Р.Батсайхан: ”кино код” бол маш сонирхолтой туршилт

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Р.Батсайхан: ”кино код” бол маш сонирхолтой туршилт

Найруулагч Р.Батсайханыг зарим хүн “эротомэн” гэдэг нэрээр нь санаж байж магадгүй. PR гэдэг үг “мода”-нд ороогүй байх үеэр буюу 1990-ээд оны дунд үеэс янз бүрийн шоу сэдэж, бужигнуулж явсан үед нь түүнийг ийнхүү нэрлэж байлаа. “Нирун фильм” студийг бусад олон бүтээлээр нь ч хүмүүс мэдэх байх. “Эротомэн” сүүлийн үед юу хийв ээ гэдэг асуултыг тэрбээр тачигнасан инээдээр угтан авав. Хөгжилтэй санагдсан байх л даа, дээр үеийнх нь “нэр”-ээр дуудахаар… Тэрбээр сүүлийн үед хийсэн ажлаа янз бүрийн захиалгат, захиалгагүй баримтат кино хийлээ гэж даруухнаар тодорхойлоод сэтгүүлч Ц.Оюундарьтай хамтран бүтээсэн “Гол бүр далайд цутгана” баримтат киногоо онцлов. Харин тэрбээр одоо “Кино код” төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд мөн удахгүй хүүхдүүдэд зориулж нэгэн сонирхолтой кино бүтээх гэж байгаа юм байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр хийх гэж буй киногоо үйлийн үр, сайн муу үйлийн үрийн талаар хүүхдүүдэд энгийн ойлгомжтойгоор тайлбарлах юм гэж мөн л энгийн ойлгомжтойгоор танилцуулав. Ингээд найруулагч Р.Батсайханы сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.    

-Монголын кино урлаг мөхөж байна, бүр эсвэл сэхэж байна гэж янз бүрээр л ярьдаг. Залуус олон кино хийх нь хийж байна, гэхдээ дан арилжааны киногоор “занимальдаад” байна гэсэн шүүмжлэл ч бас байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ер нь бол өмнө нь ч, одоо ч кино хийгээд “шатахгүй” амиа тээгээд явж болно л доо. Баримжаа тоогоор жишиж яривал 60-80 сая төгрөгөөр кино хийлээ гэхэд 200 сая төгрөг олж болно.

-Бараг хоёр дахин нугалах ашиг олно гэдэг хангалттай юм биш үү?
-Түүнийхээ 50 хувийг кинотеатртаа өгнө. Тэгэхээр гаргасан зардлаа нөхөөд 20 сая орчим төгрөг үлдэх юм даа. Гэхдээ үүнийг ашиг гэж үзэх эсэх нь өөр хэрэг. Киногоо жил тойрон хийсэн гэж үзээд сард хуваавал нэг сая гаруй төгрөг. Киног хийхийн тулд маш олон хүн ажиллаж, хүч хөдөлмөрөө шингээдэг болохоор үндсэндээ субботник хийчихэж байна л гэсэн үг. Гэхдээ үүнийг чамлахааргүй юм гэж бодож байвал хийж болж л байна. 20 сая төгрөгөөсөө илүүтэй юу хийж чаддагаа харуулах, суралцах гэх мэт өөр давуу үзүүлэлтүүдэд гол нь хөтлөгддөг.  Бид ч гэсэн залуудаа ингэж л дайрч байсан. Харин одоо нас жаахан яваад залхуу болчихсон ч юм уу, эсвэл ашиг гэдэг ойлголтыг авч үзэх өнцөг маань өөр болсон байх. Тиймээс овойж оцойтол санхүүгийн ашиг олохгүй юм чинь арай өөр ач холбогдол, жишээлбэл үзэл санааны ашиг хайх болж байна. Жишээлбэл, би хүүхдүүддээ юу хийсэн бэ гэж хэлэх гэхээр гацах болчихоод байна л даа. Тиймээс би хүүхдүүддээ аав нь ийм зүйл хийсэн юм шүү гэж хэлэхийн тулд жишээлбэл, хүүхдийн киногоо хийх гэж байх жишээтэй.

-Киночид, уран бүтээлч бүрт л хэний ч хийж байгаагүй, хийж чадахгүй сод бүтээл хийх хүсэл, мөрөөдөл байдаг байх л даа?

-Тийм том зорилт тавибал худлаа болчихдог байхгүй юу. Жишээлбэл, олимпоос медаль заавал авах ёстой гээд бэлтгэл хийчихвэл ёстой бүтэхгүй, тэр хүн зүгээр л би амжилттай оролцох ёстой, юу чаддагаа хийх харуулах ёстой гэсэн зорилго тавьсан бол өөр хэрэг. Сая 2008 оны олимпод ч гэсэн Цагаанбаатар, Наранбаатар хоёрыг заавал аварга болно гэж бүгд шахаад байсан, Түвшинбаяр бол зүгээр л очоод сайн барилдаад л ирсэн биз дээ. Түүн шиг л би сайн кино хийе гэхээс биш олон улсын кино наадамд оролцуулаад алаад хаячихья гэсэн хачин зорилт тавьчих юм бол урлаг биш болчихоод байгаа байхгүй юу. Тавьж байгаа зорилгоосоо болоод гадаадын шүүгчдэд яаж таалагдах вэ, яавал зүгээр бол гээд өөр тийшээ явчихаж байгаа юм.

-Зарим хүн болохоор сэтгэлгээний, аугаа урлагийн бүтээл хиймээр  байна, даанч түүнийг хүлээж авах үзэгч Монголд байхгүй, санхүүгийн бэрхшээлээ давахын тулд л арилжааны кино хийхээс өөр аргагүй гэдэг юм билээ?

-Эхлээд арилжааны кино хийгээд дадлагажаад дараа нь мундаг кино хийнэ гэж дараагийн шат нь юм шиг ойлгож болохгүй. Сэтгэлгээний үнэхээр мундаг кино хийх гэж заяагдсан хүн байна. Арилжааны эсвэл сериал кино хийхээр заяагдсан хүн ч байна. Олон ангит буюу сериал киног тэр бүр хүн хийж чадахгүй. Тэр бол үзэгчдийнхээ хандлагыг маш сайн мэдэрдэг, сонирхолд нь тааруулаад нэг их тийм хөөрхөн гэнэн ч юм шиг хийгээд байдаг. Мундаг логиктой нөхөр сериал хийгээд ямар ч амжилт олохгүй. Одоо бүх нийтийн урлаг гэж юм байхгүй болчихсон юм чинь яг тэр зориулсан, зориулсан хэсэгтээ л юмаа хийж байгаа. Үнэхээр урлагийн, гүн сэтгэлгээний кино хийнэ гэдэг асуудал биш. Тэр хүний дотоод эрх чөлөөний л асуудал. Жишээлбэл, социализмын үед бидний эрх чөлөөг хаагаад, главлит хянаж цагдаад байсан, эрх чөлөөтэй бол бид алаад өгнө гэж байсан нөхөд 1990 он болоод юу хийсэн бэ? Социализмаасаа л дордсон юм хийгээд байсан биз дээ. Үнэндээ энэ бол дотоод эрх чөлөө, сэтгэлгээний л асуудал. Үнэхээр урлаг хийе гэж бодож байгаа бол хэзээ ч хийж болно. Яг үнэндээ бол бид мундаг урлаг мурлаг гэхээсээ илүү бидний мэргэжил, хоолоо олж идэх хэрэгсэл юм гэдэг утгаар л хандаж ирсэн. Аугаа их урлаг хийхийн төлөө киночин болоогүй. Та жишээлбэл, мэдээлэл дамжуулах ажлаа хийж байгаа болохоос аугаа их сэтгүүл зүйн төлөө тэмцээгүй. Түүнтэй л адилхан бид ажлаа л хийж байгаа, магадгүй сайн юм гарчих ч юм билүү гэж найддаг. Түүнээс биш аугаа их зүйл хийх ёстой юм шүү гээд өөрийгөө бэлтгээд зорих ёстой гэж би одоо бол боддоггүй. Залуудаа бол тэгж боддог байсан тал бий. Мундаг уран бүтээл хийхийн тулд тусгайлсан байх ёстой, түүнд зориулаад мундаг, цаг мөнгө гаргаад л явах ёстой юм гэж ойлгоод байж. Хийгээд явж байтал чөлөө учрал нь бүрдвэл магадгүй сайн бүтээл төрдөг. Яс нарийндаа бол тэр үйлийн үр, тавилангийн л асуудал юм даа.

-Та одоо “Кино код” төслийн зөвлөхөөр ажиллаж байна. Энэ төсөл яагаад таны сонирхлыг татсан юм бэ? Нэлээд удаан үргэлжлэх, өргөн цар хүрээтэй төсөл юм байна лээ.
-Надад юу нь таалагдсан бэ гэвэл нэг төрлийн туршилт хийж байна. Энэ бол олон нийтийн, үзэгчийнхээ санал, хандлагыг тодруулаад ер нь нэг ийм зүйл хийгээд үзвэл яах бол гэсэн санаа. Түүнээс биш бас нэг аугаа гайхамшгийг бүтээх гэсэн зорилт биш л дээ. Ийм нэг туршилт хийгээд үзвэл ямар вэ гэсэн санаа нь бас их сонирхолтой санагдаад байгаа. Яг ийм туршилт бас байна. Орост “Ийм нэг явдал” гээд социализмын үеийн алдартай киноны үргэлжлэлийг хийсэн байна лээ. Энэ бол бас сонирхолтой л туршилт юм. “Кино код төсөл” кино урлагийн аугаа төсөл, гайхамшгийн туйл болох юм гэдэг утгаараа биш олны саналыг аваад хамтдаа хийгээд үзвэл ямар бол гэсэн их сонирхолтой туршилт. Энэ бол арилжааны чиглэлээр хийж байгаа шоу арга хэмжээ бас биш юм. Шоу бизнес жинхэнэ утгаараа Монголд байх нөхцөл бас хэцүү. АНУ-д жишээлбэл, тухайн газар нутагт амьдарч байгаа хүмүүсийн зургаан хувь үзчих юм бол тэр бүтээл санхүүгийн хувьд амжилттай болох юм гэсэн судалгаа гаргасан байна лээ.

