Хуучирсан мэдээ: 2015.02.06-нд нийтлэгдсэн

Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно. “Монгол Улсын тусгаар тогтнолд Х.Чойбалсангийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд хуралдах бол “Монголын Үндэсний музейн сан хөмрөг дахь маршал Х.Чойбалсангийн эд өлөг” үзэсгэлэнгийн нээлт 14:00 цагт Монголын Үндэсний музейд нээгдэх ажээ.

1939-1952 он хүртэлх 13 жил Монгол Улсын Ерөнхий сайдаар тасралтгүй ажилласан Х.Чойбалсан 1895 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гуравдугаар хүү болон төржээ. Түүнд эцэг Жамц нь  Дугар гэдэг нэр өгсөн ч 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад найман монгол хүүхдийн хамт суралцжээ хэмээн түүний намтар түүх үргэлжилдэг. Амьдран буй цаг үедээ сайн муугийн жишээнд олонтаа нэрлэгдэж, Монголын түүхийн салшгүй нэг хэсэг болсон Маршал Х.Чойбалсангийн талаарх үнэн бодит түүхийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас сонсож болох юм.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж