Монголын Бизнесийн Зөвлөлөөс Саусгоби сэндс ХХК-ийн хуучин ажилтнуудад холбоотой хэргийн талаар мэдэгдэл гаргалаа
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) нь бизнесийн орчны асуудлаар Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчдыг төлөөлдөг Монголын төрийн бус байгууллага билээ. Бидний үндсэн зорилго нь Монгол Улсад хийгдэх хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн хөгжлийг тэтгэх бизнесийн нээлттэй орчныг бий болгох явдал юм.
Монголын Бизнесийн Зөвлөлийн зүгээс тус зөвлөлийн гишүүн Саусгоби Ресурс компанийн салбар болох Саусгоби сэндс ХХК болон тус компанийн хуучин удирдлагуудад холбоотой сүүлийн 3 жилийн туршид үргэжилсэн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн байдлын талаар байр сууриа үүгээр уламжилж байна.
Бусад орнуудын жишгээр болон Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжид тодорхой заасны дагуу татварын талаарх маргааныг иргэний журмаар шийдэх бүрэн боломжтой юм. Ийм боломж байсаар байтал Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан Жастин Капла, Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарт холбогдох татварын хууль тогтоомжоос зайлсхийсэн гэх хэргийг эрүүгийн хэрэг болгон шийдэж холбогдогч нарт чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих хатуу ял тус тус оноосонд Монголын Бизнесийн Зөвлөл тун харамсаж байна.
Түүнчлэн уг хэргийг шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсан болон шүүгдэгчид шүүх хурлын үйл явцын орчуулгыг ойлгохгүй байгаа, өөрсдийн байр суурийг ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн ч шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан талаар уг хэргийг шүүх хуралд оролцсон гадаадын элчин сайдын яамдын төлөөлөгчдөөс мэдэгдэл хийcэн байна. Монгол Улсад шүүгдэж буй хэн ч байсан шударгаар шүүлгэх, шүүх үйл ажиллагаанд өөрийгөө бүрэн, үнэн зөв илэрхийлэх боломжоор хангагдах ёстой гэж МБЗ үзэж байна.
Энэ тохиолдол нь Монгол Улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулж, 85%-аар буурсан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг сэргээхээр Монгол Улсын Засгийн газар эрчимтэй ажиллаж буй энэ үед тус улсад хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон тэдгээр компанид ажиллаж буй гадаад иргэдийн эрх хэрхэн ноцтойгоор зөрчигдөж болзошгүйг харуулсан муу жишээ болж харагдаж байгаа төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулахыг сонирхож, Монгол Улсыг анхааралтай ажиглан хүлээж байгаа хөрөнгө оруулагчдад асар том эрсдэлтэй бөгөөд нүүр буруулах маш том хүчин зүйл болон тулгарч байгаа юм. Сайн хөрөнгө оруулалтын орчны нэг чухал суурь нь тодорхой байдал юм. Шүүхийн уг шийдвэр нь хөрөнгө оруулагч нарт ил тод байдал, засаглал болон хуулийн хэрэгжилтийн талаар тодорхойгүй байдал бий болголоо. Монгол Улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалтын ирээдүйн чиг хандлагад шүүхийн энэ шийдвэр маш сөргөөр нөлөөлөх болно.
Монгол Улс ардчилсан орон болохын хувьд хараат бус шүүхтэй байх нь хүний эрхийг хангах үнэт зарчмын суурь болдог. Гэтэл бизнесийн асуудлаар үүссэн маргаанд компанийн ажилтнуудыг удаан хугацаанд сунжруулан байцааж, хилийн хориг тавьж шалгасны эцэст хангалттай нотлох баримтыг үндэслэлгүйгээр шүүн тасалж байгаа нь ардчиллын зарчмаас ухарч буй бөгөөд улс төрийн зорилготой байх магадлалтай гэсэн хардлагыг төрүүлэхээр байна.
Монгол Улсын хөгжилд төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагаа нь аль улсын харьяалалтайгаас үл хамааран адил чухал бөгөөд хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, шударга, хариуцлагатай байх нь нэн чухал гэж МБЗ үздэг билээ.
Монгол Улсын шүүх байгууллага энэхүү хэргийн давж заалдах шатанд уг хэрэгт анхаарал хандуулж, шүүх хуралд оролцогчдын хуулинд заасан эрхийг бүрэн хангана гэдэгт Монголын Бизнесийн Зөвлөл найдаж байна.
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
Холбоо барих:
Монголын Бизнесийн Зөвлөл
Экспресс цамхаг, 12 давхар
Энхтайваны өргөн чөлөө, Ш/Х-29
Улаанбаатар-15160, Монгол Улс
Утас/Факс: +976-11-317027