Ерөнхий сайд Японыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.02.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Японыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчлал хийхээр өнөөдөр өглөө 08.00 цагийн орчимд “Чингис хаан” нисэх буудлаас мордсон. Харин түүнийг ямар гэрээнд гарын үсэг зурах гэж  байгаа талаарх албан ёсны мэдээлэл хомс байна.

Тэрбээр Ерөнхий сайд болсноосоо  хойш анх удаа МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Япон улстай хэлэлцээр хийгээд EPA хөтөлбөрт гарын үсэг зурах гэж байгаагаа  ярьсан юм. 

2015 оны нэгдүгээр сарын  28-ны өдөр өгсөн ярилцлагадаа  “Үйлдвэр хөгжүүлэх ажил жижигхэн зүйлээс эхэлж байгаа юм. Японтой хэлэлцээр хийгээд ЕPA хөтөлбөрт  2 дугаар сард гарын үсэг зурах гэж байна. Сая УИХ-ын байнгын хороотой зөвшилцсөн. Ийм жижиг зүйлээс эхэлнэ. Энэ жижигхэн хөнгөн цагаан хайлшаар хийсэн төхөөрөмж бол Canon гэдэг олон хувилах машин дотор ордог төхөөрөмж. Энэ төхөөрөмжийг Японоос эд ангийг нь оруулж ирээд энд манай “Санкотех” гэдэг компани угсарч байгаа юм. Энд угсарсан төхөөрөмжөө буцаагаад Япон руу явуулж байна. EРА хөтөлбөр батлагдахаар Японоос эд анги нь татваргүй орж ирнэ. Буцаагаад хийсэн төхөөрөмжөө Япон руу татваргүй гаргана гэсэн үг. Ийм жижиг зүйлээс Монголын үйлдвэрүүд хөгжих ёстой юм. Дараа нь эд ангиудыг Японоос оруулж ирэх биш өөрсдөө хийж угсраад, гаргадаг тогтолцоо руу явах хэрэгтэй.  Японтой хийж байгаа чөлөөт худалдааны гэрээ, дараа нь бусад улсуудтай хийх гэрээ Монголд ийм боломжуудыг өгнө. Монголчууд бол мундаг хүмүүс. Wolkswagen гээд дэлхийн том  компанийн үйлдвэрлэж байгаа машины жолооны хүрдний арьсан бүрээсийг хийдэг компанид ажилладаг хүмүүсийн ихэнх нь монголчууд байна. Тэр үйлдвэрийг Монголд байгуулж бүтээгдэхүүнээ Хятад юм уу, Европ руу гаргаж болно. Энэ жижиг чихэр бол Монголын жамц давсыг Японд аваачиж боловсруулаад хийсэн чихэр. Идэхэд жамц давсны амттай. Монголын жамц давстай чихрийг яагаад Японд үйлдвэрлэж байх ёстой юм. Технологийг нь оруулж ирээд манай үйлдвэрүүд үйлдвэрлээд, хэрэглээд сурчихсан Японы зах зээл рүү нь гаргах зэрэг жижиг зүйлээс эхлэх хэрэгтэй. Үүнийг бодлогоор, татвараар, хөрөнгө санхүүгээр дэмжсэн төрийн бодлого явах юм бол асуудал өөрөө шийдэгдээд явах бүрэн бололцоо байгаа юм” хэмээн ярьсан. Түүний ярилцлагад дурдагдсан EPA хөтөлбөрт энэ удаагийнхаа айлчлалаар гарын үсэг зурах магадлал өндөр  байна.

Ерөнхий сайдын айлчлал 9-11-ний өдрүүдэд үрлгэлжлэх юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзах, Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлээд байна.

 

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж