Монголын хоккейн холбооноос “Улаанбаатар цом” олон улсын тэмцээнийг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулав. Уг тэмцээнд Монголоос хоёр, ОХУ, Канадын нэг нийт дөрвөн баг цомын төлөө өрсөлдлөө. Тэмцээний аваргаар Монголын "Капитал" баг шалгарч, "Мобиком", Канадын багууд удаалав.
Алтан медаль: “Капитал” баг (гурван хожил)
Мөнгөн медаль: “Мобиком” баг (хоёр хожил, нэг хожигдол)
Хүрэл медаль: Канадын баг (нэг хожил, хоёр хожигдол)
IV байр: ОХУ-ын баг тус тус оров.
Тэмцээний шилдэг хамгаалагчаар ОХУ-ын Юри Никлай, Канадын Райн, довтлогчоор ОХУ-ын Руслин, хаалгачаар Германы Алекс Самаркин нар шалгарсан юм.
“Улаанбаатар цом-1015” тэмцээний шилдэг хаалгачаар шалгарсан Канадын багийн тоглогч Германы Алекс Самаркиний сэтгэгдлийг сонслоо.
–Танай багт Канад, АНУ, Герман гээд олон орны тоглогч багтжээ. Тоглолтууд хэрхэн болсон бэ?
-Уг тэмцээнд БНХАУ-ын баг оролцох байсан. Харамсалтай нь тодорхой шалтгааны улмаас баг бүрдсэнгүй. Тэгээд би энэ удаа Канадын багт тоглолоо. Манай багт Канад, Монголын тус бүр долоо, АНУ-аас хоёр, Германаас би оролцлоо. Гурван хоногийн тоглолт сайхан боллоо. Бид шийдвэрлэх тоглолтод ОХУ-ын багийг хожиж, хүрэл медаль хүртлээ. Мөн шилдэг хаалгач болсон нь миний хувьд гэнэтийн зүйл байлаа. Монголын тамирчидын хувьд ур чадвартай олон тоглогч байна.
– Гадаа талбайд тоглох ямар байна вэ? Бээжинд бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Би уг тэмцээнд орохын тулд Улаанбаатарт өнгөрөгч пүрэв гаригт (II.05) ирсэн. Тиймээс гадаа талбайд бэлтгэл хийж чадсангүй. Эхлээд тоглоход хэцүү санагдсан. Харин удалгүй дассан. Тоглолтын үеэр дулаахан байсан болохоор хүндрэл гарсангүй. Сүүлийн хоёр өдрийн тоглолтууд сонирхолтой байлаа. Бээжинд бид битүү дээвэртэй хоккейн талбайд тоглодог. Гэхдээ надад эрүүл агаарт тоглох нь сонирхолтой байсан.
-Хоккейн спортоор хэдэн жил хичээллэж байна?
-Анх 14 настайдаа хоккей тоглож эхэлсэн. Би одоо Бээжинд амьдарч байна. Тэнд их сургуульд Герман хэлний багшаар ажилладаг. Сүүлийн жил хагасын хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн. Тиймээс энэ тэмцээнд оролцохыг хүслээ. Үнэхээр сонирхолтой байна шүү.
-Монголд ирэх ямар байна вэ? Улаанбаатартай танилцаж амжив уу?
-Монгол, Хятад хүмүүс их өөр юм. Монгол хүмүүс их зочломтгой, найрсаг санагдлаа. Надад энд байх сайхан байна. Би маргааш буцаад Бээжин рүү явна. Гэхдээ ирэх зун ирнэ гэж бодож байна. Бээжин, Улаанбаатар адилхан утаатай юм. Харин Улаанбаатарт өдөртөө утаагүй байна. Бээжинд өдөр, шөнөгүй утаатай. Надад гадаа тоглосон ч гэсэн сайхан санагдлаа. Эрүүл цэнгэг агаар сайхан байна.
Ч.БОЛОР