“Кино код”-ын анхны зохиол ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.28-нд нийтлэгдсэн

“Кино код”-ын анхны зохиол ирлээ

Ард түмний саналаар кино бүтээх “Кино код” нэвтрүүлэгт 70 настай П.Цэрэнмаа гуай өөрийн бичсэн “Гайхамшигт монгол эхчүүд” нэртэй кино зохиолоо ирүүлсэн юм. Киноны сэдэв, төрөл, зохиолч, жүжигчнээ олон нийтийн санал асуулгаар тодруулах “Кино код” нэвтрүүлэг дөнгөж эхэлж байхад зохиолоо ирүүлсэн гээд бод доо. Хэдийгээр өвчний улмаас хэвтэрт орж, тэргэнцэртэй явдаг болсон ч Монголынхоо домогт хатад, эхчүүдийн талаар дэлхийн сонорт дуулгах юмсан гэсэн чин хүсэл нь түүнийг зохиол бичихэд хүргэсэн гэнэ. Хоёр жилийн турш түүхийн ном зохиол уншиж, олон судалгаа хийж ажилласны үр дүнд тэрбээр “Гайхамшигт монгол эхчүүд” зохиолоо бичжээ. Түүний энэхүү нөр хөдөлмөр, басхүү чин сэтгэлийг хүндэлж “Кино код”-ынхон нэвтрүүлэгтээ урин оролцуулсан юм. Ингээд П.Цэрэнмаа гуйн яриаг танд хүргэж байна.




-Та ямар мэргэжилтэй вэ?


-Эмээ нь эмч хүн юм шүү дээ. Мэргэжлийн ажлын хажуугаар улс төр захиргааны ажил, олон нийтийн байгууллагын ажил хийж явлаа.

-Таныг хоёр ном гаргасан гэж дуулсан. Эмч мэргэжилтэй хүн яагаад уран зохиолын салбар луу “урвачихав”?

-Би 2003 онд үе мөчний өвчнөөр өвчилж, хэвтэрт орсон юм. Тэр үеэс л эх орон ард түмэндээ дурсамж номоо үлдээх хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн дээ. Тэгээд Монголынхоо бүх эхчүүдэд зориулж “Монгол эх”, эрчүүддээ зориулж “Эрийн хийморь” гэсэн нэртэй хоёр номоо гаргасан. Энэ хоёр номоо редакторлуулахаар Ш.Сүрэнжав гуайд хандсан. Зохиолч маань миний номонд маш сайхан өмнөтгөл үг хийж өгсөн. Тэр мундаг хүний бичиж өгсөн үгс надад маш их урам зориг хайрласан. Тэгээд л би “Гайхамшигт монгол эхчүүд” номоо бичиж эхэлсэн дээ. Ер нь Монголын түүхэнд гайхамшигтай олон эмэгтэйчүүд, эхчүүд байсан шүү дээ. Тэдгээр гайхалтай хүмүүсийн талаар дэлхий нийт судалж эхэлж байна. Тиймээс би эх түүхээ дэлхий нийтэд танилцуулах гэж энэ зохиолоо бичсэн. Монгол хатдынхаа түүхийг монгол хүн бичиж, түүнийг нь монгол хүн найруулж, монгол хүн тоглож дэлхийн сонорт хүргэвэл сайхан шүү дээ.

-Та “Кино код” нэвтрүүлэгт яагаад оролцох болов?

-Хоёр жил ноороглосон ч зохиолоо дуусгаж амжаагүй байлаа. Тэгтэл телевизээр “Кино код” гэж нэвтрүүлгийн талаар гарч байхыг харсан. Энэ бол над шиг зохиол бичиж, эсвэл дотроо нэг сайхан санаа бодоод кино болгочих юмсан даа гэж бодож явдаг олон хүмүүсийн хүсэн хүлээж байсан нэвтрүүлэг. Тэгээд л бөөн баяр болж, зохиолоо явуулсан даа.

-Хэрвээ өмнө нь “Кино код” шиг үзэгчдээс санал авч кино хийдэг байсан бол танд өөрчлөх хүсэлтэй кино байдаг уу? Тэр киноны төгсгөлийг тэгээд өөрчилчихсөн бол сайхан байсан юм даа гэдэг ч юм уу?

-Бидний үед мэдээлэл их хомс байлаа шүү дээ. Кино ч гэсэн одоо үеийг бодвол цөөн гардаг байж. Тийм болохоор гарч байгаа кино болгон л сайхан байдаг байлаа. Алтан үеийнхэн маань ч үнэхээр сайхан кино хийдэг байсан болохоор өөрчлөх тухай бодол орж ирж байсангүй.

-Таны хамгийн үзэх дуртай кино?

-“Мандухай цэцэн хатан”, “Цогт тайж”, “Манай аялгуу” гээд олоон олон. Монгол хүн чинь монгол кинондоо дуртай байлгүй яахав.

-Та өөрийнхөө зохиолоор кино хийхээр бол ямар хүнийг гол дүрдээ тоглуулна гэж бодож байна. Сонгосон уу?

-Тэгэлгүй яахав. Аль хэдийнэ сонгочихсон. Мэндбаяр, Сувдаа, Цэрэндагва гээд алтан үеийн сайхан жүжигчинд байна шүү дээ. Төр ард түмэн маань дэмжиж, зохиолыг минь кино болговол дэлхий нийтэд Монголын талаарх их түүхийг өгүүлнэ дээ.

-Та зохиолынхоо үйл явдлаас товч сонирхуулж болох уу?

-Энэ зохиолд Алунгоо эхээс авахуулаад Мандухай сэцэн хатан, тэр бүү хэл монгол эхчүүдийн тухай олон домог багтсан байгаа. Эрт дээр үед хүүхдээ “бор халзан туулай” болгож домнодог, алтан усаараа хүүхдээ эдгээж байсан гэх мэт олон гайхалтай домог байдаг шүү дээ. Тэр бүгдийг л багтаасан даа.

-За танд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж