-Занданшуулсан шарил цорж Санжжавынх болохыг тогтоолоо. Бурханч лам Г.Пүрэвбатын хэлснээр шүтээн биеийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулнаа залах аж-
Улаанбаатар хотоос 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил /2015.01.27/ олдсон нь монголчуудын төдийгүй олон улсын анхаарал татсан асуудал байлаа. Хууль бусаар хил дамнуулан худалдах гэж байсан энэхүү хатмал шарилыг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлсэн өгсөн юм. Мөн тэр даруйд нь эрдэмтэн, лам хуврагуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, занданшуулсан шарил хэнийх болохыг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд эрдэмтэн, судлаач, лам хуврагууд шарилыг Итгэлт хамбынх, Гэсэр богд гэгээнтнийх гэхчилэн таамаглал дэвшүүлж байв. Тэгвэл бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь, цорж Санжжавынх болохыг тогтоосон гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ.
Олны анхаарлыг татаж буй занданшуулсан шүтээн биеийн талаар хэн юу хэлснийг болон шарилыг цаашид хэрхэх талаар "Нэг сэдвээр" булан тоймлон хүргэж байна.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:
-ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эртний занданшуулсан булш байж болзошгүй зүйлийг иргэн хүн хадгалж, худалдаалах гэж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэхүү мэдээллийн дагуу тухайн чулуужсан олдворыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс хурааж авсан. Хэргийн мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
/I.30. Эх сурвалж: News.mn/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга дэд дарга Ц.Гантулга:
-Шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төвд хадгалж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа.
/I.30. Эх сурвалж: News.mn/
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц:
-Ер нь бид эдгээрийн тухай хоёр янзаар бодох ёстой. Нэгийг нь бид авч шүтээн болгон уламжлуулж залж болох тал ч бий. Нөгөөх нь асар их энергитэй сайн бясалгалч хүмүүсийг байнгын ёс бусын зүйл гардаг, байгалийн их аюул, элдэв зүйл болдог газарт оршоогоод түүнээс хойш тухайн орон нутагт сайхан болсон зүйл бий. Тэд нарт огт гар хүрч болохгүй. Нутгийн хүмүүс энэ талаар ярьж хэлдэггүй, нууцлаад шүтээд явдаг. Тийм мэтийн шүтээнийг нь ховхлоод ирсэн байх вий дээ гэж жаахан зовж байгаа. Тиймээс орон нутагт хэрвээ нууцлаг шүтээнтэй бол түүнийгээ нэг эргээд, шалгаарай гэж захимаар байна. Хэрвээ энгийн шүтээн байсан бол түүнийг сэргээгээд буцаагаад залах хэрэгтэй юм.
/II.02. Эх сурвалж: Eagle.mn/
Далай ламын эмч Барри Керзин:
-Энэ хувраг “тукдам” хэмээн маш ховор бясалгал үйлдэж байгаа хэлбэртэй байна. Хүн ийм байрлалтайгаар гурван долоо хоногоос дээш хугацаагаар бясалгавал бие эрхтэн нь аажмаар агшина. Тэгээд үс, хумс, хувцаснууд нь бүгд хэвээр хадгалагдаж үлддэг. Хэрэв бясалгагч үргэлжлүүлэн “тукдам” хийвэл будда болж чадна.
/II.06. Эх сурвалж: “Telegrap”/
Бурханч лам Г.Пүрэвбат:
-Ажлын хэсгийн судалгаагаар олдсон шүтээн бие Гэсэр ламын баруун гарын шавь цорж Санжжавын шарил болох нь тогтоогдсон. Гэсэр лам болон түүний шавь Санжжав нарын занданшуулсан шүтээн бие Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулнаа байсан юм. Бид занданшуулсан шарил олдсон даруйд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь, цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил алга болсон байсан. Гэсэр лам болон цорж Санжжав нар өөрсдийн зандашссан газраас хөдлөхгүйгээр монгол орны хувь заяа, амар амгаланг болоод ард иргэдээ дааж хаана гэж гэрээсэлсэн учиртай. Тиймээс одоо цорж Санжжавын шүтээн биеийг буцаан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулнаа залах ёстой. Мөн цаашид Гэсэр лам болон түүний шавь, цорж Санжжав нарын шүтээн биеийг өндөр хамгаалалтад авах зайлшгүй хэрэгтэй гэдгийг энэ үйл явдал харууллаа.
/ I.06. News.mn/
Бэлтгэсэн Д.ЖАРГАЛ