АНУ 300 сая хүн амтай, Монгол хэдэн хүнтэй билээ, бодоод үзээрэй. Бид жижигхэн ч гэсэн яг тэр жижгэрсэн хувилбараар үзвэл 160 орчим мянган хүн тэр киног үзвэл ерөнхийдөө дажгүй болчихно гэсэн үг. Миний сонссоноор Монголд рекорд тогтоосон кино 200-гаад мянган хүн үзсэн гэдэг байх аа. Гэхдээ энэ бол блок бастер гээд дэлхийн II дайны үед яг тухайн обьектоо бүрэн сөнөөж чадахуйцаар чиглүүлж бөмбөгдөхийг хэлдэг байсан шиг маш их хүчин чармайлт гаргаж, зар сурталчилгаагаар зайгүй бөмбөгдөж байж гарч болох тоо. Жишээлбэл, “Титаник” киног 300 сая ам.доллараар хийсэн гэх боловч 120 сая нь зар сурталчилгаагаар бөмбөгдөх зардал байсан гэдэг. Ийм их хэмжээгээр “бөмбөгдөж” байж ийм амжилтад хүрч байна гэсэн үг. Урлаг, шоу бизнес бол хүний эн тэргүүний хэрэгцээ биш. Хоол идэхгүй, ус уухгүйгээр хүн хэд хоног амьдарч чадах билээ. Гэтэл Батсайханы киног үзэхгүйгээр зүв зүгээр сайхан 100 насална. Тэгэхээр тэр киног үзүүлэх шаардлагыг бий болгохын тулд рекламаар бөмбөгдөхгүй бол болохгүй. Иймд тэр төслүүд маш их хэмжээний зардал шаарддаг. Гэхдээ нөгөө талдаа үзэгчийн тоо урлагийн хэмжүүр болж чадахгүй. Их хүн үзсэн гэдэг бол олны таашаал л гэж хэлж болох юм даа.

-“Кино код”-оор дамжуулаад, өөрөөр хэлбэл үзэгчдийн саналаар олонхийн таашаал хаашаа чиглэж байна вэ гэдгийг тодорхойлж болох юм даа, тийм үү?

-Тийм. Тэгэхээр олны саналаар үзэх кино, зохиол, жүжиглэх багаа сонгох гэж байна гэдэг их сонирхолтой туршилт юм. Амьдралыг их сонирхолтой болгож байна гэсэн үг. Нөгөө талаас шүлэг бичих бол эдийн засгийн гарз бол гарахгүй. Нойроо жаахан хасч, хэсэг цаас урж хаях, цагаа зарцуулах, жаахан ядрах ч гэдэг юм уу, шүлэг, дуу бол айхавтар эдийн засаг талаасаа зарлага багатай. Мэдээж авьяастай байх ёстой. Гэтэл кино гэдэг нэг зовлонтой нь дан ганц урлагийн сэрэл мэдрэмжээр тогтохгүй маш их олон хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг.  Бас хэнд зориулж байгаа гэдгээ үргэлж мэдэж байх ёстой. Жишээлбэл, хамгийн их үзэхийг хүсч байгаа хүмүүсийг онилох. Түүнээсээ шалтгаалаад зарцуулах мөнгө, зохиолын сэдэв, жанр ямар байх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Жишээлбэл, олонхийн үздэг гол урсгал гэж байхад, зах руугаа янз бүрийн зүйл үзэхийг хүсдэг сонирхол бүхий салаа хэсгүүд байна. Тэдэнд зориулсан хязгаарлагдмал мөртлөө бас хангалттай хэрэглэгчтэй зах зээл бас байна. Жишээлбэл, 600 сая хүн амтай Европын зах зээлийн нэгээхэн хэсэг буюу 600 мянган хүнд үзүүлэхэд сонирхох сэдвийг сонгож болно, энд Монголд 6 0 мянган хүнд киногоо үзүүлэх гээд л зовж байснаас. Тэгэхээр “Кино код”-ын хамгийн гол давуу тал нь хэн, юу үзэхийг хүсч байна вэ гэдгийг урьдчилаад тодорхойлоод түүндээ түшиглэн ажиллах учраас амжилттай болох маш их боломжтой. Хэн юу үзэхийг хүсч байна вэ, ямар жүжигчин олонхийн таашаалыг их хүлээж байна вэ, яг одоо гэдгийг мэдэж авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, баримжаа авах бас нэг том судалгаатай болж байна гэсэн үг л дээ. Үүнд нь бас их олзуурхаад байгаа юм.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж