Холливүүдийн нэг кино байдаг даа, Жим Кэрри гол дүрд нь тоглосон. Мань хүн бурхны бүх үүрэг хариуцлагыг өөртөө хүлээдэг. Бурхан байх амаргүй ээ, бусдын хувь заяаг шийднэ, хараал ерөөл хоёрыг хангалттай амсана. Гэхдээ бурханд нэг давуу тал байх шиг, тэр хүссэнээрээ фантаазалж болдог. Уран сайхны сэтгэлгээ ч гэмээр юм уу. Амьдралыг сонирхолтой болгох бүхнийг бурхан л бодож олдог юм шиг, хэвээрээ үнэхээр бурхан гэж байдаг бол шүү дээ… Харин кино зохиолч, найруулагч, киноны дүр гэдэг бодитой зүйл. Энэ бүх эрх мэдлийг таны гарт Боловсрол суваг телевизийн Кино код реалити шоу нэвтрүүлэг бүх хүнд адил тэгш олгох нь дээ. Нэг үзээд алдана байгаа, найз минь.
Та хэсэгхэн ч болов бурхны үүрэг гүйцэтгэгч болохсон гэж бодож үзсэн үү? Бусдын тавиланг өөрийнхөө хүсэл зоригоор, гэхдээ бас байж болохуйцаар шийднэ гэдэг зугаатай хэрэг шүү. Болдоо, Туяа хоёр хаана таарах, хэрхэн дурлалцах, хайрын түүх нь яаж өрнөх, өөр хүн дундуур орох юм уу, үгүй юү, орвол юугаар төгсөхийг шийднэ гэж бодохоор бүх эрх мэдлийг гартаа авна гэсэн үг.
Кино код шоу монголчуудыг нийлээд нэг сайхан кино бүтээе гэж байна. Киноны сэдэв, зохиол, зохиолч, гол ба туслах дүрүүд, киноны хөгжмийг хэн бичих, гол ба туслах дүрүүдэд хэн тоглох гээд бүгдийг үзэгчид нийлээд шийдэх юм. Юуны түрүүнд хэдүүлээ эхлээд киноныхоо сэдвийг сонгоно. Эгээ л бурхад шиг тал талаасаа чуулж байгаад нэгэнт тогтсон, монгол ардын үлгэр ёсоор Болдоггүй бор өвгөн нисдэг бор мориороороо хавьтсан ойртсон өстөнөө хашраах уу, эсвэл бүр шал эсрэгээр өстөнүүд нь өнөө муу өвгөнийг чадах уу гэдгийг ярина. Үүнээс ч өөр хувилбар байж бас болно. Өдгөө кино урлагт есөн жаанар төрөл байгаа гэж судлаачид үздэг аж. Тэр бүгдийн энгээр сэтгэх боломжтой. Ухаан нь, Болдоггүй бор өвгөн гэж нэг үл бүтэх нөхөр байнга архи ууж ирээд эхнэртээ балбуулдаг байсан ч болно. Бас, эхнэр нь гэнэт шөнө нь тал нь хар, тал нь цагаан үстэй шулам болчихоод Болдоггүй бор өвөгнийг болгож тавьсан ч болох. Ер нь л та бидний хүсэл зоригоор бүх зүйл шийдэгдэнэ дээ. Болдоггүй бор өвгөнийг Чингисийн түмний ноён болгочихоод Багдадыг шатааж, Бухарыг нураалгаж, хацар гоо хатдын дунд тарвалзуулсан ч бидний л дур. Тэгээд жаргаж хэвттэл чавганц нь гэнэт гаднаас орж ирээд мань өвгөнийг чармай нүцгэн Самаркандаар нэг элдэж түмний шившиг болгосон ч бас л маний хүсэл зориг.
Инээдмийн, түүхэн, адал явдалт, дайн байлдаант, уянгын драм, аймшгийн, уран зөгнөлт, үлгэр домгийн, хөгжимт гээд байж болох төрөл жаанараас үзэгчид сонголтоо хийсний дүнд дийлэнх олонхын саналаар хийх бүтээлийнхээ төрлийг тогтоно.
Боловсрол суваг телевизийн Кино код шоу хөтөлбөрийн ерөнхий утгыг хүний бүтээснийг харж суудаг үзэгчид өөрсдөө хамгийг шийдэх бурхан болчих мэт санагдаад байгаа юм. Та бурхан болж үзмээр байна уу?