АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Дээрхийн гэгээнтэн Далай ламтай өчигдөр уулзсан тухай BBC агентлаг мэдээлжээ. Тэд Цагаан ордонд болсон Үндэсний залбирлын арга хэмжээний үеэр ширээнд хамт суун, хэдэн минутын турш ярилцсан байна. Барак Обама өмнө нь Далай ламтай гурван удаа уулзаж байсан ч тэдний уулзалт дандаа хаалттай болж, уулзалтын дараа зөвхөн гэрэл зураг авахуулаад л өнгөрдөг байсан юм.
Харин өчигдөр тэд хамтдаа олон нийтийн арга хэмжээнд оролцсон анхны тохиолдол боллоо.
Залбирлыг өглөөний цайны арга хэмжээг Барак Обама үг хэлэн эхлүүлсэн ба тэрээр шашин шүтлэгийн нэрийг барьж хүчирхийлэл хийж буйг эрс буруушааж буйгаа онцоллоо.
Мөн Далай ламыг сайн найз хэмээн онцлоод түүнийг хүний эрх, эрх чөлөө, нэр төрийн жинхэнэ утга учрыг илэрхийлэгч хэмээн нэрлээд Далай лам хүн төрөлтний эрх чөлөө, нэр хүндийг хамгаалахын төлөө бидэнд урам өгч байдаг гэжээ.
БНХАУ-ын зүгээс Далай ламыг Хятадын эсрэг салан тусгаарлах үзлийг шашнаар дамжуулан олон нийтэд сурталчилдаг хэмээн буруутгадаг учир АНУ-ын ерөнхийлөгчийг түүнтэй уулзах уулзалтыг байнга эсэргүүцдэг юм. Энэ удаад ч тэд эсэргүүцлээ илэрхийллээ.
Тус арга хэмжээнд Иорданы хаан II Абдулла оролцохоор уригдсан байсан ч “Исламын улс” бүлэглэл тус улсын нисгэгчийг амьдаар нь шатаасан бичлэг цацагдсаны дараа уулзалтаа цуцлан эх орондоо буцсан байна.
Н.ЦЭНД