Ардчилсан намын зүг чиг болж явсан “Алтан гадас” фракци хоёр хуваагдаж, тус нам дахь фракциудын тоо дахин нэгээр нэмэгдэх бололтой.
Н.Алтанхуягийг толгойлж явсан “Алтан гадас” фракцийн нөлөөгөөр эрх мэдэл, албан тушаал болгоны өөдтэй, өнгөтэйг нь хүртэж явсан дүү нар нь өнөөдөр түүнээс салан тусгаарлаж, өрх гэрээ бариад эхэлчихсэн гэх сураг саарал ордноос сонсогдож байна.
Шинээр мэндлэх бэлтгэлээ сэмхэн базааж байгаа “Соёмбо” фракцийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон түүний үй зайгүй, үнэнч найз С.Баярцогт нар үүсгэж байгуулж, фракцидаа Г.Батхүүг “урвуулах”-аар болсон сурагтай.
Ардчилсан намын гол хүч нь байсан “Алтангадас”-т задрал явагдсан нь өчигдөр болсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн номны нээлтийн ёслолоос ч анзаарагдахаар байв. Учир нь түүний хуучин танхимаас Ц.Оюунгэрэл, Д.Тэрбишдагва гэсэн цөөн хэдэн хамтрагчид нь шинэ номын нээлтэд ирсэн бол өнгөрсөн хугацаанд баруун, зүүн гар нь болж явсан С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар харагдаагүй юм. Энэ мэт байдлууд тэдний дунд хагарал явагджээ гэсэн хардлагыг олон хүнд бататгаж өгсөн ч байж болох.
Ямартай ч эрх мэдлийн төлөөх энэ тэмцэл АН-ын “Алтангадас”-ыг нам дотроо гүрвэлийн чинээ болгож байна.
Олон фракцитай, фракциудынхаа амбицаас болоод засаглаж чаддаггүй гэдэг шүүмжлэлийг хүртээд байгаа А нам дахь үхрийн эвэр шиг олон бүлэглэлүүдийнх нь тоо ийнхүү нэгээр нэмэгдлээ. Энэ олон фракциудын ая эвийг аятайхан олох том үүрэг З.Энхболд, Л.Эрхэмбаяр нарын нуруун дээр ногдож байх шиг.
А.ШАРХҮҮ