“Хүний хүүхэд” киноны гол дүрд гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондог, жүжигчин Т.Ариунбулаг, гавьяат жүжигчин Б.Магсаржав, жүжигчин н.Сүхээ, жүжигчин Б.Сүхболд нар тогложээ. Энэхүү кинонл эгэл жирийн монгол эрийн эгэл бус амьдралын тухай өгүүлэх бөгөөд хүний хүүхдийг өөрийн юм шиг хайрлах эр хүний уужуу сэтгэл, хүн чанар, хэн нэгний хэлсэн ганцхан үг хүний амьдралыг хэрхэн өөрчилж чаддагийг маш энгийнээр үзүүлжээ. Киноны агшин бүр үзэгчдэд баярлах, огших, бахархах, ухаарах мэдрэмжийг төрүүлэм. Энэхүү киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд нийгмийн амьдрал, хувь хүний үзэл бодол, хаагдмал эрх чөлөө, хайр сэтгэл гээд л олон чухал сэдвийг хөндөн тавьжээ. Үүгээрээ өнөөгийн амьдралд үгүйлэгдээд байгаа хүн чанар, жинхэнэ эр хүний ёс жудгийг олон нийтэд сэтгэл зүйн талаас нь хүргэхийг “Хүний хүүхэд” багийнхан зорьсон аж. Киноны үйл явц он цагийг эргэн сэргээж үйл явдлыг харуулан хүүрнэн өгүүлэх маягаар өрнөнө. Киноны одоогийн үйл явдал нь 1990 оны хавар эхлэх ч Анхбаяр гэдэг хүний бодит амьдралаас сэдэвлэсэн амьдралын ээдрээтэй түүх 1972 оноос эхлэн өрнөдөг. Киноны үйл явдал логик дараалал нь үзэгчдийг дэлгэцнээ уяж, цаг хугацааны хувьд бага залуу нас руу нь эргэж аваачих зэргээр сонирхолтой хэлбэрээр кино өрнөсөөр киноны төгсгөлд гол баатруудын хувь заяа тодорч, амьдралын зангилаа, ээдрээтэй асуудлууд тайлагдана.
Ингээд “Амьдралыг симфони” хэмээх тодотголтой кино найруулагч продюсер Балжиннямын Амарсанаагийн шинэ уран бүтээл “Хүний хүүхэд” уран сайхны киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэж байна.
Дуучин Б.Дашдондог:Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж түгшиж байна
Гол дүрд тоглосон гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогтой эхлээд ярилцлаа.
-Дуучин хүн кинонд гол дүр бүтээх ямар байсан бэ?
-Дуулах, жүжиглэх хоёр бол тэс өөр. Би хувьдаа энэ кинонд жүжиглэсэндээ баяртай байгаа. Намайг бас тоогоод кинондоо урьсанд баяртай байна. Хамтран ажиллаж, тоглосон уран бүтээлчдийнхээ дэмээр өөрийнхөө хэмжээнд чармайн тоглосон.
-Энэ киногоороо үзэгчдэдээ юу хэлэхийг хүссэн бэ?
Монгол эр хүн чинь зөөлөн цаанаа хүүхдээрээ байдаг хүмүүс шүү. Ийм эрчүүдийгээ хайрлаж хүндэлж байгаарай. Ер нь эр хүн гэж ямар хүн байх ёстой юм. Одоо нийгэм маань бас ямар болчихоод байгаа юм бэ? Социализмын үед манай ард түмэн тэр дотроо эрчүүд маань ямар хүнлэг сэтгэлтэй бэ гэдгийг харуулсан кино. Эргээд эрчүүд маань хүнлэг сэтгэлээ гаргаж ирээсэй гэсэн ийм л санааг киногоороо хэлж байгаа юм.
-Та киноны дууны үг, аяыг өөрөө зохион дуулсан шүү дээ. Дуу бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?
-Энэ киноны дууны аяыг гурав, дөрвөн жилийн өмнө зохиосон байсан. Үүнийгээ шинэ уран бүтээл болгохоор бэлтгэчихсэн байсан юм. Тэгээд найруулагчдаа сонсгоод ерөөсөө энэ киноныхоо дуу болгоё гээд сонгож авсан.
-Яг одоо дэлгэцийн анхны уран бүтээлээ өлгийдөн авах гэж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл их хөдөлж байна. Манай бизнесийнхэн, рок, попынхон гээд олон хүмүүс үзэхээр ирж байна. Тэд юу гэж бодох бол гэдэг л намайг маш их түгшээж байна. Кино үзээд ямар сэтгэгдэлтэй гарч ирэх нь вэ, юу гэж хэлэх бол гэдэг л надад их сонин байна.
Б.Амарсанаа: “Дуучин Дашкад зориулан зохиолоо бичсэн”
Тус киноны ерөнхий найруулагч, продюсераар Балжиннямын Амарсанаа өмнө нь “Хоёр шөнө, гурван өдөр” хэмээн кино бүтээсэн. Сэтгэл зүйн драмын энэ кинонд эмэгтэй хүний тухай өгүүлдэг бол энэ удаад “Хүний хүүхэд” шинэхэн уран бүтээлдээ жинхэнэ эр хүний тухай өгүүлэхийг зорьжээ. Кино судлаач, шүүмжлэгч нар найруулагч Б.Амарсанааг сэтгэл зүйн драмын чиглэлээр Монгол анхны киног хийлээ хэмээн 2008 онд дүгнэж байсан. Харин одоо тэрбээр сэтгэл зүйн драмын чиглэлийн хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авлаа. Найруулагч Б.Амарсанаатай киноны нээлтийн үеэр уулзан ярилцсан юм.
-Сайн кино зохиол кино сайн болохын үндэс гэдэг. Кино зохиолынхоо талаар сонирхуулахгүй юу?
-Кино зохиолыг гурван жилийн өмнө бичсэн. Манай кино урлагийн нэртэй судлаач, шүүмжлэгч, зохиолч Мягмарсүрэн ахтайгаа хамт бичсэн. Би анх энэ киноныхоо санааг сонин уншиж байгаад сонины редакцад ирүүлсэн уншигчийн захидлаас сэдэв аваад бичсэн. Тэр нь “Хүүхдээ төрүүлээд салцгаая” гэсэн алга дарам бяцхан захидал байсан. Үүнээс киноны маань санаа төрсөн. Зохиол маань хүний мөн чанар сайхан сэтгэл, хүн чанарын тухай байгаа юм.
-Киногоо “амьдралын симфони” гэж тодотгосон байсан. Үүгээрээ юуг илэрхийлэхийг хүссэн бэ?
-Кино маань тэр чигээрээ эгэл жирийн сайхан амьдралын тухай өгүүлнэ. Амьдралд юу тохиолддог, тэр бүгдийг тэнд багтааж үзүүлж байгаа. Тэр утгаар нь бид киноныхоо тодотгол үгийг “амьдралын симфони” гэж нэрлэсэн.
-Зургаа хаана, хэдэн сарын хугацаатай авсан бэ? Киноны уран бүтээлийн багт хичнээн хүн ажилласан бэ?
-Киноны ихэнх зургаа Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд авсан. Тодорхой зарим зургийг Улаанбаатар хотод авсан. Киноны багт нийтдээ гол, туслах дүрийн жүжигчдээс гадна 50-аад хүн ажилласан.
-Гол дүрийг жүжигчдийн сонголтоо хэрхэн хийсэн бэ? Яагаад мэргэжлийн жүжигчин бус, дуучин Дашдондогт энэхүү саналаа тавих болов?
-Дуучин Дашка бид багын сайхан андууд. Сайн мэддэг, ойр дотно хүний хувьд анх киноны зохиолыг бичиж байхдаа Анхаагийн дүр дээр хэн байж болох вэ гээд бодохоор Дашка шууд бууж байсан. Тийм учраас л Дашкаг сонгосон.
-Таны хувьд дуучин Дашдондог хэр жүжиглэсэн бэ? Та сонголтоо зөв хийсэн гэж бодож байна уу?
-Онц байсан. Миний сонголт зөв байсан шүү. Ер нь Дашкад зориулаад энэхүү дүрээ бичин зохиол дотроо хэллэг, араншин үйл хөдөлгөөнийг нь Дашкатай холбож нилээн бичсэн. Тэгж бичихэд ч амар байсан.
-Яагаад гол дүрүүддээ төдийлөн олны танил бус энгийн жүжигчдийг түлхүү сонгон оруулсан юм бэ?
-Найруулагч хүний хувьд надад уран бүтээлийн нэг төлөвлөгөө байсан. 50-60-аад оны алтан үеийнхний кинонд тоглосон мундаг сайхан одууд болох Цэвээнжав гуай, Чимид-Осор гуай, Цагааны Цэгмид гуай гээд олон сайхан буурлууд маань бүгд сургууль соёлыг нь төгсөж жүжигчний мэргэжлийг эзэмшээгүй ч амьдралаас товойж гарч ирсэн авьяастнууд байсан. Би дотроо яг тэрэн шиг амьдрал дээр бидний дунд байгаа олон гоё хүмүүсийг олж нээж гаргаж ирж уран бүтээлдээ тоглуулах юмсан гэж бодож байсан. Харин “Хүний хүүхэд киноны маань зохиол үйл явдал маань өөрөө энгийн амьдрал дээр их буусан тэр энгийн амьдралыг тольдон харуулсан тийм зохиол учраас би шийдэн энэ удаа киногоо энгийн мэргэжлийн бус жүжигчдийг тоглуулж үзнэ гэж гол дүрүүдийнхээ сонголтоо хийсэн.
-Киногоо яагаад “Хүний хүүхэд” гэж нэрлэв? Анх сонсоход хатуухан хэлж байгаа юм шиг санагдсан. Хүний хүүхэд хүрэн бөөртэй л гэж байгаа юм шиг?
-Ер нь хатуухан хэлсэн байж магадгүй. Гэхдээ хүний хүүхэд гэдэг заавал хүрэн бөөртэй байх албагүй ээ гэдэг санааг гаргаж байгаа. Гол нь хүмүүс хүнлэг байх ёстой. Өнөөдөр хүний мөс чанар жаахан тааруу болсон цаг үе. Үүнтэй харьцуулаасай гэж бодсон. Тиймээс зориуд цаг үеийг 70-90 он руу аваачиж үйл явдлыг тэнд өрнүүлж байгаа.
-Үзэгчдэд энэ киногоороо ямар санааг хүргэхийг зорьсон бэ?
-Киногоороо бид бие биеэ хайрлаж, ухаарч амьдраарай гэсэн санааг л хэлж байгаа юм.
“Хүний хүүхэд” киноны гол дүрд тоглосон жүжигчин Г.Ариунбулаг
-Кинонд бүтээсэн дүрийнхээ тухай сонирхуулахгүй юу?
-Миний бүтээсэн Нарангэрэлийн дүр бол төлөв, даруу айлын ганц охин, жаахан ганцаардмал эмэгтэй. Залуу насандаа алдаж, онож, хайр сэтгэлийн ээдрээ зөрчил дунд амьдралд хөлөө олон амьдарч байгаа бүсгүй. 70-90-ээд онд амьдарч байгаа хөдөөний жирийн л нэгэн Монгол эмэгтэйн дүр байсан.
-Хүнд хэцүү зүйл юу байв?
-Хүнд хэцүү зүйл зөндөө байлаа. Ер нь дүр дээрээ ажиллана гэдэг бол тийм ч амар биш шүү дээ. Ямар ч уран бүтээл хэр чанартай болох нь тухайн зохиолоос шалтгаалдаг. Манай зохиол их сайн байсан учраас жүжигчнээс ур чадвар их шаардаж байсан. Киноны тоглолт маань дотоод сэтгэлийн зөрчил ихтэй байсан. Үүнийг гаргахын тулд надад бодож сэтгэх зүйл их байлаа. Одоо 2011 он гэсэн хэдий ч өөрийн амьдарч байгаагүй 1972 оны дүрийг гаргахын тулд судалгаа хийсэн. Тухайн үед, тэр нийгэмд Монголын эмэгтэйчүүд яаж хувцасладаг, яаж үсээ засдаг, ямар хэл яриа моод байсан гээд тэр болгоныг мэдэх хэрэгтэй болсон. Кинондоо хүний амьдралын 20 жилийг харуулах гурван насанд тоглосон. Тийм болохоор нас насанд нь дүрдээ хувиран ажиллах шаардлагатай болсон л доо.
“Хүний хүүхэд” киноны Болдын дүрд тоглосон жүжигчин Э.Сүхболдтой уулзлаа. Тэрбээр 2007 онд КУДС-ийг жүжигчин, найруулагчаар төгссөн бөгөөд түүний тоглосон гурав дахь кино нь юм.
-Кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би кинонд тоглох маш их дуртай. Би найруулагч мэргэжилтэй. Жүжиглэх ур чадварыг багш маань сайн заасны хүчинд өнөөдөр ингээд кинонд тоглоод явж байгаадаа баяртай байна.
-Өмнө нь ямар, ямар кинонд тоглож байсан бэ?
-Найруулагч Б.Амарсанаа ахын анхны уран бүтээл “Хоёр шөнө гурван өдөр” киноны Билгүүний дүрд тоглож байсан. “Хүрэлдэй их хааны элч” кинонд жижиг туслах дүр бүтээсэн. Энэ миний тоглосон гурав дахь уран бүтээл.
-Энэ киноны гол дүрд мэргэжлийн дуучин хүн тоглосон. Дуучин Дашдондогтой хамтран ажиллахад ямар байсан бэ?
-Дашка ах хажууд нь байхад маш гоё нар гийгээд төөнөөд байгаа юм шиг гоё хүн шүү дээ. Ажил хийсэн ч, амарч сууж байсан ч түшигтэй. Хамт ажиллахаасаа өмнө Дашка ахыг ийм айхтар жүжигчин гэж төсөөлөөгүй байсан. Эхний зураг авалтаас л хэн бэ гэдгээ харуулсан. Маш чадварлаг хүн. Хамт ажиллахад түшигтэй сайхан байсан.
-Таны бүтээсэн дүр амьдралын хатууг үзэн өсөж байгаа хүүгийн дүр байсан шүү дээ?
-Эцэг эх нь салахад хүүхэд хэрхэн хохирч болох вэ гэдгийг л миний дүрээр харуулсан. Гэр бүлийн салалтаас хүүхэд хэрхэн хохирч, хэн болж өсч байна.
-Киноны төгсгөлд хичнээн эрийн цээнд хүрээд цэргийн алба хаагаад ирж байгаа ч хүүхдэд зангаараа ааваасаа уучлал гуйгаад ирдэг шүү дээ.
-Энэ хэсгийг найруулагч Биндэр “Хэрвээ би эцгийнх нь оронд байсан бол хүүхэдтэйгээ дахиж уулзахгүй тэр чигтээ зугтаад явах байсан. Ийм зүйл дээр хүний өсгөсөн эцэг хамгийн их гомдоно” гэж хэлж байсан. Хүний хүүхэд гэдгийг нь мэдсээр байж тэгж их хайр халамжаараа өсгөж байхад өөдөөс нь тийм хариу барьж байгаа хүүхдэд хүн яаж ч чадахгүй гомдоно. Гэхдээ л хүүгийн хувьд төрсөн эцэгтэйгээ уулзахыг хүсэлгүй яах вэ гэсэн сонин ньюансыг илэрхийлэх болсон л дээ.
-Үзэгчдэдээ хандаж юу гэж хэлэх үү?
-Манай киног заавал ирж үзээрэй. Аль ч насны хүмүүс үзэхэд буруудахгүй кино. Залуучууд маань илүүтэй ирж үзээсэй. Бүгд л ирээдүйд эцэг, эх болно, үр хүүхдээ хүмүүжүүлнэ. Амьдралын янз бүрийн замыг туулах учраас ирж үзээрэй, та нарт таалагдана аа л гэж хэлье.
Мөн киноны нээлтийн дараа анхны үзэгчдийн сэтгэгдлийг сонссон юм.
Рок дуучин Н.Сүндэръяа
-“Хүний хүүхэд” уран сайхны киноны анхны үзэгчдийн нэг боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Манай багшийн тоглосон анхны кино. Дүр, зураглал нь маш их таалагдлаа. Хүмүүсийн байгаа байдал, ахуй, амьдралыг энгийнээр гоё гаргасан нь их таалагдсан. Энэ киноны хамгийн гоё сэтгэл хөдөлгөсөн үе бол хүү нь эргэж ирээд аавыгаа дуудахад зугтаадаг хэсэгт уйлах шахлаа. Тэр хэсэг бол үнэхээр сайхан байсан. Манай багш Дашдондог мундаг, мэдрэмжтэй хүн болохоор маш сайн жүжиглэсэн байна.
“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах
-Энэхүү киногоор тухайн үед нийгэм ямар байсныг маш хурц бөгөөд тод харуулж чаджээ. Гол нь энэ киног үзсэн залуучууд сургамж авах болов уу гэж бодлоо. Хамгийн гоё, киноны зангилааг сүүлд нь харууллаа. Тэр үед огшлоо, үнэхээр нулимс гарлаа. Дашка ах маань маш сайн тоглосон байна.
“Up music” продакшны аринжеровшик Н.Халиун
-Миний дотны найз Амараа, Дашка нарын бүтээсэн кино маш сайн болсон байна. Дашкагаа би амьдрал дээр нь маш сайн мэднэ л дээ. Яг кинон дээр Дашкагийн өөрийнх нь зөөлөн дулаан араншин нь харагдаж байна. Би хүн амьдрал дээр байгаагаараа жүжиглэхээр киног илүү гоё амилуулдаг гэж боддог. Маш их таалагдлаа.
“Шар айраг” хамтлагийн дуучин Н.Ганхүү
-Маш гоё кино байна. Бараг уйлчих шахлаа. Зохиол нь надад таалагдлаа. Мэдээж аливаа юм алдаатай, оноотой байдаг. Дуун дээрээ жаахан алдсан байна гэж Дашкадаа хэллээ. Юм шударга байх ёстой. Дуун дээрээ илүү сайн ажиллах ёстой байсан юм болов уу гэж хэлсэн. Бас нэрийг нь жаахан өөрчлөх хэрэгтэй байсан юм болов уу гэж бодсон. Монгол Форест Гамп гэж. Надад Форест Гамптай адилхан юм уу гэж санагдсан. Таалагдлаа, та бүхнийг ирж үзээрэй гэж хэлье. Ямар ч байсан нэг зүйлийг бодогдуулах кино шүү.
Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо
-Ерөнхийдөө ийм кино манайд хамгийн сүүлд 80-аад оны сүүлээр хийгдсэн. Манайхан сүүлийн үед драмын чиглэлээр кино хийж байгаад би их баяртай байгаа. Амьдралын, энгийн, гэр бүлийн драмыг илүү хийх хэрэгтэй. Дашдондог ахын хувьд сайн тоглосон байна. Гэхдээ мэргэжлийн нүдээр харах юм бол жижиг сажиг зүйл бол байлгүй л яахав. Мэдээж бас энэ чиглэлээр ажилладаг хүн болохоор найруулгын тал дээр өөрийнхөө зүгээс ажиглаж суулаа. Киноны хувьд сайн болсон байна шүү дээ. Өмнө нь дуучдаас “Татаар ажиллагаа” кинонд дуучин Батсүх гол дүр бүтээж байсан. Тэгэхээр дуучид маань кинонд ялангуяа гол дүрд тоглож, өөрийнхөө авьяас билгийг сорьж байх хэрэгтэй. Ерөөсөө зөвхөн дуучин гэлтгүй жүжигчин хүн ч дуулж болно. Бүх талын авьяастай байх ёстой. Дэлхий нийтээрээ ийм болж байхад манайхан ч гэсэн юугаараа дутах юм бэ? Өрсөлдөөд үзэх хэрэгтэй. Дашдондог ахын хувьд том амжилт болсон байна. Үүнийг нь үнэлж байна. Ер нь өөрөө ч гэсэн зориглож тоглох гэж мундаг хичээсэн, найруулагч ч сайн ажилласан байна. Энэ тал дээр дэвшилт гарсан юм уу гэсэн бодол байна. Энэ киног ирж үзээрэй гэж хэлмээр байна. Манай үзэгчид кино театрт очоод үзэхээр дандаа арилжааны кино байдаг гэж яриад байдаг. Тэгэхээр кино театрт арилжааны бус ийм сайхан кино нээлтээ хийлээ шүү л гэж хэлье.