О.Бат-Өлзий: Монгол кинонд мөнгө хаях цаг нь болсон

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

О.Бат-Өлзий: Монгол кинонд мөнгө хаях цаг нь болсон

“Гарц” киног хэрхэн бүтээсэн болон Монголын киноны урлагийн талаар “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин, “GIG” продакшны найруулагч, СТА О.Бат-Өлзийтэй ярилцлаа. Тэр “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот” “Чиний эзгүйд” зэрэг киногоороо үзэгчдийн талархал хүлээж, “Улаанбаатар” кино наадмаас шагнал хүртэж байсан.

-“Гарц” кинон дээр яагаад ажиллах болсон талаараа эхлээд сонирхуулахгүй юу?

-Бидэнтэй хамтарч ажилладаг байсан Солонгосын хөрөнгө оруулалттай “Экисрил” компаниас бидэнд санал тавьсан юм. Өмнө нь манайх Германы “ЦДП” телевизтэй хамтарч, Өвөр Монголын хоёр ч кинон дээр ажиллаад байсан л даа, 2006 оноос хойш.

-Яг кинон дээр бол Монголын тухай маш бага хэсэг гардаг. Киноны гол дүр буюу Ким Ён Сү Чингис хаан нисэх буудлын гааль дээр саатуулагдаж байгаа хэсэг, түүний хүү Ким Жон Монголын говьд төөрч осолддог хэсэг. Гэвч зураг авалтыг яагаад Монголд хийсэн юм бэ?
-Зураг авалтыг Өмнөд Солонгос, Хятад, Монголд хийсэн. Ер нь зураг авалтын 70-80 хувийг Монголд хийсэн дээ. Бээжингийн ЭСЯ-ны зургийг л гэхэд МоАХ-ны цагаан байранд авсан. Зураг авалт яг эхлээд ид дундаа орж байтал МоАХ-ны партизанууд бөөнөөрөө дайрч ирээд “Манай холбооны байшинд Хятадын туг өлгөчихсөн байна, хятад цэргийн хувцастай хүмүүс яваад байна” гээд эсэргүүцэх жишээтэй. XI дүгээр хорооллын зам чинь өөрөө ачаалал ихтэй зам шүү дээ. Тийм учраас 2-3 өдрөөс илүү хугацаагаар зам хаах боломж байгаагүй. Тийм учраас зураг авалтын баг бол асар их ачаалалтай ажилласан. Хүүхдүүд зах дээр гардаг хэсгийн зургийг гэхэд “Барс” худалдааны төвийн контейнерүүдийг зайчилж байгаад авсан. “Солонгос Монголын хамтарсан “Гарц” киноны зураг авалт болж байна” гээд гадаа нь хаяг хадчихсан байхад жишээ нь тагнуулынхан “Юун болж байна” гээд ирж шалгах, “Монгол хүүхдүүдийг муухай хувцас өмсгөж байгаад зургийг аваад байна гэсэн мэдээлэл ирлээ“ гээд телевизийнхэн давхиж ирэх жишээтэй. Шоронгийн зургийг гэхэд Биокомбинатад байдаг хуучин уурын зуухыг цэвэрлэж байгаад авсан. Хуучин нэг системд байсан гэдэг утгаараа манай хуучны байшин барилгууд, ерөнхий дүр зураг энэ тэр Хойд Солонгосын дүр төрхтэй адилхан байдаг юм байна л даа. Энэ утгаараа кино зургийн дийлэнхийг Монголд авсан.

-Гол дүр болох жаалхүү Монголын хилээр орж ирээд 2-3 хоног явган нүцгэн явахад нэг ч хүнтэй таардаггүй. Хилийн харуулынхан ч олоогүй. Энэ л киноны хамгийн эгзэгтэй, эмгэнэлтэй хэсэг байсан шиг санагдсан. Таны хувьд?
-Угаасаа Монголын говь дэлхийд алдартай шүү дээ. Тиймээс ч жуулчид ирэх, зураг авах сонирхолтой байдаг. Говь гэдэг өөрөө их хатуу, халуун хүйтэн харшиж байдаг газар. Тэнд огт хэл мэдэхгүй, газар мэдэхгүй, нялх хүүхэд байтугай нутгийн хүн ч төөрч осолдох тохиолдол байдаг. Хоёрдугаарт, Хойд Солонгосын дүрвэгчид Монголоор дамжиж Өмнөд рүү гардаг, ганц боломж нь. Тийм учраас нэгэнт уран сайхны кино учраас аав, хүү хоёрыг уулзуулчихгүй яав даа гэсэн харамсал, эмзэглэл үлдээхийн тулд л найруулагч, зохиолч нар Монголын говийг сонгосон байх л даа. Түүнээс биш Монголын хил гэдэг ямар ч хараа хяналтгүй, хилээр хэн ч орж ирсэн мэддэггүй гэдэг байдлыг үзүүлэхийн тулд ийм сюжет оруулаагүй. Би өөрөө хил дээр цэргийн алба хаасан хүн. Монголын хил тийм задгай, хяналтгүй байдаг юм биш. Монголын хээр тал, ялангуяа говь бол аль ч талаараа алдартай. Байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлтэй.

Найруулагч нь өөрөө их алдартай, сайн найруулагч л даа, Ким Тэ Гёон гэж. Өмнөд, Хойд Солонгос чинь нэг үндэстэн, тэгээд хоёр өөр нийгэмд амьдарч байгаа. Хойд Солонгос нь коммунист дэглэмтэй, хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тэнд огт байхгүй. Гэтэл Өмнөд Солонгос ямар билээ. Энэ хоёр нийгмийн ялгааг л харуулахыг зорьсон кино л доо. Зохиолын хувьд ч их сайн, Солонгостоо ч багагүй амжилт олсон кино. Гол дүрийн хоёр жүжигчин л Солонгосынх, бусад дүрүүдэд нь монгол жүжигчид тоглосон. Монголын жүжигчид, хаана ч гологдохгүй.

-Яагаад киногоо Монголд гаргаагүй юм бэ?
-Хөрөнгө оруулагч нь солонгосчууд учраас Солонгостоо гаргасан. Манайх бол албан ёсоор эрх аваагүй, гэхдээ DVD-гээр бол аль хэдийн тарчихсан байх л даа. “Хар хун” кино Холливудад дуулиан тарьж эхлээгүй байхад л манайд ороод ирчихсэн ТҮЦ-энд зарагдаж байсан биз дээ. Телевизийнхэн ч бас тийм л маягаар авсан байх.

-Та өөрөө одоо ямар кинон дээр ажиллаж байна?
-Тоорой бандийн тухай түүхэн киноны зураг авалтад энэ зун гарна. Сүхбаатар аймгийн харьяат Жалбалдоржийн Дүүрэнтөгс гэж залуугийн судалгаан дээр үндэслэж, түүхэн кино хийх бодолтой байгаа. Аав нь Тоорой бандийн түүхийг насаараа судалсан юм билээ, хүү нь тэр ажлыг нь өвлөж авсан. Тогорой банди гэж чухам ямар хүн байсан юм, ямар цаг үед амьдарч байсан, Монголын түүхэнд ямар гавьяатай юм гэдгийг бодит үнэнээр нь өгүүлэх кино болох юм.  

-Сүүл үед Монголын кино урлаг өмнөх үеэ бодвол хөгжөөд байгаа мэт харагдах ч нэг л хэв загварт орчихсон мэт санагддаг. Энэ талаар таны бодол?
-Одоо кино хийж байгаа залуусыг хараад байхад маркетинг талаа ч боддог юм уу, кинондоо их гоё эрэгтэй, гоё эмэгтэй, залуу хүмүүсийг тоглуулдаг болчихсон байна. Сэдэв нь ч их ойролцоо. Их л гял цал, арилжааны кино учраас хүнд үзүүлэхийн төлөө тэгдэг юм уу, өнгөн тал руугаа хэт их толгойгоо гашилгаад байна. Харин арай нэг жаахан эрэл хайгуул хийсэн нь Ж.Сэнгэдорж гэж залуугийн “Дадаан” гэж кино байна. Тэр бол хийц нь шал өөр, бүтээл болсон кино л доо. Жүжигчид маань ч гэсэн өөрсдийгөө нөөх, нуух, хэрэгтэй юманд гарч ирж байх хэрэгтэй. Юм болгонд тоглоод байх бас хэцүү. Нэг жүжигчин дөрвөн кинонд зэрэг тоглоод, тэр кинонууд нь нэг зэрэг нээлтээ хийхээр нэг киноны 1, 2, 3, 4 дүгээр анги ч юм шиг болчихож байгаа байхгүй юу.

Тийм учраас та дандаа кинондоо аль болох мартагдсан, дэлгэцэнд олон гардаггүй жүжигчдийг оруулдаг юм уу? “Мандухай цэцэн хатан” киноны Минхай жанжинг Б.Балжинням гуай Төв аймгийн театраас авчирч тоглуулж байсан. Хамгийн сүүлд таны “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосон биз дээ?

-Түүхэн сэдэвтэй, XIII-XIV зууны үеийн тухай кино хийе гэвэл манай орчин үеийн жүжигчдээс дүр төрхөөрөө таарах хүн олдохгүй байх гэж би боддог юм. Эмэгтэйчүүд нь хөмсгөө засаад, хамраа өндөрлөж, давхраа хийлгэчихсэн, эрэгтэйчүүд нь таргалаад, энд тэндээ шивээстэй болсон. Уг нь бол уран бүтээлч хүн тийм байх ёсгүй л дээ. Ямар ч үед, ямар ч дүрд бэлэн байх ёстой. Тийм ч учраас би хөдөө тоглолтоор явах, аймгийн театр энэ тэрээр ороод гарахдаа хараад л явдаг байхгүй юу. Тэд бол яг л хэвээрээ, юунд л бол юунд бэлэн байдаг. Ж.Сүххуяг тэгж байнга гарч ирээд байхгүй байгаа биз дээ. Хашрууд зөвхөн тулаанд нисдэг гэдэг шиг, хараад л сууж байгаа. Одоо ч гэсэн Тоорой бандийн тухай кино хийхэд миний кинонд лав тарган цатгалан, цагаан царайтай хүн орох боломжгүй болж байгаа юм. XIX-XX зууны эхэн үеийн зургуудийг харж байхад манай монголчууд чинь жаахан туранхай, бараандуу царайтай улс байсан байгаа юм. Иргэншээгүй, нүүдэлчин ард түмэн чинь аргагүй шүү дээ. Яаж ч бодсон тэр хөдөө хээр, нар салхинд, морин дэл дээр хийсч явсан улс чинь цагаан царайтай, цулцгар хацартай байж таарахгүй.

-Монгол кино жилээс жилд олшроод байна. Тэгэхээр Монголд киногоор амьдарч болно, өөрөө өөрийнхөө өртгийг нөхөөд байна гэсэн үг үү?
-Кино урлаг бол дэлхийд хамгийн том бизнес. Одоо ер нь сайн кино хийсэн хүн Монголд амьдарна шүү. Гэхдээ зах зээл жижиг шүү дээ, ашиг бага. Жүжигчдийн хөлс ч гэсэн бага. Тийм учраас багахан мөнгөөр багахан төсөвтэй л кино хийж байна. Мөнгөтэй том компаниуд кино урлагт мөнгө хаяж байгаа юм алга. Харин “Nomads”-ийн Есөнмөнх гэж залуу бий, “Би чамд хайртай”-гийн хоёрдугаар ангийг хийсэн. Энэ залуу бол мэдрээд байна. Киноны зах зээл, киноны бизнес гэдгийг мэдэрчихсэн, үр шимийг нь хүртчихсэн. Өшөө олон том компаниуд кино урлагт мөнгө хаявал алдах юм байхгүй. Би ӨвөрМонголын хоёр ч кинонд хамтарч ажиллалаа. Мөнгөтэй компаниуд мөнгө хаяад, хоёр ангитай ч хийж байна, 20 ангитай ч кино хийж байна. Тэгээд сайн кино гарч байна, гадагшаа фестивалиудад явж, сайн арилжаалагдаж ч байна. Яагаад гэвэл кино урлаг чинь хил хязгааргүй эд. Би өөрөө 2007 оны “Берлинал 57” наадамд оролцсон, “Хязгаар” киногоороо. Тэгэхэд энэ кино Солонгос-Монгол-Францын хамтарсан кино гэдгээрээ л доошоо орчихсон болохоос биш Монгол-Солонгосын юм уу, Монгол кино гэдэг явсан бол тэр жилийн “Алтан баавгай” шагнал энүүхэнд байсан. Манай Солонгосчууд ч андуураад, горьдоод “Манай кино шагнал авчихлаа” гээд биеэ бэлдчихсэн байсан. Тэгээд манайх кино биш, Хятадын Өвөр Монголын “Туяагийн хурим” гэдэг кино шагнал авсан. Тэгэхэд л би бодсон. Монгол хүн өөрөө сэдвээ гаргаад, өөрөө найруулаад, өөрөө зургаа аваад гадныхны оролцоогүйгээр техникийн өндөр түвшинд хийгээд очиход аль ч наадмаас шагнал авна, их дээгүүр давхина шүү. Яагаад гэвэл кино урлаг шинэ тулгуур хөгжиж байгаа орнуудын киног гаднын кино наадмууд асар их дэмждэг.

-“Хязгаар” кино хаанахын зохиол вэ?
-Солонгосынх.

-Манайд тийм зохиол байхгүй юу?
-Байна, бүх юм нь байна. С.Бямбаагийн “Хүсэл хясал” гэж кино байна. Өөрөө бор зүрхээрээ яваад хийгээд ирсэн. Дэлхийн кино наадмуудаас их сайн үнэлгээ өгч байна. Монгол киноны агуу найруулагч Жигжид гуай, түүний хүү Биндэр хоёрын амьдрал дээр тулгуурлаж хийсэн баримтат кино. Ганцхан техник л хэрэгтэй байна. Тиймээс одоо бид гадныхантай хамтрах гээд хэрэггүй. Бизнесмэнүүд нь жаахан мөнгө хаячихад л болно. Тэгвэл шагнал авах нь ч, арилжаалагдах нь ч хамаагүй дээр.

-Та өөрөө хэр олон шагнал авсан бэ? Гадаад дотоодын кино наадмуудаас?
-Гаднаас бол шагнал аваагүй ээ. “Улаанбаатар” кино наадмаас “Уулын төмөр” киногоороо “Мөнгөн хангарьд” шагнал авсан. “Зүрхэнд шивнэсэн үг”-ээр “Дебют найруулагч”-ийн шагнал авсан, анхны маань кино л доо. Миний хэдэн кинонууд Азийн Фукуокогийн кино наадамд байнга оролцдог.  

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж