Д.Эрдэнэбат: Аж үйлдвэрийг үе шаттай хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.08-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Аж үйлдвэрийг үе шаттай хөгжүүлнэ

Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдан ажиллах болсноор хоёр сар гаруйн хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд тус яамныхан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Бодлогод тус салбарын хөгжил хэрхэн туссан талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Бодлогод аж үйлдвэрийг хөгжүүлэх үзэл баримтлал хэрхэн туссаныг тодруулахгүй юу?

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын аж үйлдвэр ямар бодлого, зарчмаар ажиллаж, ямар үр дүнд хүрэх юм бэ гэдэг суурь баримт нь болох юм. Эхний ээлжинд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох шинэ техник технологи, инновацийг ашигласан үйлдвэрүүдийг төрийн бодлогоор түлхүү дэмжихээр бодлогод тусгасан. Энэ нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нэгдүгээр үе шат буюу 2015-2020 он хүртэл баримтлах бодлого гэж ойлгож болно.

Хоёрдугаар үе шат буюу 2020-2025 он хүртэлх хугацаанд экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин байгууламж, химийн үйлдвэрлэлийн эхлэлийг тавина. Гуравдугаар үе шат буюу 2025-2030 онд мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлж, технологийн экспортыг эхлүүлэх зорилт тавьсан байгаа.

-Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд тогтвортой урт хугацааны бодлого тууштай хэрэгжихээс гадна хөрөнгө их шаардана. Энэ асуудлыг бодлогод хэрхэн туссан бэ?

-Бодлогод дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг ихтэй боловсруулах үйлдвэрийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжихээр тусгасан. Тэдгээрийг тусгай сангаас дэмжихээр зааж өгсөн. Аж үйлдвэрийг дэмжих тусгай сангийн эх үүсвэрийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээр нэмэгдүүлж байх юм. Нөгөөтэйгүүр, татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

-Намрын чуулган завсарлахаас урьтаж, УИХ бодлогыг хэлэлцэж эхэлж чадах уу?

-Амжихгүй. Гэхдээ УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд орж ирнэ.  Бодлогын баримт бичиг батлагдсаны дараа эрх зүйн зохицуулалтуудаа хийгээд явна. Та бүхэн мэдэж байгаа одоо УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Намрын чуулганаар уг төсөл батлагдчихвал хавраас эхлээд асуудал шийдэгдээд явна.

-Чөлөөт бүсийн тухай хууль нь хөгжил дагуулж чадах уу. Одоо хэрэгжиж байгаа хуулиас юугаараа давуу вэ?

-УИХ-аас баталсан өмнөх Чөлөөт бүсийн тухай хууль захиргааны удирдлагын зохицуулалтыг түлхүү тусгасан байсан. Бас хөрөнгө оруулалтыг зөвхөн төрөөс л хийнэ. Иймэрхүү хүлээс байснаас өнгөрсөн 10 жил чөлөөт бүс хөгжөөгүй. Тиймээс энэ хууль цэвэр эдийн засгийн либералчлал тал руугаа давамгайлсан. Чөлөөт бүсэд ямар нэг татвар, давхар хяналт байхгүй болж арилжаа наймаа эрхлэх боломж нээгдэж байгаагаараа онцлог. Та бүхэн хуулийн хэлэлцүүлгийг анзаарсан байх. Гааль байхгүй юм уу, Мэргэжлийн хяналт байхгүй юм уу гэх мэтээр асууж байгаа. Энэ бол чөлөөт бүсэд ямарваа нэгэн үйлдвэрлэл худалдаа хийхэд чөлөөтэй байх нөхцлийг бий болгож байгаа зохицуулалт юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж