Түүхэн кино гарч ирээсэй

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

Түүхэн кино гарч ирээсэй

“Хэцүү анги”, “Гоёлын даашинз”, “Помогите нам” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглож, олны танил болсон жүжигчин Б.Навчаатай уулзан “Кино код” нэвтрүүлгийн талаар ярилцлаа.

-Ард түмний санал асуулгаар кино бүтээх гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ бол цаг үеэ олсон ажил гэж хэлэх байна. Учир нь кино урлаг манайд хөгжөөгүй биш хөгжсөн, хөгжиж байна. Дэлхийд кино урлаг хөгжиж эхэлснээс 40 жилийн дараа манайд хөгжсөн гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ одоо бид нар хурдтайгаар явж байна гэж өөрсдийгөө дүгнэж байгаа. Кино маань ерөөсөө ард түмний дотор байдаг. Ийм кино хийчихээсэй, энэ жүжигчин маань ийм дүрд яваад үзчихвэл ямар байдаг бол гэж ард түмний санал асуулгаар явна гэдэг бол нэг ёсондоо сонгогдсон жүжигчинд өөрт нь маш хүндлэл байх ёстой. Тэгэхээр энэ бол маш зөв шоу нэвтрүүлэг байна гэж хэлмээр байна. 

-Та энэхүү шоунд кино ур­лагийн ямар төрөл үзэгчдээс хамгийн их санал аваасай гэж хүсч байна?

-Ер нь би бол түүхэн кино ялаасай гэж хүсч байна. Түүхэн кино гэдэг маань өөрөө том. Ер нь хүн түүхээ мэдэж байх ёстой. Одоо ерөнхийдөө залуус ном уншихаа больчихож, номыг орлодог зүйлс зөндөө болж. Номыг орлож болох юм юу вэ гэхээр кино. Тэгэхээр бид нар маш сайхан түүхэн кино хийх хэрэгтэй. Өчнөөн хаан хатдын түүх байна. Түүхэн кино гарч ирээсэй гэж миний хувьд бодож байна.

-Ард түмний сонголтоор таны нэр сонгогдоод кинонд тоглох урилга илгээвэл та тоглох уу?

-Зөвшөөрөлгүй яахав. Гэхдээ яахав битгий өрөөсгөл бодоосой гэж бодож байна. Мэдээж урлагийн сургуулийг нь дөрвөн жил сураад төгссөн, 12 жил энэ кино урлагт зүтгэсэн хүн бага сага хэмжээгээр жижиг дүрүүдэд тоглоод явж байсан ч гэсэн анхныхаа ухагдахууныг мэдэж байгаа учраас энэ жүжигчин маань инээдмийн төрөлд илүү тохирох юм аа гэж битгий хараасай. Түүхэн кинонд бас эсрэг дүр байж л байдаг. Эсрэг дүрийг ер нь бол гаргачихна гэж бодоод байгаа шүү.

-Таны хувьд ирээдүйд түүхэн дүр бүтээх юмсан гэсэн хүсэл мөрөөдөл байгаа гэж ойлгож болох нь ээ?

-Ер нь би түүхэн кинонд тоглоогүй болохоос уянга, драм гээд бусад төрөлд тоглосон. Яахав үзэгчид кино театрт хэр очиж үздэг юм. Телевизийн сериал кино болохоор автоматаар хүмүүст хүрч байдаг. Намайг жишээлбэл, “Хэцүү анги” олон ангит киноны Янжин захирлын дүрээр л мэдээд байгаа шүү дээ. Тэрийг би ярихдаа жаахан сэтгэл дундуур байдаг. Яагаад гэвэл тэр киногоо өөрөө найруулсан болохоор. Найруулж байж яалт ч үгүй өөрөө тэр дүрд тоглосон учраас дүр дээрээ ажиллаж чадаагүй. Хэрвээ зөвхөн жүжигчин гэсэн үүднээсээ ажилласан бол дүр маань босчих боломж байсан байх л гэж боддог.

-Гэхдээ таны тэр дүр үзэгчдэд сайн хүрсэн шүү дээ. Анх жүжигчин болох гараагаа яаж эхэлж байсан бэ?

-Ерөөсөө жүжигчин болъё гэж бодоогүй байсан. Тухайн үед элсэлтийн шалгалтыг нэг зэрэг авдаг байлаа. 1995 он байлаа, багш нар ажил хаяад л, их л ороо бусгаа үед төгсч байсан. Тэгээд СУИС арай элсэлтийн шалгалтаа аваагүй байна гээд. Би уг нь урлаг судлаачийн ангид оръё гэсэн боловч хүссэн анги маань жил өнжиж элсэлт авдаг гээд, найруулагчийн ангид оръё гэхээр заавал мэргэжлээрээ дөрвөн жил ажилласан хүнийг авдаг гээд яалт ч үгүй жүжигчний ангид бүртгүүлсэн юм. Гэхдээ би өөрийгөө тэнцэнэ гэж бодоогүй байж байгаад тэнцчихсэн. Хүн тухайн үед сонирхолгүй байж болно л доо. Тэгээд энэ ангидаа ороод жүжигчний мэргэжил гэж яасан хэрэгтэй юм бэ гэж ойлгосон. Жүжигчин гэдэг мэргэжил бол ерөөсөө л хүн судлал, сайхан мэргэжил. Бурханд бол дээд заяатай хүмүүс гэж яригддаг шүү дээ.

-Телевизээр реклам нь гарах болсон таны тоглосон “Нэг хоёрын гурав аа” гээд инээдмийн шинэ кино хэзээ нээлтээ хийх вэ?

-“Өргөө” кино театрт нээлтээ хийсэн. Өнөөдрөөс эхлээд “Тэнгис” кино театрт гарч эхэлнэ.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Гавьяат дуучин Баясгалан кинонд хөрөнгө оруулалт хийж үзье гээд “Рашаантын 18” гэж уран сайхны кино хийлээ. Энэ кино маань инээдмийн жанрын боловч их уянгын кино болсон. Миний хувьд шүү дээ. Өөрөө энэ кинонд нэлээн жүжигчдийн тоглолт хариуцаж, зохиол дээрээ сууж хамтарч ажилласныхаа хувьд энгийн үзэгчийн  үүднээс үзэхэд маш сайн кино болсон гэж дүгнэж байгаа. Мэргэжлийн хүмүүсийг ч урьж, киногоо үзүүлсэн. Удахгүй нээлтээ хийж, олны хүртээл болох байх аа.

-Энэ киноны гол дүрд хэн хэн тоглосон бэ? Таны дүрийн тухайд?

-Ер нь гол дүр гэж хэлж болно доо. Х-Түц хамтлагийн Батаа, Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Ганчимэг бид гурав байгаа. “Рашаантын 18” гэхээр ардчилалтай хольж ойлгож болохгүй. Яагаад энэ нэрийг өгөх болсон бэ гэхээр “Рашаантын 18” гэдэг дууг одоо цагт хөрвүүлбэл юу вэ гэхээр ерөөсөө л Монголын Ромео Жулльета байсан байхгүй юу.

-“Рашаантын 18” хэзээ нээлтээ хийх бол?

-Одоогоор товоо аваагүй байна. “Тэнгис” кино театрт үзүүлсэн, тех­­­никийн үзүүлэлтээ авчихсан. Ерөнхийдөө одоогийн хийгдэж байгаа Монгол киноноос хамгийн сайн нь байна гэсэн үнэлэлт дүгнэлт авчихаад байж байна. Болж өгвөл энэ сарын 20-доор нээлтээ хийх санаатай байгаа.

-Дараагийн уран бүтээлийн тө­лөв­­­лөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

-Дараагийн уран бүтээл гэвэл “Помогите нам 3”-ыг хийх төлөвлөгөө байна. Гэхдээ аливаа юм заавал санхүү, мөнгө шаардаж байдаг. Хамгийн гол нь бид урлагт хайртай жаахан ч гэсэн сэтгэлтэй хүнээс мөнгө гаргадаг шүү дээ. Хүмүүс бол очоод үзнэ. Кино яаж бүтдэг вэ гэхээр нэгт санхүүгийн асуудал, хоёрт ямар зохиол байх вэ, гуравт нэр хамгийн чухал байдаг. Тэгээд хэн хэн тоглох вэ гэдэг үүднээс явдаг учраас энэ бол бүхэл бүтэн менежмент, урлаг. Нэг зүйл нэмээд хэлэхэд кино урлаг гэдэг бол бүх урлаг дотроос хамгийн чухал урлаг. Энэ бол дэлхий нийт зөвшөөрчихсөн үг хэллэг шүү дээ. Кино урлаг нь хөгжиж байгаа ард түмэн хөгжин дэвждэг. Жишээ нь Америк бол киног үйлдвэрлэдэг улс. Америкийн кинонд Иран,Иракийн дайн байлдааны тухай гарахаар Ирак, Ираныг буудаад алаад л байдаг. Харин Америкийн нэг цэрэг буудуулахаар цөлд байсан ч гэсэн ерөнхийлөгч нь онгоцоо нисгээд тэр нэг иргэнээ авраад байна. Энэ бол ард түмнээ өмөөрч байна. АНУ гэдэг чинь ийм гэж киногоороо дамжуулан үзүүлж байна. Манайд сайн муу гэж хэлэгдэж байгаа нь шалгуур. Илүү сайн уран бүтээл гаргахын тулд кинонд хүчээ сорьж, кино урлагийг дэмжиж, хөрөнгө гаргадаг хүмүүс маань их олшроосой гэж хүсч байна. Зарим нэг компанитай кино бүтээх талаар ярилцахаар бараа материалаа сурталчлуулах гээд тэр нь зохиолтой зөрчилдөх, заавал тэр хүнээс мөнгө гаргуулчихсан болохоор заавал баригдах гээд л. Энэ асуудал сериал кинонд их мэдрэгддэг. Уг нь энэ чинь аль болох уран бүтээл талаасаа байх ёстой. Тэр талаас нь дэмждэг, санхүүгээр тусалдаг л хүн олшроосой. Тэгвэл сайн муугийн ялгарал угаасаа шалгуураар гараад ирнэ шүү дээ.



-Танд уран бүтээлийн амжилт хүсье.

 


Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж