Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнтэй удахгүй дэлгэцнээ гарч, олны танил болох гэж буй “Аймшигтай нүүдэл” шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Энэхүү кино нь телевизийн олон ангит кино бөгөөд 1975 онд бүтээсэн “Хүний амь” киноны гол дүрийн баатруудын XXI зууны амьдралыг дүрслэн гаргах ажээ. Сонирхол татсан шинэхэн киноныхоо талаар Жийгээ найруулагч ийн өгүүлж байна.
-Таны зохиолыг нь бичиж, найруулж буй шинэхэн киноны талаар сонирхолтой яриа чих дэлслээ. Монгол кинонд дурлагсдын андахгүй мэдэх “Хүний амь” киноны үргэлжлэлийг бүтээж байгаа гэж дууллаа. 40 жилийн тэртээ бүтээсэн киногоо үргэлжлүүлэх санаа сэдэл хэрхэн төрсөн бэ. Тухайн үед гол дурд тоглосон уран бүтээлчид таны шинэ бүтээлд бамс тоглож байгаа гэл үү?
-Тийм ээ. Санаа сэдлийг бол урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар нэлээд эрт хэлж байсан юм. Гүрбазар чинь 40 жилийн өмнө хийсэн “Хүний амь” киноны гол дүр Саруулд тоглосон юм шүү дээ. “Манай киноны багийнхан бүгд сэрүүн тунгалаг байгаа юм байна шүү дээ. Ахмадуудаас А.Очирбат гуай, Ц.Цэнд-Аюуш, Н.Сувдаа эгч байна. Гол дүрийн баатрууд ч бас байна” гэсэн. Тэр үед төдий л анзаараагүй ч 40 жилийн өмнө бүтээсэн дүрүүд маань өнөөдөр XXI зуунд хэн хэн байж болох вэ гэж ургуулан бодож эхэлсэн. Ардын жүжигчин П.Цэрэндагвын тоглосон Лхүндэвийн дүр бол рецидив гэмт хэрэгтэн шүү дээ. Өнөө ч тэр л байдлаараа үргэлжилж, бүхий л бусармаг хэргийн ард нуугдсан нууц ноёнтон байх магадлалтай санагдах болсон. Харин Төрийн шагналт Ц.Төмөрбаатарын бүтээсэн Эрдэнийг хуульч мэргэжилтэй, улсад томоохон алба хашдаг байж болохоор төсөөлсөн л дөө. Учир нь “Хүний амь” кинон дээр Эрдэнийн аав нас барахдаа ээжид нь “Ганц хүүгээ хуульч болгох юм шүү” гэж захидаг л даа. Тэр дагуу Эрдэнэ хуульч болсон төдийгүй МХЕГ-ын дарга болсноор дүрсэлсэн. Саруул буюу Гүрбазарын хувьд гадаадаас хүнс импортолдог “Алтан гинж” компанийн захирал болчихсон явах жишээтэй. Тэр нь өөрийнх нь ч компани биш Лхүндэвийн заавраар ажилладаг хулхи компани байж таарч байгаагаар дүрсэлсэн. Үүний хажуугаар МХЕГ-ын шударга байцаагч Орших, эрэн сурвалжлах сэтгүүлч Гэрэл нарын дүрийг цогцлоосон.
Энэ киног хийх үндсийг тавьж, бололцоог олгосон хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Батсайхан юм. Яруу найрагч, зохиолч П.Батсайхан Завхан аймгийн МХГ-т ажилладаг хүн л дээ. Хоёр зуу гаруй сайхан дуутай уран бүтээлч бий. Тэрбээр Завхан аймгийнхаа театрт хэд хэдэн жүжиг тавьсан. Харин энэ удаа Мэргэжлийн хяналтын байгууллагын үнэн мөнийг харуулсан кино хийх хэрэгтэй байна гэж надад санал тавьсан. Ингэж л энэ кино бүтэх бүхий л нөхцөлд нь бүрдсэн дээ.
-Сонирхолтой юм. 40 жил гэдэг урт хугацаа. Энэ урт хугацаанд таны “Хүний амь” киноныхон элэг бүтэн байгаа төдийгүй киноныхоо үргэлжлэлийг бүтээж байна гэдэг сайхан санагдлаа?
-Тийм шүү. Сайхан хэрэг. Гэхдээ энэ киног “Хүний амь” киноны хоёрдугаар анги, эсвэл үргэлжлэл гэж ойлгож болохгүй. Тусдаа бие даасан кино. Гэхдээ 40 жилийн өмнөх дүрүүдээс бүрдэж байгаа юм. Гол нь киног ивээн тэтгэж, анхны санааг бүтээсэн П.Батсайханы хүссэнчлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үүргийг олонд таниулахыг зорьсон. Их ч материал үзэж судалсан. Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг бол үнэндээ чухал газар юм билээ. Монгол Улсын бүхий л салбарын зүй зохистой ажиллагааг хангахад анхаардаг төдийгүй улсын тусгаар тогтнолыг сахин хамгаалах үүрэгтэй юм билээ. Гэхдээ би кинондоо үндсэн гурван салбарыг онцлон тусгасан. Уул уурхай буюу газар нутгийн бүрэн бүтэн байдал, барилга, хүнсний аюулгүй байдал гэсэн гурван салбарыг онцолсон. Эдгээрийн дотроос газар нутгийн бүрэн бүтэн байдлыг илүүтэй тусгая гэсэн саналаа П.Батсайхан болоод МХЕГ-ын дарга Д.Батмөнхөд дуулгасан. Тэд ч “Та хүссэнээрээ л киногоо бүтээ” гэсэн. Ингээд л кино зохиолдоо орсон доо. Эртнээс бодож явсан 40 жилийн өмнөх дүрүүдээ өнөөгийн нийгмийн өнгө аяс, МХЕГ-ын үйл ажиллагаатай холбосон. Ингэж л зохиол гарч ирсэн.
-Киногоороо чухам юүг илэрхийлэхийг хүссэн бэ. Чухам яагаад “Аймшигтай нүүдэл” гэж нэрлэсэн бэ. Киног бүтээхэд хүндрэл бэрхшээл юү байсан бэ?
-Кинондоо өнөөгийн Монгол орны улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг далимдуулан давуу эрхээр хаацайлан, хүссэнээ хийж болдог тогтолцоо үүсч, цөөн эрх мэдэлтнүүд бүхнийг өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн байгаа бусармаг байдлыг л дүрслэхийг хүссэн. Монгол хүн бүрийн насан туршдаа эрхэмлэн хайрлаж явдаг ариун шүтээн болбоос өсч өндийсөн нутаг ус, газар шороо нь байдаг. Өдөр ирэх тусам аюул нүүрлэсээр байгаа аймшигтай нүүдлийн цаана эх орны хувь заяа, зон олны аж амьдрал байдаг тухай кинондоо өгүүлэхийг зорьсон. Эндээс “Аймшигтай нүүдэл” гэх нэр урган гарсан.
Уг нь анх нэг л ангитай кино бүтээхээр ажлаа эхлүүлсэн боловч яагаад ч нэг ангид багтахааргүй болсон. Зургаа авах тусам л хүрээ нь тэлээд бараг долоон анги кино болсон. Энэ бүгдийг нэг ангид багтааж амжихгүй учраас зурган ангит кино болгосон. Кино бүхэн өөрийн түүхтэй бүтдэг. Хүндрэл мэр сэр гарсан. Гэвч тэр бүхнийг даван туулж чадсан.
-Киноны зохиолыг харахад, анги бүр нь өөр өөр нэртэй байх нь ээ?
-Тийм. Эхний анги Гармаа гэдэг нэртэй. Гармаа бол аймгийн дарга хүн. “Гэрэлт ирээдүй” группийн ерөнхийлөгч Лхүндэв нарын шуналын уршиг, уул уурхайн ашиглалтын буруугаас малаа бэлчээх газаргүй, тайван амьдрах аргагүй болж байгаа эгэл малчдын тухай ч энд өгүүлнэ.
Хоёрдугаар ангиа Саруул гэж нэрлэсэн. Уншигчид санаж буй бол “Хүний амь” кинонд Саруул, Лхүндэв, Эрдэнэ нар хүний амь бүрэлгэсний улмаас шийтгүүлдэг. Эрдэнийг насанд хүрээгүй хүүхэд гэдгээр нь тэнсэн өгч, нөгөө хоёрыг нь ялладаг шүү дээ. Саруул өдгөө ч Лхүндэвийн савраас мултраагүй төдийгүй түүний заавраар хуурамч компани байгуулж, буруу үйл хийсээр байгаагаар дүрслэгдэнэ. Сүүлдээ Саруул амь үрэгдэнэ. Дараа дараагийн ангиуд Жамух, Лхүндэв, Эрдэнэ, Орших гэхчилэн киноны баатруудаар нэрлэгдсэн.
-Кино дуутай юу?
-Дуутай. П.Батсайхан үгийг нь бичиж, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров аяыг нь зохиосон “Хайрын уянга” гэдэг дуу бий. Киноны хөгжмийг бол Ганхөлөг гэж залуу бичсэн.
-Кинонд нэлээд хурц асуудлыг хөндөн тавьсан юм байна. Нийгэм, улс төрийн өнөөгийн бусармаг байдлыг гаргаж. Хурц асуудал хөндсөн аливаа бүтээлийг хөндлөнгөөс хүмүүс дүгнэхдээ хэн нэгний захиалга биш үү гэж хардах нь бий шүү дээ?
-Энэ кинонд хэний ч захиалга байхгүй. Захиалга ерөөсөө ч биш. Уран бүтээлч хүний хувьд төдийгүй эгэл жирийн иргэн хүний хувьд миний сэтгэлийг зовоож байгаа асуудлыг л хөндөн гаргасан хэрэг. Миний анх бүтээсэн “Анхны алхам” кино ч мөн адил тэгж л бүтсэн. Намайг сургууль төгсөж ирэхэд “Монгол кино” нэгтгэлийн удирдлагууд өмнө авч байсан цалинг өгч ажиллуулахаар болсон. Тэгэхэд би “Уучлаарай, би бүтэн таван жил сурахдаа хуучин цалингаа авах гэж сураагүй” хэлж байсан. Тэр бүхнээс “Анхны алхам”-ын санаа сэдэл төрж байх жишээтэй. Уран бүтээлч хүний үүрэг бол нийгэмд болж бүтэхгүй байгааг гаргаж ирэх гэж би боддог. “Хүний амь” кино ч мөн олон даваа давж байж дэлгэцэнд гарсан. Далаад онд гэмт хэрэг их гарч байсан хэдий ч нэг намын үзэл суртал их хүчтэй байснаас “Нийгмийн хар барааныг гаргалаа, дэлгэцэн дээр муу муухайг мандууллаа” гэж шүүмжлээд гаргахааргүй байсан. Харин Цагдан сэргийлэх газын дарга байсан Бүдрагчаа гуайд их баярлаж явдаг. Тэр хүн главлитын хурал дээр “энэ бол их чухал сэдэв байна. Хөндөн гаргахад бруудах зүйлгүй” гэж өмгөөлж, цээжээрээ хамгаалж байж зөвшөөрүүлсэн юм. Главлитын гишүүн нэг эмэгтэй надаас “Жигжидсүрээн, хүн алсан хүн ямар байдгийн бэ” гэж хүртэл асууж байсан. Би хариуд нь “Би хүн алсан биш яаж мэддэг юм” гэж адарч байсан юм. Адармаатай хүн байсан юм уу даа, би. Гэвч саад бүхнийг давж байж уран бүтээлч болдог юм.
-Социалист нийгмийн үед уран бүтээл төрөхөд цензур, шаардлага өндөр байжээ. Түүнийг давчихвал дараах бүх зүйл тодорхой байсан. Харин одоо бол кино бүтээхэд хөрөнгө санхүү гэж хүндхэн даваа байна уу даа?
-Хэлээд яахав. Хөрөнгө санхүүгийн асуудалд хамгийн их сэтгэл гаргасан хүн бол П.Батсайхан юм шүү дээ. Цалингийн зээл хүртэл авч энэ киног бүтээсэн продюсорынхоо хичээл зүтгэлийг үнэлж, бага ч атугай орлого олж өгөхсөн гэж бодож байгаа.
-40 жилийн өмнө таны кинонд тоглосон хүмүүс шинэ киноны тань дүрийг бүтээж байгаа. Тэдний зүгээс зүрх сэтгэлийнхээ дуудлагаар үнэ хөлс багатайхан тоглож өгсөн болов уу?
-Энэ кинонд миний гурван үеийн шавь нар тоглосон. Би чинь УБДС-ийн 1974-1978 оны УБДС-ийн кино драмын ангийн анхны төгсөлтийнхөнд уран чадварын багшаар ажиллаж байлаа. П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар нар тэр ангийн оюутнууд бол Ш.Гүрбазар монгол хэл, уран зохиолын ангид сурч байсан юм. Дараагийнх нь СУИС-ийн оюутнууд. “Guys 666”-ын дуучид болон залуу жүжигчин Ч. Болд нар миний шавь шүү дээ. “Аймшигтай нүүдэл”-д ч мөн Ч.Болд, Х.Бат-Ундрал нар маань тоглосон. Отгон шавь нараас бас тоглосоон. Одоо КУДС-ийн кино найруулагчийн гуравдугаар курсын оюутнуудаас маань энэ кинонд гар бие оролцсон. Гурван үеийн оюутнууд маань оролцсон кино гэдгээрээ бас онцлог. Ардын жүжигчин хүнийг оюутан гэж хэлж болж байна уу, гүй юү. /инээв Асуусанд тань хариулт болгоход өнөөдөр жүжигчин хүн бол хөдөлмөрөө үнэлүүлж чаддаг болсон байна. Өндөр үнэ хөлс нэхсэн ч түүндээ тохирсон хөдөлмөр эрхэлж, тултал нь тоглодог хүмүүст бол гомдох юм алга. Гэтэл аманд орсон тоогоо хэлсэн хэр нь ажил цалгардуулдаг хүмүүс ч байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Нэр заагаад яахав, гэхдээ л ийм хүн байна. Ер нь манай кино телевизийн систем чинь ямар төрөлжилт, зэрэглэл алга. Гадаадын улс оронд бол зэрэглэл гэж чухал юм байдаг. Тэр хүн дэлхийн хэмжээний жүжигчин үү, эсвэл улс орны хэмжээнийх үү, хотын хэмжээнийх үү гэдгийг заасан катагори бий. Жүжигчдийн хандах хандлага хуучнаас их өөр болчихжээ. Ер нь бол хүмүүсийн энэ хандлагаас халшраад л байдаг боллоо. Яг зураг авах болоход яах гэж байгаа нь мэдэгдэхгүй их зан гаргаад алга болчих ч хүмүүс таарч л байна. Энэ бол уран бүтээл болгонд тохиолддог бэрхшээл болов уу даа.
Д.ЦЭЭПИЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин