Ард түмэн “1”-ийг сонголоо

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Ард түмэн “1”-ийг сонголоо

Саарал ордонд улстөрчид “хор” найруулж, хов базах завсар ард иргэд хөгжлийн замаа тодорхойлж, “1” гэсэн сонголт хийлээ. Энэ бол ард түмний сонголт. Хэдийгээр УИХ-д ард түмний төлөөлөл болсон 76 гишүүн хууль баталж суугаа ч техник, технологийн ололтыг ашиглан улсынхаа хөгжлийн бодлогыг ард иргэд шууд сонгож болохыг энэ удаагийн санал асуулгын дүн харууллаа.

Монгол Улсын Засгийн газраас санаачилан нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ний 22.00 цаг хүртэл “2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг үүрэн холбоог ашиглан зохион байгуулахад 365.841 иргэн оролцсоноос 63833 санал буюу 17.45 хувь нь хүчингүй болжээ. Хүчинтэй санал болох 302.008 иргэний 169.230 буюу 56,1 хувь нь “Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшаа тогтоох” гэсэн “1” дэх замыг, 132.778 иргэн буюу оролцогчдын 43,9 хувь нь “Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох” гэсэн “2” дахь замыг сонгосон байна. Тодруулж хэлбэл, “1” гэсэн замыг ард иргэдийн дийлэнх олонхи буюу 56.1 хувь сонгосноор УИХ, Засгийн газар том төслүүдийг хөдөлгөх, түүнийг ажил хэрэг болгох даалгаврыг сонгогчдоосоо авлаа.  Цаад агуулгаараа бол энэ нь хөрөнгө оруулалтыг татаж, валютын нөөцөө нэмэгдүүлэхийг хүсч байгаа хэрэг юм. Төгрөгийн ханш суларсанаар валютын ханшийн зөрүүнээс зөвхөн тариаланчид 120 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн тухай мэдээлж байна. Энэ бол зөвхөн газар тариалан эрхлэгчдийн хүлээсэн эрсдэл. Бусад салбарт ханшийн зөрүүнээс хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй байгаа ч тэр бүгдийг нийлүүлбэл том тоо гарч таарна.

Мөн эдийн засагчдын зүгээс тавьсан оношоор өнөөдрийн хямралын голомт нь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсантай холбогддог. Жилдээ 4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 845 сая ам.доллар болтлоо буурсан нь аж ахуйн нэгжүүд олноор хаалгаа барьж, иргэд хэдэн мянгаараа ажилгүй болоход нөлөөлж байна. Хэрвээ ард иргэдийн сонголтыг ажил хэрэг болгож чадвал хөрөнгө оруулалт сэргэж ажлын байр шинээр бий болно,  ажлын байр хадгалагдана. Түүнийг дагаад зээлээ төлөхөөр өглөө бүр ажил руугаа яарах 640 мянган иргэний ажлын байр баталгаатай болно.

Одоо УИХ эдийн засгийг сэргээх тулгуур хуулиудаа яаралтай баталж, Засгийн газарт ажил боломж олгох хэрэгтэй байна. Учир нь “1” зам бол ажил хийх зам. Хэнээс ч хараат бусаар ажиллаж, хөдөлмөрлөж, хямралаас гарахыг хүссэн мянга, мянган иргэний чин хүсэл. Тиймдээ ч хэрэглээгээ танахгүйгээр зүтгэе гэсэн сонголт хийлээ.  Санал авах энэ хэдэн өдрүүдэд “Ипотекийн зээл зогсох вий гэсэн айдсыг олон залуус тээж нойргүй хоносон. Зүтгэж, зүтгэж байрны урьдчилгаа 30 хувиа бүрдүүлээд зээл хөөцөлдөх болоход ипотекийн зээл зогсоох шийдвэр гаргачихвал яах вэ гэж сэтгэл зовж суусан. Барилгын компаниуд ч айдастай байсан биз. Банкнаас зээл авч орон сууц бариад борлуулахын даваан дээр ипотекийн зээл зогсвол шууд гамшиг нүүрлэнэ.  Одоо харин хэн хэн нь айдасгүйгээр ажлаа хийх боломж “1” сонголтоор баталгаажлаа. Арилжааны зээл өнөөдөр хүү өндөртэй жилийн 20 гаруй хувьд эргэлдэж байгаа нь үнэн ч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадвал урт хугацааны богино хүүтэй зээл босгох гарц бий. Энэ гарцыг ч мөн ард иргэд “1” ээр сонголтоор хийлээ.

Одоо харин УИХ, Засгийн газар ард иргэдийнхээ сонголтыг баталгаажуулж ажиллах л үлдлээ.

Монгол Улсын хөгжлийн замыг хамтдаа сонгоход саналаа өгсөн иргэн бүртээ талархал илэрхийлье.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж