Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор хоёрдугаар сарын 3-ны өдөр хил гарах гэж байсан 13-74 ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашиныг саатуулан нарийвчилсан үзлэг шалгалт хийлээ. Хилийн тагнуулын албанаас өгсөн мэдээллийн дагуу шалгахад тээврийн хэрэгслийг жолоодож явсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын гуравдугаар багийн иргэн Б гэгч байгалийн чулуу их хэмжээгээр гаргахыг завдсан ноцтой зөрчил илэрчээ.
Автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг оймсонд 4-6 кг-аар савлан хийж нуусан байжээ. Энэ хууль бус үйлдлийг урьдаас төлөвлөж, зохион байгуулалттайгаар үйлдсэн байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар харьяаллын дагуу Хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Өмнөговь аймгийн хэмжээнд байгалийн чулууг нууж далдлан импортлох нь түгээмэл. Тиймээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Цагдаагийн газар, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газартай хамтран шалгалт хийжээ. Нэгдүгээр сарын 20-22-нд Баяндалай сумын Төхөм багийн "Дэвсэг", "Цагаан чулуут", "Далай хайлааст", "Улаан толгой", "Хувын булаг", Сэврэй сумын Хоолт багийн "Хул морьт", "Хүрэн овоо", "Наран туул" зэрэг газруудад хийсэн хяналт шалгалтын явцад Сэврэй сумын Хоолт багийн "Хүрэн овоо" хэмээх тусгай хамгаалалттай газарт Баянхонгор, Булган, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын 25 автомашин бүхий 100 гаруй иргэд цуглараад чулуу түүж байсныг тараажээ. Тэдгээр иргэдийн ухсан газрыг өөрсдөөр нь булуулж, гар аргаар нөхөн сэргээлт хийлгэсний дээр гурван га газрын хогийг цэвэрлүүлсэн байна. Тус газарт иргэд газрын гүний усыг их хэмжээгээр гаргаж 2 орчим га газарт ухсан нүх нь усаар дүүрч мөстсөн байжээ. Энэ нь цаг агаар дулаарч байгаа үед мал, амьтан унаж эрсдэх аюултай нөхцөл байдлыг үүсгээд байжээ.
Д.ЦЭЭНЭ
Хас чулууг нуун тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл
Машины пүүтэгний урд талын хэсэг
Машины пүүтэгний урд талын хэсэг