&#34Rucker Park&#34-ийн хаан Сэнгүр лигт

Хуучирсан мэдээ: 2015.02.08-нд нийтлэгдсэн

&#34Rucker Park&#34-ийн хаан Сэнгүр лигт

Монголын сагсан бөмбөгийн лигт анхны легионер тамирчин тоглох болсон нь 2001-2002 оны улирал байлаа. Тэр үеийн “Сод Монгол Дизель” баг ОХУ-ийн Эрхүү хотын Ирмак клубээс 2 метр өндөр, төвийн тоглогч Андрей Рижковыг багтаа нэгтгэсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын хувьд шуугиан тарьсан үйл явдал байв.  Монголын анхны  легионер Андрей ч удалгүй манай лигийн шилдэг төвийн тоглогчдын нэгт зүй ёсоор багтан, түүний самбар доорх хамгаалалт  ч тухайн үеийн манай лигт аюул учруулж байв. Түүнчлэн “Бүх оддын тоглолт”-ын Slam Dunk тэмцээнд гурвантай түрүүлж нэг үе монголын цагираган дээрээс довтлох тэмцээнийг /Бат Орших, Эрдэнэба нарын шилдэг данкчид байсан ч /  түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй үе байв. Тоглолтон дундуур цагираган дээрээс довтлох өдрийн од мэт байсан тэр үед Шараваа, Андрей нар л “dunk” хийдэг байв шүү дээ. Монголын лиг дэх легионер тоглогчдын эхний давалгаанд манай оронд гадаадын төслийн байгуулагын шугамаар ирсэн сайн дурын  ажилчид зарим нэг багуудад мэр сэр хамрагдан тоглож байсныг орхигдуулж болохгүй. Гэвч тэднийг Андрей Рижковын адил багийн үндсэн тамирчин, гэрээт легионер гэж дүгнэхэд учир дутагдалтай.

Харин Монголын сагсан бөмбөгийн дээд лиг дэх легионерийн хоёр дах давалгааг  “Милл Хаус” компанийн “Аватар” баг эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй болов уу? Аватар баг 2011-2012 оны улиралд Кимерли Уильямс, Кларенс Жеффери, Лэкс Жеймс нарыг багтаа тоглуулах болсноор Монголын лигийг зорих Америк сагсан бөмбөгчдийн эрин эхэлсэн билээ. Легионер сагсан бөмбөгчдийн хоёрдугаар давалгаанд хамрагдах тамирчдыг ахлах сургуулийн шигшээ баг болоод оюутны лигийн баг, Филиппин зэрэг Азийн дундаж лигүүдэд тоглож байсан тамирчид,  тэр байтугай ямар нэг лигт тоглож байгаагүй гудамжны сагсчин залуус ч бүрдүүлж байв. Энэ үеийн легионерүүд ур чадварын хувьд “топ” зэрэглэлд багтах тамирчид биш хэдий ч МҮСБХ-ны дээд лигийг үзүүштэй өрсөлдөөнтэй болгоход үлэмж хувь нэмрийг оруулсныг дурдах нь зүйн хэрэг. Өдгөө Монголын сагсанбөмбөгийн дээд лигийг легионер тамирчид тэр дундаа “өнгөт арьст” сагсчдаар төсөөлөхгүй байхын аргагүй болжээ.

Үндэсний дээд лиг дэх “плэй офф” аваргын цомын төлөөх өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр багийн эзэд, хөрөнгө оруулагчид солилцоо наймааны цонх, гаднаас ирэх легионер тамирчдын чансаанд улам анхаарах болсон нь легионерийн 3 дах давалгааг хүссэн хүсээгүй эхлүүлэв. Гуравдугаар буюу илүү хүчтэй, илүү өндөр давалгаа Монголын сагсан бөмбөгийг хучсан нь Сэнгүр лигийг зорих  “NBA”-ийн тоглогчдын цуваа байв. Анхлан  НБА-ийн  2011 оны драфтын хоёрдугаар тойргийн 56 дахь сонголтоор Лос-Анжелес Лейкерс багт хуваарилагдаж асан Нигерийн иргэн Чуквудиебере Мадуамбум 2013-2014 оны улиралд Хасын Хүлгүүд багт хүчин зүтгэсэн бол эл улиралд Харцага багт хүчин зүтгэх болсон  "New Orleans Hornets" багийн экс тоглогч  Карлделл Жонсон, мөн НБА-гийн "Мемфис Гриззлис", "Шарлотт Бобкатс", "Сиэтл Суперсоникс" багуудад 2007-2008 оны улиралд тоглож асан  Андре Браун нар Монголын сагсанбөмбөгийн лигт тоглох болсноор далайн чинад дахь НБА бидэнд улам л ойртсон. Гэвч энэ бүхэн ердөө л эхлэл байв. Дээр дурдсан гурван сагсчин НБА-д данстай тамирчид байсан нь үнэн ч холын монголчууд битгий хэл америкийн сагсан бөмбөг сонирхогчдын танил тамирчид хараахан биш байв. Харин өнгөрөгч долоо хоног Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудас нэмэх үйл явдал болсон нь домогт Лос Анжелэс Лэйкэрс багийн  үндсэн холбон тоглогчоор хоёр улирал буюу 2005-2006 оны улиралд 82 тоглолтод бүгдэд нь, 2006-2007 онд 82 тоглолтоос 80 тоглолтод гарааны үндсэн холбон тоглогчоор Коби Брайнттай хослон тоглож талбай дээр дунджаар 38 минут тоглон 11,5 оноог дунджилж байсан гаргасан тодоос тод амжилт, дуурсгасан томоос том нэртэй нэгэн Мадимос Шонхорууд  багт эхний тоглолтдоо оролцсон явдал байлаа.  Смүш НБА-д тоглох мөрөөдлөө домогт Лэйкерс багийн гарааны бүрэлдэхүүнд, ирээдүйн алдрын танхимын гишүүн Кобегийн хамт мөр зэрэгцэн тоглосноор биелүүлчихсэн учир шинэ зорилгыг өөртөө нээжээ. Түүний зорилго нь сагсан бөмбөг эд тоглох насан дээрээ дэлхийг тойрон олон улсын лигт хүчин зүтгэх. Сэнгүр лиг13 дахь лиг нь.

2002–2003

Cleveland Cavaliers

2003–2004

Aris (Greece)

2004–2005

Detroit Pistons

2005

Florida Flame (NBDL)

2005

Phoenix Suns

2005

Florida Flame (NBDL)

20052007

Los Angeles Lakers

2007–2008

Miami Heat

2008

Los Angeles Clippers

2008

Rio Grande Valley Vipers (D-League)

2009–2010

Guangdong Southern Tigers (China)

2010–2011

Spartak Saint Petersburg (Russia)

2011

Iraklis (Greece)

2012

Petrochimi Bandar Imam (Iran)

2012

Guaros de Lara (Venezuela)

2012

Indios SFM (Dominican Republic)

2012–2013

Cibona (Croatia)

2013

Peristeri (Greece)

2014

Guaros de Lara (Venezuela)

2015

Madimos Shonkhoruud (Mongolia)

 

Смүш Паркерийн талаар  Score студийн аналист Б.Төмөрөөс сэтгэгдлийг нь сонирхоход:

Түүх соёл, эзэн Чингис хаан дэлхийд эх орноо таниулах брэнд мөн боловч  Монгол олон хүний хувьд нууцлагдмал орон хэвээр байна. Тэр дундаа Монголын спортын талбар. Харин сүүлийн 10-аад жилийн хугацаанд Монголын  спортын амжилт өндөр хэмжээнд гарч  дэлхий дахинд нээгдэж  танигдаж байна. Монголд тоглосон тамирчид ч нутагтаа буцаад монголын талаарх мэдээллийг их түгээж байна. Смүш Паркер Монголд ирсэн явдалыг дэлхий нийт алдарт Лэйкэрс багийг Монголын лигтэй холбон ярих сэдэв болж байна. Энэ бол Монголын сагсан бөмбөгийг дэлхийд таниулах маш том сурталчилгаа. Өнөөгийн сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус Смүшийг эд гялалзаж байсан үеийг мэдэхгүй байж магад. Тиймээс НБА-ийн өнөөгийн холбон тоглогчдоос хэн нэгэнтэй зүйрлэвэл “ОКС”-ийн Режжи Жексонтай зүйрлэхийг хүсэж байна.

Смүш Паркерийг бид домогт Кобе Брайнтын холбон тоглогч байснаар л гадарлах ч үнэндээ тэр бол НБА-д хэсэгхэн хугацаанд гялалзаад бөхсөн од бус Нью Иоркийн гудамжны сагсан бөмбөгийн өнөө цагийн хаан нь аж.

  Гудамжны сагсан бөмбөг сонирхогчдын дунд ихэд алдартай "Rucker Park" буюу мэргэжлийн сагсан бөмбөгчдийн гэр гэж нэрлэж болохуйц тус парк нь Нью Иорк хотод байрладаг. Америкийн сагсан бөмбөгийн түүхэн дэх олон алдартнуудыг төрүүлсэн учраас, ахлах сургуульд байхаасаа тэд тус паркд ирж тоглож, чансаагаа сорьдог болсон нь энэ паркыг алдартай болгожээ. Сагсан бөмбөгийн түүхэнд Rucker Park-ийн шилдэг 24 тоглогч гэх жагсаалт хүртэл бий.

Wilt Chamberlain,  Kareem Abdul-Jabbar, Julius Erving, Allen Iverson,  Kobe Bryant  гээд олон алдартнууд энд сагсан бөмбөг тоглож байв. Харин нэрийн тухайд гэвэл 1950 онд Holcombe Rucker хэмээх багш эр амьдралын бололцоо муутай хүүхдүүдэд зориулж санаачилсан учраас түүний нэрээр нэрлэсэн ажээ. Үүнээс хойш хэдхэн жилийн дараа өнөөх хүүхдүүд ч өсч том болж улмаар Wilt Chamberlain гэх мэт НБА гийн шилдэг тоглогчид болсон аж. Rucker 1965 онд хавдарын улмаас насан өөд болсон боловч түний дурсгалыг хүндэтгэн энэхүү талбайг нэрээр нь нэрлэжээ.  Гудамжны сагсан бөмбөгийн энэхүү домогт талбайн өнөө цагийн зүй ёсны “Хаан” нь Нью Иоркийн унаган хүү Смүш Паркер ажээ.

Тэрээр манай сэтгүүлд Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцахдаа:

“Дэлхийн олон орноор явах хүсэлтэй байдаг. Монголоос тоглох урилга ирснийг хүлээж авахад таатай байсан. Эхний тоглолтод орохгүй гэж байсан ч хүлээж байсан хүмүүс их байсан болохоор тоглосон. Дараа дараагийн тоглолтдоо алж өгнөө. Паркер гэж хэн бэ гэдгийг харуулна. Нью Иоркод гудамжны сагс гэж бий. Би хаан нь. Намайг тоглож байгаа газар надаас өөр хүн тоглодоггүй. Намайг явсны дараа тоглох эрхтэй байдаг” хэмээн ярьсан юм.

Ү.ГЭРСЭНЗ

Эх сурвалж: "ТОЙМ" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж