.Оссендовский түүний талаар ном бичих санаагаа цухуйлгахад, цаадахынх нь хэлсэн үг юм.
Киног Б.Баяр (Сэмүүн студи) гэдэг уран бүтээлч найруулсан байна. Дашрамд хэлэхэд киног татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлээгүй аж. Гол зохиомжоо польш гаралтай зохиолч Ф.Оссендовскийн “Аврагч, Егүүтгэгч, Хүн гурвын орон” гэдэг туужаас авчээ. Нэг талаас Оссендовский бол яах аргагүй Монгол орноор хэрэн явж, Баронтой биечлэн уулзсан түүхэн хүний нэг маргаангүй мөн. Түүний тууж ч дэлхийн олон хэлнээ түм буман хувиар гарч, бестселлер болсон бүтээл. Гадаад хэлнээ хэвлэгдсэн хувиараа бол Польшийн Нобелийн шагналтнуудаасаа ч хол давдаг гэсэн. Гэхдээ эл тууж нь баримтат үйл явдал дээр тулгуурлан бичсэн уран зохиол, өөрөөр хэлбэл “Монголын нууц товчоо”-ны нэгэн адил түүх-уран зохиолын дурсгал гэдэг дээр судлаачид санаа нийлдэг.
Киног бүтээгчид дээрх туужийн уран яруу зохиомжийг баримтат уран сайхны бүтээлийнхээ гол араг яс болгон авсан аж. Харин түүхийн үнэн, баримтыг олон газар явж сурвалжлан олжээ. Манай зүгээс Үндэсний тусгаар тогтнолын түүхийг голлон судалдаг эрдэмтэн О.Батсайхан орсон бол Оросын талаас С.Л.Кузьмин байх жишээний. С.Кузьмин бол Барон Унгерний түүхийн талаар асар их материал цуглуулж, эмхтгэн гаргасан, хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн судлаачийн нэг юм. (Түүний дөнгөж саяхан бичиж дууссан “Барон Унгерний түүх: Шинээр тогтоосон бодит үнэн” хэмээх бүтээл тун ч удахгүй монголоор гарч эргэлзээ маргаантай, учир битүүлэг түүхийн олон оньсогыг дэлгэх юм) Кино бүтээгчид олон газраар явж, баримт цуглуулж, түүхт хүмүүстэй уулзсны дотор Финландын эрдэмтнээс эхлээд Барон Унгерний удам судрынхан ч байна. Манайхан “Бароны гэрээс” номоор нь сайн мэдэх Польшийн “Унгерн судлаач” Витольд Михальскийтэй ч уулзаадахаж.
Тэр тэр оролцсон гэхээр уг киног харж амжаагүй хүмүүс зохиол бичилцээд, найруулаад, тоглоод явсан гэж бодож магад. Нээрээ тоглосон гэдэгт жаахан ойр юм уу? Гэхдээ өөрийнхөө дүрийг өөрөө бүтээж, өөрийн судалсан, олж тогтоосон, мэдсэн баримт дурсамжуудаа үзэгчидтэй хуваалцсан хэрэг. Барон Унгерн, Оссендовский болон бусад гадаадынханд Оросын жүжигчид тоглосон байна. Мэдээж, манайханд нь манайхан манайхнаа тоглуулж.
Монголоор хэрэн бядаж явсан Оссендовский төлөгчөөр ирээдүйгээ үзүүлж байгаагаар кино эхэлж байна. Барон Унгерн хувь хүнийхээ талаас хэн бэ? Зан араншин, чин эрмэлзэл нь юу байв гэдгийг харуулахад Оссендовскийн тууж сонирхолтой баримжаа болдог бөгөөд найруулагч ч энэ талаас нь харсан бололтой. Харин түүхэн үнэн талыг нь кино бүтээгчдийн цуглуулсан баримт, эшлэл, судлаач нарын амьд өгүүлэмж нөхөж өгч байна.
Энэ кино аль ч талаасаа хосгүй бүтээл, урлагийн гайхамшиг “оройн дээд очир дара” болчихоогүй л дээ. Гэхдээ аятайхан найруулга, хөөрхөн хийц, давгүй тоглолт. Хамгийн гол нь шинэ эхлэл.
Яг нарийндаа барууныхны баримтат уран сайхны бүтээдэг тэр л арга хэлбэрээр хийгдсэн юм. Хэдэн жилийн өмнө ВВС-гийнхэн “Монголын эзэнт гүрэн” гээд л баримтат уран сайхны сайхан кино бүтээсэн. NHК ч бас Монголын тухай иймэрхүү кино бүтээж л байсан. Дэлхийн хувьд хуучин ч манайхны хувьд шинэхэн туршлага. Түүхэн ой энээ тэрээ болохоор тэрбум тэрбум “ардын зоос”-оор уран сайхны кино бүтээлээ гээд өнгөрдөг хуучин менежмэнтийг халан гарч байгаа шинэ туршлага. Үнэн зөв төсөөлөл ойлголтыг хүмүүст үлдээдэг сайхан арга барилын гараа.
Нэг талаас үзэгч олны сонирхлыг татахын тулд уран найруулга, адал сонин тоглолт үзүүлдэг, нөгөө талаас арвин судалгаа хийж, хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдын өөрсдийн яриа, баримтаар үнэн зөв мэдлэг түгээдэг арга.
Монгол улс мөнгөтэй болж, түүх ойнууд л олноороо тохиож байна. Хувийнхан бол мөнгөөрөө ойг тэмдэглэхдээ лаагаа авна уу, луувангаа авна уу өөрсний дур. Харин засаг төрөөс иймэрхүү бүтээлийг дэмжиж, үнэн ба баримтыг олон түмэнд түгээх нь илүү өгөөжтэй, үр дүнтэй атлаа хямд төсөр юм байна гэдгийг энэ кино хэлж байна.
Энэ сэдвийг дан магтаал сайшаалаар дуусгачихвал бусад уран бүтээлчид гомдож болох талтай. Энэ нь тэдний ч буруу бас биш. Манай шүүмжид эхэлж баахан загнаж, зад шүүмжилж хаячихаад “…энэ бүхнийг эс тооцвол сайн болжээ” хэмээн төгсгөдөг загвар тогтсноос болсон хэрэг. Хэдүүлээ тэрнээс гажаад яахав.
Бичгийн орчуулга дээр байгаа үг хэллэг уншихад болоод байх мөртлөө жүжигчний амнаас гарахаараа шал өөр болдгийн жишээ хэд хэд харагдаж байгааг дараа дараагийн уран бүтээлдээ бодох! Буддын хувилгаан Богд лам хүнийг “Чи дайны тэнгэр” гэх бол уу, яах бол? Түвд нэртэй Жамсран сахиус гэдэг юм уу, нэг юм байдаг байж мэдэх юм гэж бодогдсон. “Манжийн хаан бол Манзушрийн хувилгаан, Барон жанжин бол тавдугаар Богдын хувилгаан. Алин ч байсан, миний морийг бурхны цэрэг авлаа” гэж ямар кинонд байдаг ч билээ. Гэхдээ, ямар эртний Герегийн дайны тэнгэрээр нэрлэн “Чи бол Марс” энээ тэрээ гэсэн биш дээ.
Бас Барон жанжин, Сипайло эд нар үхснээс нь хориод жилийн дараа, Дэлхийн II дайны үед хийгдсэн жийп унаж давхисан тал байсан уу, би буруу харсан уу? …Энэ бүхнийг тооцсон, тооцоогүй ОК кино.