HERO Entertainment-н бүтээл “Татар ажиллагаа” кино өнгөрөгч оны аравдугаар сарын 5-нд
Улаанбаатар хотноо болсон “Өрнө Дорно” олон улсын фестивальд хамгийн анх оролцож байсан. Мөн энэ дөрөвдүгээр сарын 20-24-нд Москва хотноо болсон адал явдалд-детектив сэдэвт зохиомжтой олон улсын кино наадамд оролцож гуравдугаар байранд орсон билээ.
Монголын кино урлагийн бүтээлийг олон улсын хэмжээнд сурталчлан таниулж буй инээдмийн адал явдалт “Татар ажиллагаа” кино нь мөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 7-ны хооронд Итали улсын Удин хотноо болж буй “FAREAST 13” олон улсын кино фестивальд оролцож байна. / http://www.fareastfilm.com/
Энэхүү наадам нь 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба Азийн орнуудын кино бүтээлийг дэлхий дахинаа нээн таниулах зорилготой. Тус наадамд БНХАУ, Хонгконг, Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Индонез, Малайз, Филлипин, Сингапур, Вьетнам, Тайван улсуудын кино бүтээл оролцож байгаа. Энэ жил анх удаа Монгол улсаас “Татар ажиллагаа” кино оролцож байна.
Нийт есөн өдөр үргэлжлэх тус кино наадамд дээрх улс орнуудын хамгийн сүүлийн үеийн 60 гаруй кино бүтээлүүд өрсөлдөж байгаа ба “Татар ажиллагаа” кино тавдугаар сарын 5-ны өдөр Итали улсын Удин / Udine/ хотын Giovanni da болон Visionario театруудад фестиваль зохион байгуулагчдын болон үзэгчдийн хүртээл болох ажээ.
Н.НАРАН