Би хичээлдээ явах хэрэг байна уу

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Би хичээлдээ явах хэрэг байна уу

Саяхан охинтойгоо Өргөө театрт “2012” гэж кино үзэв ээ. Одоогоос хоёр жилийн дараа усан галав юүлж байгааг компьютер графикаар хачин сайн дүрсэлсэн кино үзчихээд гэр лүүгээ алхах замдаа охин маань “Аав аа, би ер нь хичээлдээ яваад хэрэг байна уу” гэж их нухацтай асууж билээ. Эхэндээ би элгээ хөштөл инээсэн. “Миний охин хоёр жил юу хийх юм бэ, хичээлдээ явж л бай. Уйдна шүү дээ” гэлээ. Өөрөө дараа нь бодлоо нээрээ, энэ чинь юу билээ. Үнэхээр хоёр жилийн дараа юу болох бол?


            Кино гэдэг бүхэл бүтэн ертөнц. Сэтгэл догдлуулж, зүрх шимшрүүлж, хамаг биеийн шар үс босгож, элэг хатааж, нус нулимстай хольдог өнгөтэй бас өнгөгүй аугаа ертөнц. Эрт эдүгээг хослуулан, үлгэр үнэн хоёрыг сүлж, үзэн ядалт болоод хүсэл шуналыг өдөөдөг гайхалтай ертөнц. Энэ ертөнц амьдралд огт байгаагүй, байж болохооргүй зүйлийг ч оюун санаанд илби шидийн хүчээр шингээдэг билээ. Кино бол ад мөрийн гэлтэй увдисаар хүний зүрх сэтгэлийг эзэмддэг. Ялангуяа нийгмийн боловсролгүй, төлөвшөөгүй хэсэг киног шууд утгаар нь хүлээн авах нь элбэг. Хүүхэд залуус сэтгэл татам үйл явдалд нь автаад зогсохгүй шууд хайрлан дурлаж, үзэн ядаж, даган дуурайх нь наад захын явдал.


            Сүхбаатар кинонд оточ өвгөний дүр бүтээсэн жүжигчнийг чулуугаар нүүлгэж явсан жаалууд одоо өөрсдөө өвгөн болчихсон томоогүй насаа дурсан инээж суугаа биз. Харин манай үеийн хөвгүүд бүгд шахуу Хон Гиль Дон шиг лимбэ үлээж, хөл гараасаа тугалга зүүгээд үсэрч харайн, кунфугаар өвчилж явцгаасан улс. Дараа нь хонгил подволь болгонд Хонконгийн видео кино гарч банди нар тэр аяараа Брюс Ли шиг каратегаар хичээллэсэн дээ. Киноны үйл явдал хэдий чинээ хурц байна, төдий чинээ хүмүүсийн ухамсарт шууд нөлөөлдөг бололтой юм.


Монгол кино үйлдвэр гэж байхдаа олон сайхан бүтээл гаргасан. Харин “Бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь кино” гэдэг Лениний үгээр лоозон хийсэн үзэл суртлын зэвсэг байсан болохоор түүхийг мөн ч их гуйвуулсан даа. Тэрхүү уран сайхны гуйвуулга одоо хэр нь үнэн түүх мэтээр хүмүүсийн ухамсарт шингэжээ. Д.Сүхбаатар гэж хорин хэдтэй залуу сайхан сэтгэлт оросын тусламжаар Монгол орныг аварч жаргалын замд нь оруулан цэнгэлийн манлайд хүргэнэ. Эсвэл киноны гол дүрүүд Гоймон Баатартай онжавууд байх нь элбэг. “Аа, Гоймон Баатар уу, жавхаатай эр дээ” гэдэг Дарьбазар бол наад захын жишээ. Энэ мэтийн кинонд түүхийн ном сонин олж хараагүй, харахыг ч хүсдэггүй үзэгчид одоо хэр итгэсээр л яваа. Жагсаалын цэргийнхээ эхнэрт ямар торго зохихыг хүртэл анддаггүй Сүхбаатарт эргэлздэг юмаа гэхэд хувьсгалыг ганцаараа гардан хийсэн гэдэг бодолтой хүнийг ганцхан кино л төрүүлж чадна. Энэ бол үлгэр үнэн хоёрыг сүлдэг ертөнц билээ.


Хэдхэн жилийн өмнө бид улс Монголоороо “Халтар царайт” үздэг байв шүү дээ. Одоо хэр нь монголчууд шуудайгаар хийсэн том торыг “кандиляриа” гэж нэрлэдэг. Бидний дунд Чухамдаа бол Ленин үнэн хэлсэн юм билээ. Кино нийгэмд тахал шиг нөлөөлдөг. Бөө удганаар дүүрсэн Монголд “2012” кино шууд тусгалаа олж байна. “Хоёр жилийн дараа усан галав юүлнэ гэж би та нарт сануулсан шүү, надад ирж мөргөхгүй бол хохь нь” гэж хэдэн цагийн турш зурагтаар гунганаж байгаа сэтгэцийн гажигтай авгайд кино уран сайхан талаасаа буухгүй. Харин ч хүн айлгаж мөнгөтэй болох аятайхан далим олж хараад дарин дээр давс нэмнэ. Тэр кино гарах үеэр христийн сүмийнхэн мөн ч их идэвхжсэн дээ. Ганц миний охин ч биш, олон үзэгчийн сэтгэл тэрүүхэндээ хямраад явчихсан. Тоглоом шоглоомоор ярьж байгаа мэт боловч нээрээ усан галав юүлбэл яана гэдэг айдас хүн бүрийн сэтгэлийн угт эгнэгт хадагджээ. Кино бол сэтгэл донсолгож, жихүүдэс төрүүлдэг ертөнц билээ.


Байгаль дэлхийгээ экологийн сүйрлээс аваръя гэж улс төрчид хичнээн хашгираад ямар ч нэмэр алга. НҮБ, Их найм гээд энэ бөмбөрцгийн хамаг л хүчтэй байгууллагууд уриалаад, ухуулаад “илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ” гэдэг шиг нүдэн балай чихэн дүлий байлаа, хүн төрөлхтөн. Харин Жеймс Камерун “Аватар” киногоороо учир тоймгүй их мөнгө олонгоо энэ санааг хүний толгойд амархаан суулгаад өгч байна. Кино гэж ийм л идтэй эд. Гэхдээ Оскараас хэдхэн жул шагнал авлаа. Харин Hurt locker хэмээх дайн байлдааны хэнээ туссан нэг нөхрийн тухай кино шилдгээр шалгарав. Учир нь Обамагийн Засгийн газар Афган руу өмнөхөөсөө олон цэрэг оруулах гэж байгаа юм. Дайнд хүүгээ үдэж байгаа эхийн зүрхийг чангалах хэрэгтэй биз дээ. Кино бол улс төрчдөөс аваад урлаг соёлынхны хүртэл зэвсэг болдог аймаар ертөнц.


Монгол согтвол оросоор ярина, орос согтвол англиар ярина, англи согтохоороо англиар ярьдаг гэж онигоо байлаа. Одоо бол захын нусгай бацаан дунд хуруугаа гозойлгож байна. Америк киноноос сурсан юм, англиар ярьж байгаа юм. Өгүүлбэр болгон нь F үсгээр эхэлдэг харуудын хэллэг манай залуусын дунд моод болжээ. Зурагтаар ямар тэр болгоныг үгчлээд орчуулалтай нь биш, “хараал ид” гэж л аргалж байгаа. Харин жаахан бухимдахаараа “хараал идүүлдэг” нөхдүүд миний эргэн тойронд нэлээд олон бий. Энэ зэрэг ч яамай, саяхнаас англи хэлтэй болсон монголчууд кино орчуулах гэж яйлаад өгнө дөө. Орцонд үнгүүлэн зогсох сөөсгөр охин “Чи надад хайртай гэдэгтээ итгэлтэй байна уу” гэж нялганаж байна. Энэ бол орчуулгын алдаа юм. Кино гэдэг хүний амьдралд шууд тусгалаа олж мэдэх эвгүй ертөнц билээ.


“Сайхан кино байна, зөндөө уйллаа” гэдэг Баянаа аваргын үг бий. Үзчихээд хажуудахаа хайрламаар, хойноос нь гүйж очоод уучлал гуймаар олон сайхан кино үзсэн байх. Нэрийг нь тоочвол та залхаж, би ядарна. Хүн хүнээ хайрлах ухааныг яршиг төвөг болголгүй яруухан ойлгуулдаг олон сайхан бүтээл манай зурагтаар гардаг. Ялангуяа америк кинонууд гэр бүлийнхээ төлөө хамаг бүхнээ золих хэрэгтэй гэдгийг шууд утгаар нь илүү үзүүлдэг. Гэр бүл бол хүний нийгмийн хамгийн бат бөх байх учиртай, хиртүүлж сэвтээж боломгүй нандин мөхлөг. Үлгэрээс сурах юм их бий гэдэгтэй адил киноноос авах юм юутай олон. Үзээд, бодоод, бясалгаад, үйл хэрэг болгох нь ч бий. Кино бол хараахан олж хараагүй амьдралын учрал тохиол бүхнийг уран сайхнаар дүрслэн харуулж, эчнээ ухааруулдаг баялаг ертөнц билээ.


Таны сэтгэл зүрх юу хүсэж байгааг асуугаад хариуд нь эмийн жор шиг үзэх киноны жагсаалт хийгээд өгсөн ч болно. Уйтгар гунигт автсан нэгэнд бол “Ийм нэгэн явдал” яг таарна. Хэд ч үзсэн уйдахааргүй энэ киног манай мастерууд ам барьж дуу хийсэн, монгол кино үзэж байгаа мэт санагддаг юм. Гоо сайхны ханамж таашаалаар цангаж яваа бол “Салхинд туугдагсад”-ыг санал болгомоор байна. Харин цээжээ онгойтол уйлмаар санагдсан хүнд “Титаник” сайхан таарна. Гол нь та орчноо бүрдүүлээд нусны алчуураа ойр авах хэрэгтэй. Сэтгэлээ нэг өмөлж хаяад эргээд шарх сорвигүй эдгээе гэсэн хүнд “Малена” зүгээр. Танай гэр бүлд нууц амрагийн сүүдэр тусаад жихүүцүүлээд байвал Ричард Гирийн тоглосон “…” кино хэрэг болно. Амьдрал чинь нэгэн хэвийн санагдаад ирвэл “Америк гоо” нэг юм хэлнэ. Ингээд тоочвол дуусах биш дээ. Энэ зөвхөн миний л сонголт, хүн хүнд өөрийн гэсэн бэлээхэн жор бий. Кино ертөнц бол уйдсанд нь зугаа, уйлсанд нь гижиг, хадуурсанд нь жолоо болохоор элдэвтэй ертөнц билээ.


Охин минь одоо усан галав юүлдэг “2012”-ыг мартаад Солонгос киноны гэнэн хонгор бүсгүйн төлөө шаналан дэрээ норгож хэвтээ. Хэзээ дуусах нь мэдэгддэггүй боловч миний охины нулимсыг барсан баатар жаргаад төгсөх нь дамжиггүй. Сүүлийн улирал нь эхэлж байна, удахгүй шалгалт нь эхэлнэ. Хичээл номоо хийчихээд зав зайгаар нь заавал кино үзээрэй миний охин. Таарсан болгоноо цохиж унагадаг согтуу мастер, харсан болгоноо буудаж алдаг ковбой үзлээ гээд би хүн алж хүрээ талаагүй. Гагцхүү сэтэглийн цэнгэл амсаж, амьдралд минь тохиолдохгүй адал явдлыг туулж, сургууль номд заадаггүй сонин сайхан бүхнийг яршиг төвөг багатай ойлгож авсан билээ. Кино бол бүх урлагийн дотроос хамгийн аугаа нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж