Жулиан Ассанж Америкийн зохиолч Ноам Хомскийн хамт Элчин сайдын яамны тагтан дээр /2014 он/
“Wikileaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Английн Лондон хот дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд бүгээд даруй гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд Лондонгийн цагдаагийн газраас Жулиан Ассанжийн байрлаж буй Эквадорын Элчин сайдын яамыг 24 цагийн турш харж, хянахад 10 орчим сая фунт-стерлингийг зарцуулжээ. Жулиан Ассанжийг манаж буй цагдаагийн албан хаагчдын цалинд 2012 оны зургадугаар сараас өнгөрсөн аравдугаар сар хүртэл 7.3 сая фунт-стерлинг зарцуулсны дээр 1.8 сая фунт-стерлингийн илүү цагийн хөлс олгожээ. Лондонгийн цагдаа нар Жулиан Ассанжийг Эквадорын Элчин сайдын яамнаас гадагш ганц алхвал шууд баривчилахаар амдаж буй. Энэ талаар “WikiLeaks” сайтын төлөөлөгч Кристинн Храфнссон “Их Британийн Засгийн газар олон мянган хүний амийг хөнөөсөн Иракийн дайны хэргийг мөрдөн шалгахаас илүү тагнуулын ажиллагаа, ял шийтгэгдээгүй улс төрийн орогнол хүсэгчийг хориход мөнгө зарж буй нь ичгэвтэр” хэмээн мэдэгджээ.
Жулиан Ассанж 2010 онд Шведэд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутгагджээ. Шведийн шүүх өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Жулиан Ассанжийг баривчлах тогтоол гаргасан аж. Үүний зэрэгцээ Жулиан Ассанж “Wikileaks” сайтаараа дамжуулан Пентагон, АНУ-ын Тарийн департментийн хэд хэдэн нууц материалуудыг олон нийтэд цацсанаас АНУ-д цаазаар авах ялд унаад байгаа юм.
Жулиан Ассанж өнгөрсөн наймдугаар сард “удахгүй” Эквадорын Элчин сайдын яамыг орхино хэмээн мэдэгдэж байсан ч одоо хүртэл тэнд орогносоор байгаа юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС