БНХАУ-ын даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын ерөнхий сайд нар 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Монгол Улс болон БНХАУ-ын стратегийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөр” хэмээх зүйлд гарын үсэг зурсан юм.
Энэхүү хөгжлийн хөтөлбөрийн 4.1.4-т “Талууд нөгөө улсын шилдэг бүтээлүүдийг орчуулах, хэвлэхийг дэмжиж, ном болон дуу, дүрс бичлэгийн үзэсгэлэн худалдааг харилцан зохион байгуулах, хоёр талын хэвлэлийн байгууллагууд нөгөө талд зохион байгуулагдаж буй олон улсын номын үзэсгэлэнд оролцохыг дэмжинэ” хэмээн заажээ.
Чухам ийм л зүйлийг сүүлийн хэдэн жил урлаг, утга зохиолын салбарынхан хүсч, төр засгаасаа нэхэж, дуу хоолойгоо хүргэж байсан. Харин тэдний дууг засаг төр сонссон нь энэ. “Дэлхийд гарах” их хүсэл тээж явдаг тэдний маань хувьд энэ хэдийгээр чамлалттай, урд хөрш төдий боловч том эхлэл гэж бодно.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад энэ сэдвээр асуулга тавья.
Монголын соёлыг алхам алхмаар дэлхийд түгээх нэг боломж нь "Монгол, Хятадын шилдэг бүтээлүүдийг орчуулах, хэвлэхийг дэмжиж, ном болон дуу, дүрс бичлэгийн үзэсгэлэн худалдааг харилцан зохион байгуулах, хоёр талын хэвлэлийн байгууллагууд нөгөө талд зохион байгуулагдаж буй олон улсын номын үзэсгэлэнд оролцох" зэрэг гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх хөтөлбөр юм шүү.
Дэлхий нийтийг байлдан дагуулж, зохиолчоо тэргүүлэх зэргийн баян болгосон гэгддэг БНХАУ-ын зохиолч Зян Руний “Чонон сүлд” номын анхны худалдаа нэг тэрбум гаруй хүн амтай өмнөд хөршөөс л эхэлсэн. Зохиол бүтээлээ үнэлүүлж боломжийн сайхан амьдрах, Өмнөдөд зохиолчид нь л хамгийн баян хүмүүс байдаг тухай ярьж, өөрийн орны зах зээл бага тухай гайхширч, уншигчдынхаа боловсролыг муулж суухын оронд одоо харин Хятад руу номоо хэвлүүлээд байж хэмээн бодно.
Ингэхийн тулд мэдээж тухайн зах зээлд гологдохооргүй ном бүтээл туурвих болж таарна. Мэдээж манайхан ч чадна л даа. “Чонон сүлд”-ийг монгол хэлээр хөрвүүлэхэд нь л “Муусайн хятадууд гэрийн нохой, чоно хоёроо ялгахгүй байж” хэмээн гоочилж байсан нөхдүүд мундахгүй олон бий. Тийм ч учраас түүнээс нь давж гарсан чонын тухай, монгол малчин, нүүдэлчний ертөнцийн явдал учрын тухай бичиж чадах хүмүүс бий гэдэгт нь итгээд байгаа юм. Үүний дараагаар орчуулах ажил гарна. Харин “хятад хэлний орчуулагч л алга” гэж битгий ярьж үзээрэй дээ. Сав шимийн ертөнц даяарчлагдаж байгааг нилээд хэдэн жилийн өмнөөс мэдэрч урд хөршийнхөө хэл усыг сүрхий сайн мэдсэн, одоо ч үргэлжлүүлэн суралцсаар байгаа хүмүүс нилээд их бий. Дээр нь хувь заяаны шоглоомоор өмнөд хөршид үүрд үлдэж Монгол, Хятад хэлийг хэнээс ч дутахааргүй эзэмшсэн биднээс ч тоогоороо олон өвөрмонголчууд маань байна. Хэрвээ бичиж л чадах юм бол хөрвүүлж чадах хүмүүс зөндөө гэдгийг л ойлгуулах гээд оролдоод байгаа юм.
“Толгодын цаана ингэ буйлна” гэдгийг яаж ч хичээгээд гадаад хэл рүү орчуулж болдоггүй гэсэн соц ойлголтоосоо салаад энэ мэт монгол хэлний шавхагдашгүй үгээр илэрхийлсэн, ахуйн шинжтэй үгүүдийг хэрхэн орчуулж тухайн улсын хөрсөнд нь буулгаж болох талыг судлан ойлгох л хэрэгтэй.
Харин уул усандаа хайртай, ээжийн минь саалийн дээл, аавын минь хурдан морь гэсэн магтаалын шинжтэй шүлэг, зохиолоо өөр хоорондоо солилцож, харь хэл дээр хэвлүүлэх зохиолд нь тодорхой шалгуур тавьдаг байсан ч болохгүй зүйл үгүй. Учир нь улс орны нэр хүнд, утга зохиол, соёлын үнэлэмжтэй холбоотой учраас. Тэгээд ч ганц нэгэн “чаддаггүй” нөхдүүдээс нь болоод бусдынх нь бүтээлийн гүйлгээ муудах нигууртай. Ямартаа ч та минь, ийм сайхан боломж гарч ирсэн байхад шагнал авсан нэгнээ ар хударгаар нь муулж, ганц нэгэн юмны бөглөө мулталж явахаар “Хоёр улсын Засгийн газрын гэрээтэй эд ээ” гээд ном бүтээлээ хэвлүүлэхээр хөөцөлдвөл дургүйцэх нь гарахгүй байх.
Т.ДЭЛХИЙ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин