Тэгвэл Монголд анх удаагаа олон нийтийн оролцоотойгоор, үзэгчдийн саналаар кино бүтээх “Кино код” төслийн анхны нэвтрүүлэг бямба, ням гаригт "Боловсрол суваг" телевизээр цацагдаж, “Кино код” төсөл эхэлснийг албан ёсоор зарлалаа. Хагас жилийн турш үргэлжлэх цогц хөтөлбөрийн эхний нэвтрүүлгээр төслийн продюссор М.Есөнмөнх, зөвлөх, кино найруулагч Р.Батсайхан, "Боловсрол суваг" телевизийн захирал А.Амундра нар үзэгчдэд төслийнхөө талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үзэгчид нэвтрүүлэгт хэрхэн оролцох болон саналаа яаж илэрхийлэх талаар энэ долоо хоногийн турш "Боловсрол суваг" телевизийнхэн танд зөвлөгөө өгөх юм байна. Тухайлбал, саналаа яаж илэрхийлэх, хэрвээ кинонд тоглох шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаа бол хэрхэн бүртгүүлэх гэх мэт бүх төрлийн мэдээллийг хүргэх юм.
“Кино код”-ын зөвлөхөөр нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэн, сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч Р.Батсайхан нарын мундагчууд, найруулагчаар “Херо энтертаймент” студийн найруулагч Б.Баатар, продюссерээр М.Есөнмөнх ажиллана. Жүжигчин Б.Ундрал, БОтгонбат, ерөөсөө л хөтлөгчийн дүрээр л буудаг Б.Анхаа нар шоуны турш хөтлөгчөөр та бүхэнтэй харилцаж байх юм. Мөн нэвтрүүлгээр жүжигчид болоод зохиолч, хөгжмийн зохиолч, дууг дуулах дуучдыг сонгон шалгаруулах учир цаашид шоу маань улам сонирхолтойгоор өрнөх юм. Яагаад гэвэл тэднийг ч бас үзэгч, та бидний саналаар шалгаруулах сонгох билээ.
“Кино код” төслийн анхны нэвтрүүлгийг үзэгчийн нүдээр сонирхон үзлээ. Та ч гэсэн өнгөрч буй бямба, ням гаригт "Боловсрол суваг" телевизээр гарсан нэвтрүүлгийг тухлан үзсэн байх. Тайзны шийдэл, гоёл чимэглэл тэргүүтэн үнэхээр содон бөгөөд шинэлэг юм. Хэзээний цоглог хөтлөгч Б.Анхаа үзэгчдийг уйдаахгүй хөтлөн “Кино код”-ын код бүрийг хамтдаа тайлна гэж амлаж байна лээ. Жүжигчин Б.Отгонбатын ажил хэрэгч дүр түүнтэй их өвөрмөцөөр хоршсон. Харин үзэгчдийн анхаарлыг үргэлж татаж байдаг жүжигчин Б.Ундрал хэзээ тайзнаа гарч ирэх юм бол мэдэгдсэнгүй. Энэ ч бас зохион байгуулагчдын бас нэг шийдэл биз.
“Кино код” төслийн анхны нэвтрүүлэгт найруулагч Дамдин жирийн л олны дундаас сонгон шалгаруулж, “од” болгосон “хүүхдүүд”-тэйгээ цуг иржээ. Эдүгээ тус тусдаа өөр мэргэжил эзэмшин ажиллаж байгаа, хэдийнэ томчууд болсон гурван од бол “Мартагдашгүй намар” киноны Баярсайхан, “Улаан дарцаг” киноны Батаа, “Зуслангийн найзууд” киноны зуслангийн атаман. Тэднийг жирийн л олны дундаас сонгон кинонд тоглуулсан. Мэргэжлийн жүжигчин бус ч киноныхоо дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн тэд анх хэрхэн кинонд тоглож байсан, хүмүүс хэрхэн хүлээж авсан талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Бүгд л кинонд тоглосныхоо дараа олны анхаарал татаж, од байхын хэцүү бөгөөд сайхныг мэдэрсэн талаараа ярьж байсан. Тэд бүр киноныхоо дуунуудыг үзэгчидтэй хамт дуулсан гээч.
Магадгүй танд ч гэсэн кинонд тоглох нууцхан хүсэл байдаг байх. Тэдний адил та ч гэсэн кинонд тоглож, авьяасаа сорьж болох боломжийг “Кино код” танд олгож байна. Урлагт мөрөө гаргахыг хүссэн залуус дуулж, хуурдаж хүчээ сорьдог цөөнгүй уралдаант тэмцээнүүд бий. Харин кино жүжигчин болохыг хүсэгчдийн хувьд “Кино код” анхны боломж. Дахин сануулахад, кинонд тоглож авьяасаа сорихыг хүссэн хүмүүсийг "Боловсрол суваг" телевизийн байранд бүртгэж байгаа юм билээ.
Гэхдээ бидний саналаар бүтэх кинонд зөвхөн сонирхогчид хүчээ үзэх хэрэг бус юм. Жүжигчдээс хэнийг кинонд тоглуулах хүсэлтэй байгаа саналаа ч мөн та илэрхийлнэ. Магадгүй таны саналаар Ардын жүжигчин Н.Сувд, П.Очирбат, СТА И.Одончимэг, С.Онон, Аглуу эсвэл жүжигчин Пүрэвсүрэн, Амараа хэн ч сонгогдож болох юм. За тэгээд цааш нь киноны хөгжмийн зохиолч, дуучныг сонгох сонирхолтой хөтөлбөрүүд байгаа гэсэн. Ийн огтхон ч уйдамгүй реалити шоу үргэлжилсээр бид хамгийн эцэст өөрсдийнхөө сонгосон киногоо дэлгэцнээс үзэх юм. Киноны зураг авалтын явцыг ч шоугаар үзүүлэх юм гэсэн шүү.
Ийнхүү үзэгчдийн сонирхон хүлээж байсан “Кино код” та бүхэнтэй анхны нэвтрүүлгээрээ мэндчиллээ. Та бүхэн өдөр бүр "Боловсрол суваг" телевизээр мэдээлэл авч, бямба, ням гаригт нэвтрүүлгээ тухлан үзээрэй. Мэдээж хэрэг олон нийтийн санал асуулга, оролцоотойгоор бүтээх кинонд таны ч санал чухал нэмэр болно. Та саналаа ирүүлж, “Кино код”-той хамт Монголын кин урлагийн бас нэгэн шинэ түүхийг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай.
Урлагт хайртай хүмүүсийн сонголтоор
Удахгүй шинэ түүх бичигдэнэ