Тайваний “TransAsia” компанийн “GE235” нислэг өнгөрсөн лхагва гаригт Шиньбэй хотын Кеелунг голд унаж осолдсоноос 40 хүн амь үрэгдэж, гурван зорчигчийг хайж байна. Ослын дараа “TransAsia” компани “ATR” загварын онгоцоор үйлддэг 90 нислэгийг цуцалж, нисгэгчдээ сургалтад хамруулан дадлагажуулж байна.
“TransAsia” компанийн “ATR” загварын онгоцоор нислэг үйлддэг 71 нисгэгчийг дөрвөн өдрийн сургалтад хамруулжээ. Түүнчлэн Тайваний иргэний агаарын тээврийн удирдах газраас “TransAsia” компанийн нисгэгчдээс ур чадвар, гадаад хэлний тест авч, “ATR”-ийн 22 онгоцны хөдөлгүүр, шатахууны системд үзлэг хийсэн байна.
Үүний зэрэгцээ Тайваний албаныхан “ATR 72-600” онгоц осолдох үед хөдөлгүүрүүд унтраатай байсныг олж мэдсэн байна. Нисгэгчид онгоцны хос хөдөлгүүрийн нэг нь ажилгаагүй болсны дараа үлдсэнийг нь унтраасан гэдэг нь хар хайрцагны мэдээллээс тодорхой болжээ. Гэтэл “ATR 72-600” онгоц нь нэг хөдөлгүүрээр ч нислэг үйлдэх боломжтой байдаг аж. Тайпей хотоос Кинмен арал хүрэх байсан онгоцонд 58 хүн зорчиж явжээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА