-Ай даа, НАМАР. Яруу найраг шиг магадгүй яруу найргаас ч тунгалаг улирал билээ. Багшийн минь сэтгэл шиг, багшийн минь сэтгэлээс ч тунгалаг улирал билээ-
Моносны навч үнэхээр үнэмшмээргүй гоёмсогоор улайжээ. Байгаль ямархан гайхамшигтай зураач болохыг бид намар л илүү мэдэрдэг санагдана. Гэтэл сүүлийн үед элдэв бичиг цаасны ажилд дарагдаад, намар болчихоод байхад гэгэлзэж, сэрвэлзэж, гуниглаж чадахгүй байгаадаа өөртөө хичнээн их уур хүрч бухимдал дотроос модны голыг нүхэлсэн өт мэт хэмлэж байна. Өмнө нь би ийм л намраар багшийнхаа тухай халуун сайхан дурсамж хөврүүлээд эрх дураараа шар нарны илч муутайхан гэрэлд нуруугаа ээгээд алхдагсан. Гэртээ ороод л ширээнийхээ ард аз жаргалтай ажилдаа ханцуй шамлан ороод агаар сансарт хөвөх мэт нисэн жингүйдэж, цонхоор уул ус харж, цоргоноосоо ус хийж залгилаад чухам хүсэл сэтгэл нэн хангалуун суудаг байжээ. Ийм л сайхан улиралд урьдын сайхан мэдрэмжүүдээ хүртэж чадахгүй Монгол Улсын цаасны экспортонд үнэтэй хувь нэмэр оруулаад хаана хэзээ хэн хэрэглэх нь мэдэгдэхгүй тайлан, танилцуулга бичээд сууж байгаадаа үнэндээ гутарнам. Гэвч одоо Евгений Винокуровын ”Яам тамганд шөнө өнгөртөл өцийн уйтгарлаж, дэлдэн бичээч болон үзэг чахнуулж” гэдэг шүлэг шиг суувч бардам сайхан багшийнхаа хойноос нэгэн зул өргөхгүй аваас сэтгэлд минь ямар зай онгойж үлдэхийг би мэдэхгүй, ээ.
Яагаад ч юм, хувь заяаны эрхээр НАМАР-БАГШ гэдэг хоёр үг надад салшгүй холбоотой санагддаг болсоор уджээ. Маш их уджээ. Цагтаа миний дэргэд яваад одоо нэр, утасны минь дугаарыг мартаж, мэнд ч мэдэхээ байсан зарим нэг шавийн минь араншин шиг энэ хоёр ХУУРАМЧ үгийг би мартахааргүй болтлоо хайрласаар ч уджээ.
Ай даа, НАМАР. Яруу найраг шиг магадгүй яруу найргаас ч тунгалаг улирал билээ. Багшийн минь сэтгэл шиг, багшийн минь сэтгэлээс ч тунгалаг улирал билээ. Багшийн минь хайр шиг, багшийн минь хайраас ч тунгалаг улирал билээ. Нэг л ариусал дундуур урсаад байгаа мэт санагддаг билээ. Олоон жилийн өмнө намар чамд “ДОГДЛОЛ” авчирдаггүй бол яруу найрагч болох ямар ч НАЙДВАР байхгүй гэж ууртайхан хэлсэн багшийн минь үг чихэнд сонсогдсоор байх. Сүүлийн үед бүүр чиг ихээр цуурайтсаар байх- НАМАР.
-Чи ойрд яагаад үзэгдэхгүй байна. Ажил амьдрал сайн уу? Ингэж хэнэггүйхэн мэт асуухдаа багш минь надад гомдсон сэтгэлээ нууж чадаагүй юм. Хачин хайхрамжгүй асуухыг, намайг огт тоохгүй байгаа мэт харагдахыг хичээн оролдож байсан ч тэр нь огт бүтэхгүй байгааг мэдрээд байлаа. Тэр бусдыг үл тоомсорлосон мэт харагдахыг хүсдэг ч даанч тэгэж хэзээ ч чаддаггүйг нь би мэдэх болсоор удсан байлаа.
-Шүлэг бичиж байна уу? Ингэж асуухдаа намайг “бичихгүй байгаа” гэж хэлэх вий гэсэн шиг өчүүхэн айдас харцанд нь үзэгдэхэд багшийгаа би юутай ихээр өрөвдсөн гэх вэ? Одоо бол юу юугүй нулимс нүдийг бүрхээд ирэх байлаа. Харин тэр үед уярал догдлолыг мэддэггүй 22 настай, хад шиг хатуу сэтгэлтэй явж дээ? Шүлэг бичих гэдэг багшид минь хамаг амьдрал нь, ажил нь, тэмцэл нь, эх орон нь, ард түмэн нь, газар шороо нь, Наранбулаг нь, Анимаа нь, хайр сэтгэл нь, ер нь хамаг юм нь байсан юм. Тэгэхээр тийм хүнд “шүлэг бичихгүй байгаа” гэж хэлэх хамгийн адгийн хариулт болохыг би хачин сайн мэддэг учраас ”бичиж байгаа” гэж худлаа хэлэхдээ ичиж үхэх шахаж билээ.
Хэрэв одоо надаас багш минь “шүлэг бичиж байна уу” хэмээн асуувал ямар ч эргэлзээгүй асар бардмаар “тийм” гэж хариулах байна. Шүлэг ч бичиж байна, жүжиг ч бичиж байна, үгүүллэг ч бичиж байна, өгүүлэл ч бичиж байна гэж хэрэгтэй, хэрэггүй бичсэн зүйлүүдээрээ хэрэг болгож гайхуулмаар санагдана.
-Чиний тэр “Амьдрал” үгүүллэгийг би уншсан. Яахав дээ? Ингэж хэлэхдээ шүдээрээ салхи сийгүүлээд, үсээ арагш илэхэд нь дотроо сэтгэл хангалуун байгааг нь мэдсээр байхад огт үнэлээгүй царай гаргах гэж дэмий оролдох нь олны хайртай “ТОМ” яруу найрагч биш тэр үед орцонд шүлэг уншдаг байсан “Хүрээ Хөвгүүд”-ийн хэн нэгэн шиг гэнэн цайлган харагдаж билээ. Цонхоор нарны гэрэл нүүрэн дээр нь тусахад алсыг ширтэх мэт гараараа саравчилж намайг хэсэг ширтсэнээ:
-Олон хүн надаас урважээ. Та нар ч ялгаагүй гэж хэлээд уртаар санаа алдахад нь хэлэх үг олдохгүй дэмий л шал ширтэж зогссон учир мэдэхгүй 22 насаа учиргүй өрөвдөх минь юуных вэ? Хавчигдаж хяхуулж явсан багшдаа дэм болохоор ганц сайхан үг олоод хэлчих ухаангүй дэмий л цээж хаяалсан тэр насандаа “МОНОСНЫ НАВЧ ГОЁМСОГООР УЛАЙСАН НЬ МИНИЙ САЙНЫХ” л хэмээн бодож явжээ. Өөрийн сайндаа л яваа гэж оодорч, бусдын шүлэг дэндүү өчүүхэн санагддаг байсан тэр л үеэ эргэн санахад харамсах зүйл төрдөггүй. Хэрэв тэгэж оодорч онгирч үзээгүй бол одоо ч “МОНОСНЫ НАВЧ ГОЁМСОГООР УЛАЙСАН НЬ МИНИЙ САЙНЫХ” хэмээн андуурч эндүүрсээр яваа ч бил үү. Яаж мэдлээ.
-Урвагчид тэгээд ичих ч үгүй өөдөөс “хуцаж” байна. Би хэнээс ч айхгүй. Надад буруу байхгүй гээд инээмсэглэхэд нь ядаж дэмжээд толгой дохиогүйгээ одоо санахаар ухааны сүвгүй толгойгоо балбаад балбаад баршгүй. Үл мэдэгхэн гуниг харцанд нь сүүмэлзэвч үйл хэргээсээ няцах буцах сэтгэлгүй цэгц шулуун багш минь одоо зарим заримдаа журамгүй яваа биднийг олж хараад яах байсан бол гэж бодохоос яс хавталзана. Ялихгүй явган юмнаас болж маргалдсан Хөөдөөгийн Эрдэнэбаатар бидэн хоёр саяхны нэгэн өдөр тэврэлдэн эвлэрснийг хаанаас ч юм хараад /мэдээж дээрээс/ хачин ихээр баярласан болов уу?
-Яруу найраг ирээдүйд ямар болохыг хэлж мэдэхгүй. Хоёулаа жаахан ярьж сууя. Чи хүлээж бай гээд цүнхээ гарт атгуулчихаад сонины газар руу ороход нь дагаж яваа тэр нэг нөхрийг нь хараад би “лав хүнд хань болохоор эр биш байна” гэж бодож билээ. Заримдаа надад багш минь шүлэг сайн бичдэгээс, хүн танихдаа муу санагддаг байлаа. Харваас итгэлгүй хүнтэй ч ханилж нөхөрлөдөг байлаа. Шууд л хараад зам нийлэхгүй хүмүүсээс болж шулуухан хэлэхэд чамгүй хохирсон ч уужуухан сэтгэлээр бүгдийг өршөөгөөд уярч догдолж явсан УХААРАЛ юм даа? МИНИЙ БАГШ.
Ай даа, намар минь. Би түүнийг хүлээгээд моддын дэргэд тамхи татаад зогсч байв. Одоо санахад дэргэд нь нэг ч удаа тамхи татаж байгаагүй юмдаг. Хүмүүжилтэй байжээ. Багшийгаа жинхэнэ шавийн ёсоор хайрлаж хүндэлдэг. Одоогийн хэрэг нь өнгөрөхөөр сураггүй болдог миний зарим шавь шиг биш байжээ. Даанч ХҮН ЧАНАРГҮЙ явдлыг жигшин зэвүүцдэг багшийн ХҮН ЧАНАРГҮЙ явдлыг жигшин зэвүүцдэг НОМТ МЭРГЭН шавь болж чадаагүй ч хэлснийг нь дамжуулж, шивнэснийг нь дуулгаж яваадаа үе үехэн өөрөөрөө үнэндээ ихээр бахархнам.
Ай даа намар минь. Шав шархан навчис хөлөөр нэг хөглөрөхөд гэв гэнэтхэн би багшийнхаа тухай дахиад бодном. Унасан навчсыг гишгихдээ ч өрөвдөж хайрладаг багш минь ХУУРАМЧ муусайн эх орончдод аянга цахилгаан мэт байлаа. Тэртээ залуудаа “ЯРУУ НАЙРАГЧ ТУГ ШИГ БАЙХ ЁСТОЙ” гэж бичсэн юм. Хэлсэндээ ч хүрсэн юм. Туг мэт дэрвэж яваад энэхэн хорвоог туулсан юм.
Ай даа, намар минь. Дунд сургуулийн уран зохиолын багш минь Хандаа гэдэг сайхан эмэгтэй. Б.Явуухулан түүнд зориулж “Царайлаг шүү, царайлаг чи минь Хандаа, царайны чинь сайханд үүрийн тухай…” гэдэг шүлгээ лав зохиосон гэж бат ноттой боддог байлаа. Хандаа багш минь нэг удаа ”ДАШБАЛБАР САЙХАН ЯРУУ НАЙРАГЧ” хэмээж билээ. Тэр л ганцхан үгүүлбэр намайг ХУВЬ ЗАЯАНЫ МИНЬ зам руу түлхчихсэн юм. Сайхан яруу найрагч ямар шүлэгтэй байдгийг үзэхээр саваагүйтэж “Гэрэлт хайр”-ыг олж уншаад л ховсдуулчихсан юм.
-Удаан хүлээв үү? Ингэж асуугаад багш минь их л ядрангуй инээмсэглэв. Эсвэл надад тэгэж санагдсан ч байж мэднэ. Хамт алхаж явахдаа зам ингээд салж буйг би мэдээгүй юм. Удалгүй багш минь Үржинхандын оронд гэрэл татуулан одож үймэрсэн шар навчис дунд үймсэн хэдэн шавь нар нь үлджээ. Өмгөөлөх хүнгүй эх орон нь үлдсэн юм.
Харин надад НАМАР, МОНОС, ГОЁМСОГООР УЛАЙСАН НАВЧИС, БУЯНЫ ӨР ТӨЛӨХ ЦАГ ХУГАЦАА ҮЛДЭЭЖЭЭ.
Ай даа, намар, намар… Юу ч хэлэх вэ дээ? МОНОСНЫ НАВЧИС ГОЁМСОГООР УЛАЙСАН НЬ МИНИЙ САЙНЫХ БИШ ШҮҮ? БАГШ МИНЬ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин