-Цастай хэрнээ, ногооноороо энэ хотод очоод цахлайн гуаглахыг Карлын гүүрнээс харж, хорвоо ертөнцийн явдал учрыг тунгаан суух хичнээн таатай гээч–
Өвлийн бүдэгхэн нар үүлний цаанаас үл мэдэгхэн сүүмэлзэх төдийхөн үзэгдэх ч түүний илчинд дулаацах гэсэн цахлай голын эрэг дагуу хэдэн зуугаараа бээвийн сууна. Хаа нэг гангар гунгар дуугарах ч шөнийн хүйтэнд бээрсэн биеэ хурааж, залхуутай нь аргагүй толгойгоо тонгойлгон үүрэглэн байснаа төд удалгүй голын усанд туссан бүдэгхэн нарны туяанд сэргэлт авсан бололтой агаарт хөөрч, өглөөний хоолоо хайн өндрөөс голын усыг цоо ширтэн “илэн, халих” нь сүртэй.
Найман зууны өмнөөс л Прагийн Влтава голын алдарт Карлын гүүрээр алхахад ийм л дүр зураг нүдэнд бууна. Жуулчид зураг авч, шохойрхон харахыг андахгүй цахлайнууд урдуур, хойгуур нь илэн халин нисч заримдаа өндрөөс хошуугаа эгц доош чиглүүлэн исгэрэх сум шиг гол руу шумбаж загас, жараахай ангуучилна. Басхүү жуулчдын өгөх талх, боовны хэлтэрхийг сурамгай нь аргагүй шүүрнэ.
Тэдний нэгэн адилаар гүүрний хоёр захад малгайгаа дээш нь харуулж урдаа тавиад дөрвөн хөллөж, амандаа уншлага уншин бувтнан залбирах нэгэн тааралдана. Задгай крон малгайд нь хийсэн нэгний царайг ажиглан ширтэж, өглөгийнх нь хариуд өөрийнх нь төлөө бурханд залбирахаа үнэн сэтгэлээсээ хэлнэ.
Карлын гүүрээр явахад хоёр талаар цаанаа л нэг гунигтай хөшөөнүүд сүндэрлэнэ. Хөшөө бүхэн өөрийн түүх, дурсамжийг агуулах нь нэн сонин. Гэхдээ энэ гүүрний хөшөө, барьсан хугацаа зэрэг нь нарийн утга учрыг өгүүлнэ. Ромын эзэн хаан IV Карл 1357 оны долдугаар сарын 9-ны 5.31 цагт гүүрний шавыг тавьжээ. Хэрэв латинаар бичвэл 1, 3, 5, 7, 9, 7, 5, 3, 1 гэсэн сонирхолтой тоон цуваа гарна. Иймэрхүү сонирхол татам тоо, үг өгүүлбэрүүд Карлын гүүрний хаа сайгүй байдаг ажээ. Одоогоос найман зууны тэртээд анх эхлүүлсэн энэхүү гүүрийг XV зуун гэхэд бүрэн барьж дуусгасан байна. Дээр өгүүлсэнчилэн мөнөөх гунигтай өвгөд, хөгшдийн /барок буюу уламжлалт маягийн/ 30 хөшөөний хамгийн ахмад нь XVI зууных бол хамгийн залуу нь 300 жилийн өмнө “мэндэлсэн” байх жишээний. Гэхдээ тэдгээр хөшөөний жинхэнэ эх хувийг Үндэснийхээ музейд хадгалдаг. Учир нь он цагийн явцад элэгдэж, хуучирч, эвдрэх нь элбэг байснаас дуурайлган хийж гүүрэн дээр тавиад жинхэнийг нь музейдээ хадгалах болжээ.
Тэдгээр хөшөөн дундаа хамгийн ахмад, хүсэл биелүүлэгч гэж нэрлэдэг Нэпомукийг хөшөөг 1683 онд буюу өөд болсноос нь хойш 300 жилийн дараа уран барималч Ян Брокоф урласан байна. Нэпомук хуварга нь хатан Софигийн нууцыг мэдэх гэсэн Вацлав хаанд ам нээлгүй байсаар Влтава голд шидүүлж нас барсан гэх бөгөөд манай догшин хутагтыг төрөхөд их гэрэл гарсан гэдэг шиг нас барсаных нь дараа таван од Прагын тэнгэрт гарсан гэх домогтой. Энэхүү хөшөөнд мөрөөдлөө шивнэж, гарт нь хүрвэл хүсэл биелдэг гэлцэнэ. Алдах зүйл байх биш очвол алгаараа хүрч байгаад хүслээ шивнэхэд юу нь буруу байх билээ.
Хаанаас Ерөнхийлөгчид өвлүүлсэн ордон
Прагын их шилтгээн буюу Ерөнхийлөгчийн ордон мөн л маш эртний түүхтэй. IX зууны үед барьсан гэх энэхүү ордонд Чехийн эзэн хаад, тайж нар амьдарч байсан бөгөөд 1918 он тусгаар тогтнолоо дахин олсоноос хойш Чех улсын ерөнхийлөгчийн ордон болжээ. Тэгвэл энэ ордон түүхэндээ хоёр удаа Ромын их гүрний эзэн хааны мэдэлд очиж, тухлан суусан харш нь болж байжээ. Эртний сүйрсэн хэрмүүдтэй харьцуулахад энэхүү хэрэм хамгийн том нь байж магадгүй талаар Гиннесийн номонд бичсэн байдаг тухай тэнд амьдарч буй монголчууд хуучилна.
Дундад зууны цаг явсаар…
Карлын гүүрийг даваад холгүйхэн дундад зууны үеийн одон орны цаг бүхий цамхаг бий. Энэхүү цагийг ойролцоогоор 1410 оны үед хийжээ. Энэ цагийг удаан ажиглавал ямар нэгэн жүжиг үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Цагны хоёр талд байрлалтай барималууд хөдөлж, цагны дээд хэсэгт байрлалтай хоёр цонх нээгдэхэд 12 хувиргын сийлбэр гарч ирэн эргэлдэнэ. Сонирхолтой нь тэдгээр баримлын эхнийх нь эрэгтэй хүн хэрнээ эмэгтэй хүн шиг өөрийгөө тольдох бол хоёр дахь нь ууттай алт сэгсэрч, гурав дахь нь амьдралын мөнх бусыг илтгэх мэт элсэн цаг эргүүлэх араг яс, дөрөв дэх нь хөгжим тоглоно. Орд, харшийнхаа оройг алтаар хийдэг байснаас “Алтан Прага” гэж дуудуулдагтай адил хамгийн дээд талын жижиг цонхноос алтан шаргал тахиа донгодох жишээтэй.
Энэхүү цагны гаднах цагираг буюу эртний герман тоотой хэсэг нь Чехийн цагийг, Ром тоотой дунд цагираг нь одоогийн төв Европын цагийг, дотор талын Араб тоотой нь Вавилон цагийг заадаг бөгөөд өвөл, зуны өдөр, шөнийн урт богиноос хамаарч өөр өөр байдаг аж. Түүнчлэн энэ цаг жилийн 365 хоногийг нэг бүрчлэн заадгаараа онцлог юм. Гринвичийн цаг гэдэг шиг дэлхийд алдартайн дээр ийм өөр өөр хэмжигдэхүүнтэй ийм цаг Прагаас өөр аль ч хотын цамхагаас хайгаад олдохгүй.
Алтан Прагын аз жаргал
Европын томоохон хотуудын иргэдийг инээмсэглэлээр нь бид мэднэ. Бидний зарим нь тэднийг хуурамч, хүйтэн инээмсэглээд сурчихсан улс гэх бол гудамжинд зөрсөн бүсгүйн тэрхүү инээмсэглэлийг өөрт нь татагдсан гэж эндүүрч маасаганаад хацраа хорстол алгадуулсан яриа ч дуулдана. Гэхдээ Прага хотын иргэд найрсаг зантай. Шар айргаараа алдартай бөгөөд хоол нь сайхан амттайн дээр өег болохоор эрчүүд, бүсгүйчүүд нь мяраалагдуу, гэхдээ америкчууд шиг тарган биш. Биедээ таарсан махтай улс харагдсан. Энэ хот II дайны үед герман, оросын аль альныг нь уриалгахан хүлээж авсан болохоор бөмбөгдөлтөнд өртөөгүй өнгөрч, хуучны дүр төрхөө хэвээр хадгалж чадсан Европын ганц хот гээд хэлчихэд буруудахгүй. Байшин барилга нь 300, 400 жилийн настай ч хуучирч муудсан гэхээсээ илүүтэй музейн үзмэр мэт сэтгэгдэл төрүүлэх нь тааламжтай. Хотын захиргааны зүгээс олон давхар, орчин үеийн барилга барих зөвшөөрөл олгодоггүй бөгөөд шинээр барилга барих зай байхгүй учраас хувийн хэвшлийнхэн нь хуучин барилга дотор шинэ бүтээн байгуулалт бий болгож хэвшжээ. Үүнийхээ хүчинд ч хүн амтайгаа тэнцүүхэн хэмжээний 10 сая жуулчдыг жилд татдаг юмсанж.
Бидний жил болгон хийдэг ус, дулааны шугамыг солих ажлыг хамгийн сүүлд хэзээ хийснийг гэрчлэх гэрч энэ хотоос олохгүй. Ус, дулааны шугам сүлжээ нь вааран бөгөөд ойролцоогоор 300 жилийн настай гэнэ. Зэвэрч, хагарахгүй учраас ийм удаан жилийн нүүрийг үзсэн байх юм. Харин зам, талбайн хувьд, 20-30 см-ийн зузаан байгалийн хүрэн чулуу гол материал нь. Хэрэвзээ шугам сүлжээ солих зэргээс хамаарч зам, талбайгаа хуулах хэрэгтэй болвол тэдгээр чулуунуудаа сугалж аваад ажлаа дуусгасны дараа буцаагаад л хийчихнэ. Ийм болохоор манайх шиг дахин дахин зардал чирэгдэл гаргахгүй.
Арын гудамж, байрны ар тал гэсэн ойлголт байхгүй болохоор нүднээс далдуур хогоо хаяна гэсэн ойлголт байхгүй. Нэг үгээр, зай талбайг маш сайн ашиглаж сурсан улс гэж ойлгож болно.
Хүн ам ажилтай орлоготойн дээр нийтийн тээвэр, дэд бүтэц зэрэг нь сайн хөгжсөн учраас иргэд нь уур, бухимдалгүй, инээмсэглэсээр угтах нь нэн таатай. Чехийн Прагад очвол та дундад зууны Европын аж байдал, эртний хөшөө, уран нарийн хийц бүхий цаг гээд хөгшин Европын үүх, түүхийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Дашрамд сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар нэгэн чухал асуудлыг хэлэлцээд хоёр орны ажлын хэсэг байгуулсан нь "визгүй" зорчих асуудал байсан. Тэгэхээр хэлэлцээр амжилттай үргэлжилбэл бид удахгүй элдэв чирэгдэлгүйгээр энэ бүхнийг үзэж харахын дээр Прагад суралцаж, ажиллах боломжтой болох юм.
Цастай хэрнээ, ногооноороо энэ хотод очоод цахлайн гуаглахыг Карлын гүүрнээс харж, хорвоо ертөнцийн явдал учрыг тунгаан суух хичнээн таатай гээч…
Л.НАРАНТӨГС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин