-Хэдэн зууны өмнөх түүхээрээ бахархалгүй яах вэ, гэхдээ л шинэ бахархал, мэдүүлэх брэндүүдээ дэлхийд таниулах ёстой санагддаг. Алийн болгон Чингис хаанаар бахархах билээ дээ-
Европын хамгийн том нислэгийн компани “Austrian Airlines”-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж буй Ө.Нарангаравтай ярилцлаа. “Гэр бүлийнхнээ ирээд явахаар нь эх орон минь ирээд явсан шиг л санагддаг” гэх түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Монгол Улсын иргэн Европын тэнгэрт “дүүлэн нисч” явна. Өөрийгөө “Ньюс” агентлагын уншигчдад танилцуулаач?
-Намайг Өсөхбаярын Нарангарав гэдэг. “Austrian Airlines” компанид агаарын хөлгийн үйлчлэгчээр ажилладаг. 2014 оноос ажиллаж эхэлсэн. Австри улсад сураад магистрын зэрэг хамгаалаад төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Би сургуулиа төгсчихөөд инженерийн мэргэжлээрээ дөрвөн жил, тодруулбал Сочи-д 2014 олимпийн хотхоны барилгын төсөл дээр ажилласан. Одоо Венад амьдарч байна. Дүү Дарханбаяр, аав Өсөхбаяр, бусад ах дүү хамаатан садан минь Монголдоо байдаг.
-Аль нутаг, усны хүүхэд вэ?
-Дарханых, бас Эрдэнэтийнх.
-Дарханд төрөөд Эрдэнэтэд өссөн гэсэн үг үү?
-Дарханд төрж, амьдарч байгаад гэр бүлийнхэн маань Эрдэнэт рүү нүүсэн юм.
-Яагаад шугам зураг, инженерийн хэрэглэлээ онгоцоор сольчихов?
-Би их сониуч хүн л дээ. Өөр юм хийж үзмээр санагдаад л…
-“Austrian Airlines”-д ажилд орсон талаараа яриач?
-Austrian Airlines нь 1957 онд байгуулагдсан. Lufthansa-д харъяалагддаг. Миний хувьд 2014 онд онгоцны үйлчлэгч болъё гэж шийдээд, түүнийхээ төлөө зүтгэж, хөөцөлдөж эхэлсэн. Ер нь нэг шийдчихвэл дуусгаж байж л санаа амардаг зантай. Тэгээд ном журмаар нь анкетаа бөглөөд, өөрийн танилцуулгаа явуулсан. Дараагаар нь нэлээд хэдэн үе шаттай шалгалт өгдөг. Тэрийг нь өгөөд л тэнцээд орсон.
-Нислэгийн үеэр монголчуудтайгаа хэр таарч байна?
-Ер нь маш ховор шүү. Миний нислэгийн чиглэлүүд ерөнхийдөө Ази рүү биш Европын орнуудын хооронд л байдаг. Өнгөрөгч оны сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгчтэйгөө таарсан. Албан ёсны айлчлал хийгээд буцаж байх үед нь таараад хамт зургаа авахуулсан. Гар утсан дээрээ авахуулсан зураг маань энэ байна. /үзүүлэв/. Ерөнхийлөгчтэй уулзаад их догдолсон. Гоё байсан. Хамт явж байсан хэвлэлийнхэн ч нь чөлөөтэй сайхан уулзсан.
-Монголчууд тааралдахаараа юу гэх үү?
-Ер нь их баяртайгаар тааралддаг. Манайхан чинь их сэтгэл хөдлөлтэй хүмүүс шүү дээ. Тэгээд баярлахыг нь харах гоё байдаг.
-Нийт хэдэн цагийн нислэг хийснээ тооцдог уу?
-Тэр хэмжээгээ алдсан дөө.
-Венад амьдарч байгаа юм чинь герман хэлтэй байх нь зайлшгүй, бас англи хэлтэй байх. Өөр ямар хэл мэддэг вэ?
-Герман, Англи, Орос, Итали хэлтэй. Турк хэлийг ашиглахгүй байгаа болохоор мартаж байх шиг байна. Дарханы Монгол Туркийн сургуульд байхдаа Англи, Турк хэлийг сурсан. Эмээ маань дүү бид хоёртой дандаа оросоор ярьдаг байсан болохоор Орос хэлийг өөрийн мэдэлгүй сурчихсан.
-Хэл сурах арга барил чинь юу байв?
-Хэл сурахад өөрийгөө эхлээд мэдэх хэрэгтэй. Ямар арга барилаар явбал илүү сайн байна гэдгээ. Харж сурах, бичиж эсвэл ярьж сурах нь илүү дөхөмтэй байна уу гэдгээ ажигла. Миний хувьд бичиж байж тогтоодог.
-Ажлын чинь хэцүү нь юу байна, сайхан нь юунд байна?
-Хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай болохоор гоё санагддаг. Их цог хийморьтой тэнгэрлиг мэргэжил юм уу гэж бодогддог юм. Хэцүү нь гэвэл хааяа тэвчээр их шаарддаг.
-Тэвчээрийг чинь барсан тохиолдол байна уу?
-Тэвчээр барсан тохиолдол одоохондоо байхгүй л дээ. Ер нь үйлчлүүлэгч хаан шүү дээ. Ямар ч тохиолдолд үргэлж эелдэг байх ёстой.
-Европын улсуудаар нисээд л байдаг. Буугаад үзэж сонирхох зав цаг гардаг уу?
-Тэгэлгүй яах вэ, тухайн улс оронтой танилцах цаг гарна шүү.
-Хэрхэн амьдарч буй хэмнэл, цагийн чинь хувиар ямар байдаг вэ?
-Нислэгийн хуваариас хамааран янз бүр байдаг. Сар болгоны хуваарь 20-нд гарна. Тэгээд л тэр хуваариа дагаад бүх зүйл төлөвлөгдөнө шүү дээ. Хэзээ ч босч мэдэх мэргэжил. Нислэггүй өдрөөрөө сайн амарч авахыг бодно. Найзуудтайгаа уулзана, аялал зохион байгуулна, өөрийгөө хөгжүүлж болох зүйлсийг хийнэ. Адал явдалтай ном олоод уншина. Ер нь толгойгоо цэнэглэж, идэвхитэй, завгүй байхыг хичээдэг.
-Венад амьдралын өртөг хэр байна. Цалин нь боломжийн юм уу?
-Орлого зарлага ерөнхийдөө тэнцээд л таардаг.
-Европ залуусаас ямар зан чанарыг монгол залуус дуурайгаасаа гэж боддог вэ, эсрэгээрээ монголчуудаас суралцах чанар юу байна?
-Монгол хүн монголоороо л байвал сайхан гэж боддог. Монголчуудын давуу тал гэвэл дасан зохицох чадвар.
-Нисээд л байх уу, хэзээ хаана буугаад юу хийх төлөвлөгөө байна. Монголд сайн барилгын инженер хэрэгтэй байна гэвэл очих уу?
-Энэ тал дээр сайн хэлж мэдэхгүй байна. Тодорхой цаг хугацааны дараа шийдэх байх.
-Үйлчлүүлэгчдэд Монголоо сурталчилж байна уу, Монголын талаар ямар мэдээлэлтэй байх юм?
-Мэдээлэл бага юм шиг санагддаг. Газарзүйн байрлалын хувьд алс байдаг болоод ч тэр байх. Иймдээ ч Монголын талаар ярилцах боломж гарвал аль болох таниулж мэдүүлэх талаас нь хичээдэг. Чингис хаан, Говь гэдгээс цаашгүй нь тун олон. Хэдэн зууны өмнөх түүхээрээ бахархалгүй яах вэ, гэхдээ л шинэ бахархал, мэдүүлэх брэндүүдээ дэлхийд таниулах ёстой санагддаг. Алийн болгон Чингис хаанаар бахархах билээ дээ.
-Би гадаадын үйлчлүүлэгч байна гэж төсөөлье. Монголд очиж үзэхийг санал болголоо гэхэд гэвэл би юу үзэх, ямар таашаал авах вэ?
-Миний эх орон тэр чигтээ л таашаал шүү дээ. /Инээв/
-Өндөр хөгжилтэй улс орноор явж байхад атаархал төрдөг үү, хэзээ Монгол маань ингэж хөгжих бол гэж боддог уу?
-Улс орон бүр өөрийн гэсэн гоо сайхантай. Манай эх орон онгон байгаль, нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн. Энэ чинь манай гоо сайхан шүү дээ.
-Австри улсад баклаврын болоод магистрын зэргээ хамгаалсан гэсэн байх аа. Таван жилийн хугацаа гэдэг бол боловсролын тогтолцооны талаар хангалттай дүгнэлттэй болох хугацаа. Автсрид дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирж суралцаж байна. Хэзээ Монголд маань ирж боловсрол эзэмших бол гэх мөрөөдлөөс урьтаж манайх боловсролын зэргээ дэлхийд үнэлүүлдэг болчихмоор байх юм. Үүний тулд юунд анхаарах ёстой гэж бодож байна?
-Мэргэжил бүхэн сайхан гэдэг болохоос биш дээд боловсролтой л бол сайхан гэх ойлголт энд байдаггүй. Хүн бүр дээд сургуульд сурах гээд байдаггүй. Тэгэх ч албагүй. Харин үүний оронд ерөнхий боловсролын сургалтаа төгсөөд нарийн мэргэжил эзэмшдэг. Тэр нь л авууштай зүйл юм даа.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.ЭНХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин