Байгалийн гамшгаас болж 12 хүн амиа алджээ | News.MN

Байгалийн гамшгаас болж 12 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Байгалийн гамшгаас болж 12 хүн амиа алджээ

Байгалийн гамшгаас болж 12 хүн амиа алджээ

Монгол оронд зуны хүчтэй халалтын улмаас үүсэж ажиглагдах аадар бороо, уруйн үер, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны гамшигт үзэгдлийн давтагдал эрчимтэй өсөж, агаар мандлын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн 53.3%-г эзэлдэг бөгөөд үүний 41.1%-ийг аадар бороо, уруйн үер эзэлж байна.

2013 оны долдугаар сарын 4-ний орой Сэлэнгэ аймгийн Түшиг суманд аадар бороо, том мөндөр, нөөлөг салхи тохиолдсон бол, 2014 оны 7 дугаар сарын 26-нд Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт өргөнөөрөө 300-400 метр, уртаараа 10 км орчим нутгийг хамарсан догшин хар салхи, ширүүн аадар бороо, 6 см орчим голчтой том мөндөр оров. Ийм догшин хар салхи Монгол оронд өмнө нь 1974 оны 7 сарын 16-нд Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадад ажиглагдаж байжээ.

Догшин хар салхи болсон нутагт цаг уурын станц, харуул байхгүй тул салхины хурд хэдэн м/с хүрснийг нарийн тогтоож чадаагүй. АНУ-ын Чикаго их сургуулиас боловсруулсан хар салхины хүчийг учруулсан хохирлын байдлаар тодорхойлох хүснэгтээр дээрх хар салхины хурдыг тодорхойлбол энэ хар салхи F4 ангилалд багтах (сайн баригдсан байшин нурах, муу суурьтай байшин бут цохигдох, машин 10 метр шидэгдэх, мод булгарч, чулуу хийсэх) тул салхины хурд нь 58-72 м/с хүрсэн гэсэн ойролцоо тоо гаргасан болно.

Сүүлийн 12 жилд ус цаг уурын гаралтай гамшигт үзэгдлийн улмаас 424 хүний амь эрсдэж, 24.5 сая мал хорогдож, 564 тэрбум 191 сая 420 мянган төгрөгийн хохирол учирсан бөгөөд ам насаа алдсан хүний 41.2% нь хүчтэй салхи шуурганы улмаас, 22.4% нь ширүүн аадар бороо, уруйн үерээс болж энджээ./ОБЕГ/

2013 оны долдугаар сард Сэлэнгэ аймгийн Түшиг суманд болсон аюултай үзэгдлийн улмаас улс нийгэмд 3 тэрбум гаруй төгрөгийн, 2014 оны 7 дугаар сард Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутагт болсон хар салхины улмаас 1 хүн нас барж, 9 хүн гэмтэж, 198 мал үхэж, 5 байшин, 3 машин эвдэрсэн, нийт 413 сая 523 мянган төгрөгийн хохирол тус тус учирчээ.

2014 онд 12 хүн амь насаа алдаж, 20 хүн гэмтэж, 1019 мал хорогдсон бөгөөд улс нийгэмд 1 тэрбум 466 сая 40 мянган төгрөгийн хохирол учирсан байна.

Ой хээрийн түймэр манай улсад хамгийн их тохиолддог гамшгийн нэг бөгөөд түймэр гарсан шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас гадна агаар, хөрсний их халалт, хуурайшилтаас ихээхэн хамаардаг.

БОНХАЖ-ын сайдын тушаалаар УЦУОХ-гээс жил бүрийн 15/III-15/VI, 15/VIII-20/X-ны хооронд хуурайшлын зэргийг өдөр бүрээр бодож тооцоолж үйлчилдэг. 2014 оны намар нийт нутгаар дулаан, хуурайшилт ихтэй байсны улмаас хуурайшлын зэргийг 11 дүгээр сарын 10 хүртэл сунгаж бодож үйлчилсэн боловч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч хоёр хүн түлэгдэж нэг хүн ам насаа алдаж, 10 айлын гэр шатаж их хэмжээний хохирол учирсан байна.

Б.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж