Ингээд асуухдээ зэрэг хүмүүс ингэж хариулдаг юм:
“Манайхан яагаад америкууд шиг хийдэггүй юм бэ? Ядаж л харилцан яриа нь аягүй үнэмшилтэй” гэнэ. Гэтэл зарим нь "Хараад байхад манайхны хэрэглэдэг камер нь аягүй муу юм шиг байна лээ тээ? Тэр мэрийгээ сайжруулах ёстой юм биш үү?” гэх. Нөгөө хэсэг нь “Аа Монгол кино мяа мяа. Аймаар нуршуу. Жүжигчид нь ч хошин. Гэтэл Солонгосууд алж байгаа биз дээ?” гэх. Үлдсэн хэсэг нь “Хөгжөөд л байх шиг байна шүү дээ. Хүн болгон кино хийдэг болчихсон юм биш үү? Тэгэхдээ арай дэндүү халтуурдаад байгаа юм аа” гэх жишээний. Банкинд ажилладаг нэг найз маань надад сүүлийн үедээ л хамгийн том төсвөөр бүтсэн гэх “Үхэж үл болно: Чингис хаан” киног муулав аа. “Би тийм хачин кино амьдралдаа үзээгүй. Монголчууд хийсэн юм байна гээд үзсэн чинь бүр толгой эргүүлээд хаячихсан. Үгүй тэгээд, Чингисийн тухай юм уу, Боорчийн тухай юм уу, эсвэл Жамухын тухай кино юм уу бүү мэд. Аймаар олон үйл явдал зэрэгцэж гарсаар байгаад дуусчихсан. Чингисийн тухай бол Чингис нь л түлхүү гарах ёстой биз дээ? Гэтэл Сергей Бодровын хийсэн Чингисийг хар. Монгол эр хүн, эзэгтэй хүнийг тултал нь харуулаад өнгөрчихлөө шүү дээ. Тэр Чингис Мингисийг нь хийж байхад нь чи хажууд нь байсан юм бол хэлэхэд яадаг юм” гэсэн юм даг. Би ичсэндээ юу ч дуугарч чадаагүй. Яагаад гэвэл тэр нөхрийн хэлсэн бүгд үнэн юм чинь. Гэтэл зарим нь өнөөх “Би чамд хайртай-2”-ыг “Хүмүүсийн тэр сайхан хүлээлтэн дээр тоглосон дэндүү муу кино. Оросын киног дуурайлгаад л (“Ирония судьбы”-г хэлж байгаа юм) хусчихсан юм биш үү? Тэр сайхан мелодрамыг юу ч биш болгоод алаад хаячихаж байгаа юм даа. Болимоор юм” гэж байхад зарим нь “Аа тэр алаад хядаад байна гээд байсан “Боолын гэрээ” чинь америк киноны л хуулбар байна лээ шүү дээ. Нөгөө “Гоёлын даашинз” нь бүр яг шүү!” гэж ирээд л намайг ёстой нүүрээ хийх газаргүй болгоно доо. Үгүй одоо манайхныг (киночдыг маань) муулаад байхад нь би ямар нийлээд муулаад байлтай биш мангардуухан инээмсэглэл тодруулсан шигээ зогсож байдаг боллоо. Сүүлдээ миний бичсэн “Миний хөрш: Чөтгөр”-ийг хүртэл Солонгос киног хуулсан байна ч гэх шиг муулсаан, муулсан. Зөндөө муулсан. Энэ бүхэнд би тохирсон хариулт хэлэхийг хичээдэг ч харамсалтай нь, манай үзэгчид үүнийг ойлгохоосоо ойлгохгүй нь их. Яагаад гэвэл манайхан сүүлийн 21 жил дандаа гадаад кино үзэж ирсэн юм чинь яахав үзсэн харсныхаа хэмжээнд л сэтгэнэ шүү дээ. Тэр нь ерөөсөө л Америкийн арилжааны күүл кинонууд, Солонгосын өнгө мөнгөөр бялхсан савангийн дууриуд (За энийг бол ер нь Солонгост гарсан бүгдийг нь үзээд дуусгачихаж байгаа байх). Тэр нь ядаж байхад миний хэрэглэдэг Full HD биш, яг л мэргэжлийн 35-ын камер байгаа юм чинь. За тэгээд компьютер энээ тэрээ, сурталчилгаа мурталчилгаа нь бүүр ч ярих юм биш. Үгүй одоо тэгж хийж байж л баргийн юмыг голдог болчихсон хэдэн шар үзэгчдийнхээ хармаанаас мөнгийг нь сэгсэрч байгаа юм чинь арга байж уу. Тэгэхгүй бол тархиа хагалуулна.
Аа гэтэл бид яаж байна? Жалгандаа Жавхлангаа сонсоод л, жавар үргээж, мотор дуугаргаж байна гэж архидаад л. Жаахан юм хийж байсан нэгнээ Спильберг шиг лаг амьтан гэж хөөргөсөөр байгаад архичин болгочихож байгаа юм. Уг нь бол Монголын кино цагтаа хөгжиж явсан юм шүү! Өөрийн гэсэн том үйлдвэртэй, лабораторитой, зураг авах павильонтой, юм юмтай байлаа хөөрхий. Бүр сум бүрт кино гаргадаг үндэсний хэмжээний асар том киноны сүлжээтэй байлаа шүү. Харин 1990 он гараад (Ардчилсан хувьсгал гэвэл зүгээр ч юм уу) энэ том байгууллага нам зогссон доо. Сүлжээ ч үгүй, лаборатори ч үгүй, харж хандах эзэнгүй шахуу болоод дууссан. Харъя гэвэл одоо газрыг нь өм цөм зараад орон сууц босгочихсон хэдэн өндөр байшин дунд харагдахтай үгүйтэй цөөхөн хуучин байшин бий. Эзэн нь Солонго гэж нас тогтсон “сайхан” хүн байдаг юм. Өнөө муу киночид их дайрсан даа, мань хүн рүү. Идлээ уулаа, устгалаа тонолоо, шанаадлаа зодлоо гэж ирээд л. Тэгсэн ч мань эр гүндүүгүй “сайхан” хүн юм болохоороо тэрийг нь огт тоогоогүй, инээмсэглээд л өнгөрдөг юм. Аргагүй шүү дээ. Улсаас “Яах ийхээ өөрөө мэд ээ” гээд томилсон юм чинь тэнэг л биш бол өөрийн мэдэлд ирсэн тэр “Монгол кино нэгтгэл”-ийг өөрөө л мэддэг юм байгаа биз дээ? Уг нь мань эр жаахан юм үзсэн толгой байсан бол урьдаар ажлаа хийчихээд “захиран зарцуулах” байсан юм. Даанч тэгээгүй. Ихэнхи киночид зөвхөн мань эрээс болоод л Монгол кино “сүйрчихлээ” гэж ярьдаг юм. Зарим нь бол манай төр засаг буруутай гэж ярих. Яагаад гэвэл өөр нийгэм солигдож, цаг цөвүүн болоход манай улс киноны салбараа яаж ийгээд аваад үлдчихсэн бол одоо энэ Назарбаев шиг киногоороо улсаа сурталчлаад сууж байхгүй юу гэх. (Назарбаев төрийн эрхэнд гарангуутаа хуучны “Казак фильм” гэдэг мундаг том үйлдвэрийг сэргээж, зөвлөхөөр нь Сергей Бодровыг Оросоос урьж авчраад тавьчихсан юм даг)
Аа харин залуучууд маань бол байдлыг өөрөөр үнэлж, харж байх шиг байна аа. Мюнхений киноны сургууль төгссөн Д.Бямбасүрэн гэж бүсгүй “Монгол кино нэгтгэл”-ийн туслалцаагүйгээр, бүр Монгол Улсаас ч тусламж дэмжлэг авалгүйгээр хийсэн “Ингэн нулимс” гэж киногоороо Оскарт нэр дэвшчихсэн хэрэг. Үүнийг харсан залуус “Ингэж болдог юм байна. Хийгээд туршлагажаад байвал Оскар хүртэл ойрхон байна” гэж ярьцгаадаг боллоо. Бүр сүүлдээ хөөрөөд толгойтой, камертай, компьютертай бүхэн кино хийдэг болсон. Энэ харин үнэн шүү. Дээр хэлсэн улс шиг муу камертай, муу зохиолтой, муу жүжигчинтэй ч гэсэн зориг орчихсон улсууд “Ямар хамаатай юм. Хусна аа” гээд л туушиндаж байгаа. Мэдээж сайн юман дотор саар юм хаа нэг газар нь хутгалдчихсан тууж л явдаг. Тэгэхээр бид сааруудаа бас шахан гаргах ёстой юм байгаа юм. Манай залуу киночид өөрсдийгөө хэзээ нэгэн цагт жинхэнэ лаг кино хийж, Оскар авна гэж боддог. Цугаараа шүү! Харин тэр хүртэл туршлага суухын тулд арилжааны кино хийж байгаа гэж ойлгож болно. Яг үнэндээ бол залуус маань мөнгөгүй байгаа учраас, хальсны кино хийх, жинхэнэ кино хийх туршлага суухын тулд мөнгөний киноноос гараагаа эхэлж байна гэж би боддог. Би ч гэсэн тэдний өрөөсөн дугуй. Бүх юмыг тэгээс эхэлж, бүгдийг өөрөө хийж үзсээр жинхэнэ “Универсальный солдат” гэдэг шиг амьтад болчихсон улс. Аз таарч гадны сангуудаас кинонд шаардлагатай тэтгэлгээ олчих юм бол боломжийн юм хийх нь хийнэ ээ. Хайрт нам засгаас маань бидэнд мөнгө өгдөггүй, тендерт шалгаруулдаггүй, зохиол бичүүлдэггүй, кино найруулуулдаггүй. Бид зүгээр л бор зүрхээрээ, сайн кино хийчих юмсан гэж яваа залуучууд. (Улсаас ганцхан Солонго ахад л мөнгө өгдөг гэсэн) Гэсэн атал үзэгчид бидний хийсэн киног Америк, Солонгос кинотой нэг дэнсэн дээр тавьж шүүмжилдэг. Гэтэл тэд өөрийн гэсэн академитай, мэргэжлийн холбоодтай, улсаас нь хүртэл бодлогоор дэмждэг юм л даа. 2010 онд Америкийн кино академи яагаад “Аватар”-ыг биш “Аюулыг зайлуулагч” (The Hurt Locker)-ийг “Шилдэг кино”-гоор шалгаруулсан нь үүний тод жишээ.
Манайд кино академи бас бий шүү. Байх байхдаа бүр гурван кино академи байгаа. (Битгий шоолоорой. Энэ үнэн шүү!) 1998 онд байгуулагдсан Батсүрэнгийн “Монголын Кино академи” (Ерөнхийлөгчөөр нь Т.Ганди ажиллаж байсан. Гэхдээ Энэтхэгийн биш манай УИХ-ын гишүүн нь), 2008 онд байгуулагдсан Б. Цогтбаярын “Монголын Үндэсний Кино Урлагийн академи” (Энэ хүнд “Монголын Кино Урлагийн Академи” гэдэг адилхан байгууллага байдаг юм. Тэгэхдээ тэр нь юу ч хийдэггүй), бас 2008 онд байгуулагдсан Ц. Анандбазарын “Монголын Кино Академи” гэсэн гурван том кино академитай улс шүү дээ, найзууд аа. Уг нь манайх Америкаас лаг байгаа биз? Тэгсэн мөртлөө кинонуудыг нь дэлхийд хэн ч мэдэхгүй. Бүр сонин юм ярих уу? Б. Цогтбаяр ахын маань академи аймаар дүрэмтэй. “…Академийн тэргүүнийг эрүүгийн хариуцлага хүлээж шүүхийн шийдвэр гараагүй нөхцөлд амьдралынх нь турш ажиллуулна” гэж байгаа. Мань эрийн сая хийсэн “Академи авардс-2011 Улаанбаатар кино наадам-4” гэсэн элэг хөшөөсөн ажиллагаа нь урлагийг яаж завхруулж болдгийн тод жишээ. Зохион байгуулж байгаа оператор Б. Цогтбаяр нь TV 5 телевизээр “Одооны залуучууд хальт мульт зураг авсан болж, нөгөө нь тоглосон болж алиалчихаад, өнөөхөө эвлүүлсэн болоод кино гээд аваад ирж байна. Болохгүй биз дээ?” гэж муулж муулчихаад араас нь залгуулаад “Залуучууд аа, манай наадамд кинонуудаа өгөөрэй” гэж хээвнэг инээмсэглэн өмнө ярьснаа үгүйсгэн мэдэн будилаад л. Наадмынх нь үеэр яасан гээч? “Шилдэг нүүр будагч” төрөлд нь ганцааранг нь нэр дэвшүүлээд, өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлсэн болгож харагдуулаад өөрт нь өгчихөж байгаа юм. Үгүй одоо хүнийг урьж авчирчихаад олон түмний нүдэн дээр ингэж муухай эвгүй байдалд оруулж болохгүй биз дээ? Мээдрэмж байкүү. Бүр наадамд нь огт ороогүй “Хүсэл шунал” гэж баримтат киног орсон болгож харуулаад л. 24 кино орсныг 34 кино өрсөлдөж байгаа гэж рекламдаад л. Сураг сонсох нь ээ өөрийнхөө академиас өөрөө өөрийгөө гавъяатад тодорхойлсон гарын үсэгтэй цаасаа барьчихсан Ерөнхийлөгчийн тамгын газар материалаа өгөөд гүйж байна гэх. Тэрэн дээрээ аягүй бол “Би үнэн лаг кино наадам зохион байгуулсан” гэж бичсэн байгаа даа.
Өө тэгээд ер нь яриад байх юм бол элэг хатмаар түүх олон олон. Дуурийн найруулагч нь кино найруулж гүйгээд л. Эхнийхийгээ дуусгангуутаа улсаас “Дараагийн ангиудаа хиймээр байна” гэж мөнгө нэхээд л. “Яагаад?” гэхээр “Би биш ээ, тэнгэр намайг хий гээд байгаа байхгүй юу” гэдгийм даа. Америкууд сонссон бол атаархаж үхмээр. Инээдмийн киноны аймаар гоё санаа!
Ний нуугүй хэлэхэд улс киногоо эртхэн шиг бодлогоор дэмжихгүй юм бол ийм замаараа пижигнэсээр байгаад сүүлдээ савангийн дууриас өөр юмгүй өрөвдөлтэй улс болоод дуусна даа. Намайг СУИС-д сурч байхад гадны урлагийн сургуулиудад улсын зардлаар сурах сонгон шалгаруулалт олон болдог байлаа. Тэр шалгаруулалтад нь орсоон, орсон. Зөндөө орсон. Гэвч тэнд нь ТИС-д сурдаг хүүхэд гүйж ирж ороод, түрүүлээд явчихаж байгаа юм. Сүүлд сонсох нь ээ мань эр очингуутаа ангиа солиулаад шаал өөр мэргэжлээр сураад ирсэн байдаг байлаа. Гэвч тэдний дунд азаар кинонд элэгтэй нилээн хэдэн залуус мэргэжлээрээ сурч ирээд киноныхоо салбарт тууштай ажиллаж байгаа шүү. Дунд насныхнаас “Нохой орон”, “Монголын дуу”, “Хадаг”, “Алаг үрс” зэрэг гадны олон кинонд ажилласан, Оросын ВГИК-ийг төгссөн оператор Б. Пүрэвдорж, С. Бямбаа нар одооны кино хийх гээд зүтгэж яваа олон олон залуусыг ирлэж өгсөн байх жишээтэй. Мюнхений Д. Бямбасүрэн байна. Хамгийн сүүлд “Чингисийн хоёр загал” гэж сайхан кино хийсэн гэнэ. Залуусаас “Бээжингийн кино академи”-ийг төгссөн Б. Чингүүн, Д. Ангараг, “48 цаг” олон улсын наадамд түрүүлсэн Ч. Хоролдорж, “Пусан”-ы наадмын тусгай хөтөлбөрт шалгарсан Л. Бат-Амгалан, гадаадад Монгол киногоо үзүүлж, сурталчилж явдаг Х. Жигжидсүрэн гэх мэт өнөөгийн энэ Монголын кино урлагийг нуруун дээрээ үүрч, сайн муугаараа дуудуулж, жинхэнэ лаг кино хийх мөрөөдлөөрөө амьдарч яваа 200 гаруй залуу бий. Үнэнийг хэлэхэд бидэнд өөр камер, өөр зохиол, өөр жүжигчинтэй өөр кино хийх чадал бүрэн бий. Гагцхүү бидэнд төрийн бодлого, хуулийн таатай орчин л хэрэгтэй. Бас үзэгчид та нарын халуун дулаан урам хэрэгтэй. Тэгсэн цагт бид та нарын шүүмжлээд байдаг тэр Америк, Солонгосын кинонууд шиг чинь лаг кино хийнэ. Турк, Герман, Солонгосоос удахгүй төгсөөд ирэх өчнөөн залуус бий. Гэвч төгсөөд ирэхэд нь “нам засаг” маань өмнөх шигээ заяа нь мэдэг гээд зөнд нь хаячихаад байвал яана вэ? Дуугарах ёстойнууд нь дуугарахгүй, мэдээгүй, сонсоогүй юм шиг царайлсаар хэр удах вэ? Одоо хүртэл би “Монгол кино сайжрах бол уу, эсвэл бүр дордох бол уу?” гэж бодож сууна.
Монголын кино урлагийг дэмжигчдийн клубын УЗ-ийн гишүүн.