Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.05.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр болов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд намрын ээлжит чуулганы хугацааг сунгах захирамж гарч байгаа юм байна, хугацааг сунгах ямар шалтгаан байна вэ, энэ талаар гишүүд, намын бүлгүүдтэй зөвшилцсөн эсэхийг лавласан юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд хуулиараа намрын чуулган 2 дугаар сарын 10-нд завсарлах ёстой. Гэхдээ чуулганы хугацааг 14 хоногт хүртэл сунгах эрх УИХ-ын даргад бий. Өнөөдрийн хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд болон эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө, түүнчлэн Засгийн газраас санал болгож буй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс намрын чуулганы хугацааг 2 дугаар сарын 18 хүртэл сунгаж байгаа. Энэ талаар намын бүлгийн дарга нартай ярилцсан гэдгийг хэллээ.
Ингээд зарим хуулийн эцсийн найруулгыг сонссоны дараа хэлэлцэх асуудалдаа орж, эхлээд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулав.
Тус байнгын хороо энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Нутгийн удирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт нарыг нэмж оруулахаар АН-ын бүлгээс гаргасан саналыг дэмжсэн юм. Байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар өгсөн тайлбартаа, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ж.Батзандан нар тус байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул дээрх нэр бүхий хоёр гишүүнийг нөхөн оруулж байгаа юм гэдгийг хэллээ.
Ингээд байнгын хорооны саналын дагуу Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ тухай цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “…болон түүний гэр бүлийн гишүүний…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
Харин цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар танилцуулсан юм. Тус байнгын хороо энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “…болон түүний гэр бүлийн гишүүний…” гэснийг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Р.Гончигдорж, О.Баасанхүү нарын асуултад Байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хариулт өгсөн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Туулхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдсанаас хойш хуулийн энэ заалтыг нэг ч удаа хэрэглээгүй байгаа гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойлгож болох тал харагдаж байгаа. Тиймээс цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй юм гэж байнгын хороот үзсэн гэдгийг тодруулж хэлсэн юм.
Ингээд байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 41 нь буюу 73.2 хувь нь дэмжив. Иймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар баталлаа. Хуульд оруулсан өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.