Төрийн албаны машиныг тусгай дугаартай болгоё

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Төрийн албаны машиныг тусгай дугаартай болгоё

-Өмнөговь аймагт л гэхэд хэлтсийн дарга нар нь хүртэл жийп унадаг. Тиймээс ч тэднийг нутгийнхан нь “Жийп голдуу унаатай, жирийн биш төрийн хүмүүс” гэж хошигнодог болжээ-

Саяхан даа. Албаны машин унасан цагдаа үдийн зоогоо барих гэж гэр рүүгээ давхиж явсныг нэгэн телевизийн сүйхээтэй зураглаач дурандаа буулгаж,  нийгмээрээ нэг шуугисан.  Цагаан халадаа намируулсан түргэний эмч өвчтөн рүүгээ бус эхнэрийнхээ ажил руу яаралтай тусламжийн машин унан байн байн “гүйдэг” тухай ч бичиж л байлаа, сэтгүүлчид.

Харин одоо тэд ийн дураар авирлах боломжгүй болсон. Учир нь цагдаа, түргэний машинууд бусдаас ялгамжтай, тодоос тод, томоос том бичигтэй болсон. Тэрхүү содон сонин машин унаад үдийн зоогонд давхих юм бол захын жиргээч гар утсаараа зургийг нь дараад постолж орхино. Эмнэлгийн тэрэг ч ялгаагүй тэнгэрээс тэмдэгтэй. Тэд дуут дохио өгсөн өгөөгүй хүмүүс зам тавиад л өгдөг болсон. Яаралтай тусламж, үйлчилгээний машинуудыг ялгамж заагтай болгосон нь ажиллагсдадаа төдийгүй үйлчлүүлэгчдэд ч хар хоргүй амар болсон билээ.

Тэгвэл төрийн албаны хурган дарга нар болоод төрийн өндөр дээд албан тушаалтнуудын албандаа унадаг автомашиныг амин хувийнх нь машинаас ялгамжлах тухай “Дарга нарын машиныг тусгай дугаартай болгоё” нийтлэлийг бичиж нийтлүүлсэн. Энэхүү нийтлэлийн  мөрөөр иргэд манай редакцид хандан санал бодлоо илгээжээ.

Иргэдийн санал шүүмжлэлээс сийрүүлбэл:

…Албаны машин бусдаас ялгаагүй дугаартай байгаагаас сайд дарга нар даварч байна. Одоо ч төрийн дээд алба хашиж буй нэгэн сайд  үс засуулахаар манай байрны үсчний газар ирэхдээ сүртэй гэдэг нь зам хаагаад түгжрээ үүсгэдэг хэвээрээ. Оргил хотхонд ч байдаг бас нэгэн сайдын эхнэрийн салоны гадаа албаны машинаар ирдэг эхнэр хүүхнүүд олон бий. Оргил хотхоны  57,58 дугаар байрны өмнө ирж дарга нарын унаа хэнд яаж үйлчилж байгааг бичлэг хиймээр байна.

…Албаны унааны улсын дугаарын солино гэдэг эргээд л хөрөнгө мөнгө үргүй зарах нэг арга болно. Тэгэхээр албаны машинуудын арын хоёр хаалганы шилэн дээр соёмбо наачих хэрэгтэй. Тэгээд нийтэд зарлаад, бүгд утсаараа зургийг нь аваад тавьдаг болчихвол улсын унааг хувьдаа ашиглахаа болино доо.

…Социализмын үед хувийн өмчийг ялгаварлан гадуурхдаг байх үед л хувийн машины дугаар нь цагаан дэвсгэр дээр хараар, албаных буюу төрийнх нь хар дэвсгэр дээр цагаанаар бичигддэг байсан.Зах зээлд ороол хувийн төрийн ялгаагүй цагаан дээр хараар бичигддэг болсон нь төрийн албаныхныг татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах бололцоог бий болгосон.Буцаагаад төрийн албаны машины дугаарыг цагаан дэвсгэр дээр хараар бичдэг болгох хэрэгтэй. Ажлын цаг дууссан хойно амралтын болон баярын өдрүүдэд албаны буюу төрийн өмчийн машиныг хувийн зорилгоор ашиглавал шийтгдэг журамд оруулах хэрэгтэй.

…Номерийнх нь өнгө өөр байхад болоо биш үү. Тусдаа дугаартай болгочихоор замын цагдаа нар нь айгаад зогсоож чадахгүй, шаардлага тавьж чадахгүй болно шүү дээ. Тэгээд улсын унаа унасан жолооч нар нь дураараа дүрэм зөрчөөд хэцүү дээ. Гэхдээ л татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.

…Зөвхөн дарга нар биш, хуучин шиг улсын дугаар хувийн дугаар гэж ялгаад, төрийн өмчийн бүх яам газар, компанийн машиныг хараад л таньж байхаар болгоё. Тэгээд төрийн өмчийн туулах чадвар ихтэй, шатахуун зарцуулалт ихтэй машиныг УБ хот дотор явуулдаггүй, тусгай замын хуудас бичиг баримтгүй бол амралтын өдрүүдэд ч явуулахыг хориглоё.

Иргэд ийн бичжээ. Бүр зарим дарга сайд нарыг нэр цохон бичсэн нь ч бий. Ямартай ч сар бүр та бидний татварт төлдөг мөнгө улсын төсөвт төвлөрч, тэрхүү мөнгө эргээд олон төрлийн зарлага болон урсаж байгаа. Урсгахаас аргагүй зардал гэж бий. Мөн тэвчиж болох, танаж хасаж хэмнэлт хийхээс аргагүй зардал ч байна. Үүний нэг нь яахын аргагүй амин хувийн зорилгоор унаж буй албаны унааны зардал юм.

Төрийн өндөрлөгүүд болоод тэрбумын орлоготой хувийн компанийн захирлуудтай барьцан жил бүр унаагаа юүлж суудаг хурган дарга нарын тансаглалыг зогсоохоос аргагүй нь. Аймгийн дарга нар гэж жил бүр шинэ загварын жийп унаж, алба аминых нь ажлаар долоо хоног бүр нийслэлийг зорьсон хүмүүс байдаг. Өмнөговь аймагт л гэхэд хэлтсийн дарга нар нь хүртэл жийп унадаг. Тиймээс ч тэднийг нутгийнхан нь “Жийп голдуу унаатай, жирийн биш төрийн хүмүүс” гэж хошигнодог гэнэ лээ.

Уг нь төрийн албаныхан жирийнээс жирийн, эгэл ардын албат мэт ажиллах учиртай хүмүүс. Учир нь тэдний сар бүрийн цалин, урамшуулал, нэмэгдэл бүрийг эгэл жирийн ардуудын татварын мөнгөнөөс олгодог. Иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, алагчилж ялгамжлалгүй үйлчлээрэй гэж цалинжуулдаг хүмүүсээ дорд үзэх хэр нь болж л өгвөл албаны нэрээр амин хувийн ажлаа давхар гүйцэлдүүлдэг муу зан төрийн албаныханд тэр дундаа унаа машин унаж, өндөр цалин авдаг том жижиг дарга нарт бий.

Тэдний урт хөл, унаа тэргийг чөдөрлөхгүй бол улсын сан хөмрөгөөс гарах үргүй зардал буурах нь юу л бол. Төрийн байгууллагынхны унадаг нэг автомашин жилдээ 3889 литр, сард 324 литр шатахуун хэрэглэдэг гэсэн тооцоо гарсан нь бий. Улсын төсвөөс санхүүждэг 432 байгууллага бензин шатахуунд 13,3 тэрбум, сэлбэг хэрэгсэлд 5,9 тэрбум, тээврийн хэрэгслийн даатгалд 0,5 тэрбум, нийт ашиглалтын зардалд 19,7 тэрбум төгрөг зарцуулсныг Аудитын байгууллагаас мэдээлсэн.

Энэ их хөрөнгө хэний ч хараа хяналтгүй, чухам ямар үр ашиг авчирсан нь тодорхойгүй урсаж байгаа болохоор төрийн албаны автомашиныг ялгамж заагтай болгохоос аргагүй. Харин дугаарын ялгарал  байх уу, эсвэл наалт стикертэй болгох уу.

Хамгийн бага зардлаар хамгийн оновчтой шийд гаргах хэрэгтэй байна. Эс тэгвээс тансаг зэрэглэлийн сууцны гадаа олон арван тансаг зэрэглэлийн машинууд эгнэдэг хэвээрээ, даргаа хүлээсэн жолооч цагийн турш машинаа асаасан чигээрээ үлдэж мэднэ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж