-“Татар ажиллагаа” кино ОХУ-ын кино наадмаас шагнал хүртэж, Монголын кино урлагт бас нэгэн амжилтыг авчирлаа?
-Тийм ээ, бид баяртай байгаа. Энэ наадамд 300 гаруй кино өрсөлдсөн юм билээ. Холливудаас дөрөв, таван кино орсон. Тэгээд бид энэ удаад нэг их амжилт олохгүй байх даа гэж бодож байсан юм. Тэгсэн санаад оромгүй явдал болоод гуравт орсон байна гэсэн.
-Ер нь ямар шалгуураар шүүсэн юм бол?
-Шалгуурыг нь би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан детектив киноны төрлүүд гэсэн. Мэдээж бүх л үзүүлэлтийг харсан байх. Киног чанарын өндөр төвшинд хийсэн байх шаардлагатай. Камерын хүч чадал энэ тэрийг хардаг байлгүй дээ. Тэр олон киноноос гуравт орно гэдэг маш том амжилт.
-Одоо Италийн кино наадамд өрсөлдөж байгаа гэл үү?
-Тийм ээ. Удахгүй манай киноны найруулагч Б.Баатар, продюсер М.Есөнмөнх хоёр явах байх.
-Шилдэг аравт багтчихсан байгаа гэж найруулагч Б.Баатар хэлж байсан?
-Энэ киног бид их зориг гаргаж хийсэн. Жанр нь бол инээдмийн. Гэхдээ шийдлүүд нь буу, дээрэм гээд детектив тал руугаа орчихож байгаа юм. Ер нь рейтинг өндөр байгаа юм шиг байна лээ.
-Үзэгчид ч гэсэн детектив кино гэж анхандаа их төөрөлдсөн, тэгсэн чинь инээдмийн кино болж таарсан?
-Тийм ээ, үзэгчид маш сайхан хүлээж авсан. Гэхдээ бидний тооцоолж байснаас арай бага хүлээж авах шиг санагдсан. Үзэгчид цөөхөн үзсэн гэдэг утгаараа. Харамсалтай нь, манай кино хулгайд алдагдаад, хүмүүс интернэтээр үзчихсэн. Тэгээд л кино театруудад гарахаа больсон. Ядаж гурван сар кино театрт гарсан бол өөр байх. Бас саяхан болсон “Acedemy Awards” гээд кино наадам манай кинонд их дарамт шахалт үзүүлж, хавчигдаж боогдсон юм билээ.
-Тийм үү, нээрээ нэг ч шагнал аваагүй байх аа?
-Тийм ээ. Гэхдээ яахав дээ. Олон улсын тавцанд гараад ирэхэд чансаа нь харагдаж байгаа байхгүй юу. Харж байгаа биз дээ. Бид кинондоо маш их найдлага тавьж байсан. Монголдоо жаахан сэтгэл гундуу байсан зүйлийг дэлхий үнэлж байна шүү дээ. Москвагийн хэвлэлүүдэд Монгол кино гуравт орлоо гэсэн мэдээлэл их гарч байгаа сурагтай байна.
-Одоо та ямар кинон дээр ажиллаж байгаа вэ, дараагийн уран бүтээлдээ орсон уу?
-Ам яриагаар бол зөндөө л кино байна. Чухам ажил хэрэг болох нь хэд байгаа юм. Хийе, болгоё гэсэн ажил ч бас байна аа. Б.Баатар, М.Есөнмөнхтэйгээ нийлээд бас нэг кино хийх бодолтой байгаа. Бид “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” кинон дээр санаа бодол нийлж хамтарч ажилласан. Цаашид ч гэсэн Монголын кино урлагт бас нэгэн шинэ дэвшил хийе гэсэн хүсэл зорилготой байна.
-Та нарыг гар нийлсэн хамтрагчид гэж хэлж болох байх. Түүхэн кино хийнэ гэж байсан. Юу болж байна?
-Яригдаад л байна. Наана нь ингэлээ, тэглээ гээд ярьчихаар Монголоор нэг юм болно. Анх бид “Татар ажиллагаа” кинонд Сергей Безруковыг тоглуулахаар ярьж байна гэхэд “Сергей Безруков тоглож байгаа гэнэ” гэсэн яриа хэтэрхий их тарчихсан. Тиймээс хамаагүй юм ярьж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Хийснийхээ дараа л хийчихлээ гэж ярихгүй бол худлаа цуу яриа маш хурдан гадуур тархах юм. Ер нь бол түүхэн кино хийхээр ярилцаж байгаа.
-Кино зохиол нь бэлэн болсон уу?
-Ерөнхий зохиол нь гарсан байгаа. Гэхдээ нарийвчилж хийх зүйл зөндөө байна.
-Та сүүлийн үед найруулагчаар ажиллаад байгаа, сая л гэхэд “Татар ажиллагаа”, “Би чамд хайртай-2” киноны туслах найруулагчаар ажилласан. Та цаашид найруулагчаараа дагнаж ажиллах уу?
-Би СУИС-ийг жүжигчин, найруулагчаар төгссөн. Яахав одоо жүжигчнээрээ ажиллаж байгаа. Цаашид нэг кино найруулах бодол байгаа. Одоо яах вэ, тэрэндээ хөтлөгдөөд туслах найруулагч хийгээд л яваад байгаа юм. Тэгж байгаад нэг кино хийнэ дээ. Гэхдээ жүжигчин бол уйдамгүй ажил. Шинэ бүтээл хийх болгондоо өөр, өөр зохиолтой танилцана. Харин найруулагч бол тухайн киноны бүх дүрээ бодож, бүгдийг сэтгэлдээ хэдийнэ буулгачихсан байдаг юм.
-Ингэхэд “Кино код” гээд нэвтрүүлэг гарч эхлээд байгаа. Танд ямар санагдаж байна?
-Ард түмний оролцоотойгоор, ард түмний саналаар кино хийвэл яасан юм бэ гэдэг зөв шүү дээ. Нэг ёсондоо үзэгчдийг кино урлагт оролцуулья гэсэн том бодлого. Үзэгчид юм л бол Холливудын кино эсвэл Солонгосын цуврал кино үздэг болчихож. Өөрсдийн оролцоотойгоор кино хийвэл, гэхдээ үүнийгээ реалити шоу маягаар хийж, үзэгчид жүжигчдээ сонгож, саналаа өгч кино бүтээвэл илүү бодитой болох болов уу гэж бодож байна. Монгол киночдынхоо боддог бодлыг нь өөрчлөх гэж хийж байгаа юм. Тэгэхгүй бол одоо арай л дэндүү болж байна ш дээ. Юм л бол Солонгосын цуврал кино гараад, охид, залуучууд нь ч Солонгос стильтэй болчихсон байна.
-Энэ нэвтрүүлэгт мэргэжлийн бус жүжигчид шалгаруулалтад ороод кинонд тоглох боломжтой гэсэн?
-Дээр үеэс л мэргэжлийн бус хүмүүс кинонд тоглож эхэлсэн. Цахиур Төмөр гэхэд л мэргэжлийн жүжигчин биш. Кино урлаг бол тайзнаас өөр. Тайз бол яах ч аргагүй мэргэжлийн жүжигчний л ур чадварыг шаардана. Кино бол аргалж болох олон аргатай байдаг. Тийм болохоор гол нь дүрдээ ойрхон, дүрдээ тохирхсон хүнийг сонгох нь чухал.