Тендерт шалгарсан АНУ-ын “Бектел” компани нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн мастер төлөвлөгөө, төлөвлөгөөнд тусгасан үйлдвэрүүдийн урьдчилсан ТЭЗҮ, үйлдвэр байгуулах гэрээний хувилбар, санхүүжилтийн бүтэц, төлөвлөгөө зэргийг гэрээ байгуулснаас хойш зургаан сарын дотор боловсруулж гарсан дүгнэлт, шийдвэрүүдийг ажлын хэсэг болон зөвлөлд танилцуулах юм. Төсөл дээр үндсэн 21 зөвлөх ажиллах ба удирдлагад нь дөрвөн хүн байх гэнэ. Төсөлд инженер, техникийн эксперт 14, эдийн засгийн дөрвөн зөвлөх байх аж.
Сайншандад “Коксын үйлдвэр”, “Хар төмөрлөгийн үйлдвэр”, “Нүүрс хийжүүлэх үйлдвэр”, “Зэс хайлуулах үйлдвэр”, “Барилгын материалын үйлдвэр”, “Газрын тос боловсруулах үйлдвэр” болон тэдгээрийн найдвартай үйл ажиллагааг хангах дэд бүтэц, инженерийн болон нийгмийн хангамжтай, байгаль орчинд ээлтэй, шилдэг хот төлөвлөлттэй олон улсын хэмжээнд эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвар бүхий аж үйлдвэрийн цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг зорьж байна. Цогцолборын үйлдвэрүүд нь тодорхой үе шаттайгаар баригдах ба тухайлбал “Коксын үйлдвэр” Тавантолгой-Сайншандын төмөр замыг ашиглалтад орох, “Газрын тос боловсруулах үйлдвэр” Тавантолгой-Чойбалсангийн төмөр замыг барихтай цаг хугацаа, үйл ажиллагааны хувьд уялдуулахаар төлөвлөгөжээ.
“Бектел” корпораци нь 110 жилийн түүхтэй ба төслийн ерөнхий удирдлага, инженер, дэд бүтэц, барилга угсралт, эрчим хүчний чиглэлээр дэлхийн 50 гаруй оронд 45 мянган ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй үндэстэн дамнасан томоохон корпораци юм байна. Сүүлийн 12 жил тасралтгүй АНУ-ын шилдэг гэрээлэгч компаниар шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 50 улсад 390 төслийг хэрэгжүүлж байна. Компанийн санхүүгийн тайлангаас харахад жилийн орлого нь 2005 онд 18.1 тэрбум ам.доллар байсан бол 2009 онд 30.8 тэрбум ам.долларт хүрч, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг тэргүүлжээ.
Тус компани нь нэгдсэн бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолбортой ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг нь ханган явуулах талаар мэргэшсэн олон улсын багтай бөгөөд төсөлд зөвхөн зөвлөхийн үйлчилгээг үзүүлэхээс гадна EPC /инженерчлэл-худалдан авалт-барилга угсралт/ болон EPCM /инженерчлэл-худалдан авалт-барилга угсралт-менежмент/ гэрээлэгчээр давхар ажиллаж дэд бүтэц, инженерийн байгууламжийн төлөвлөлт, нарийвчилсан зураг төсөл боловсруулалт болон барилга угсралт, менежментийн цогц үйлчилгээг үзүүлдэг нь ижил төстэй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ялгарах онцлог гэнэ. Өмнө нь хэрэгжүүлж байсан ажлаас нь товч танилцуулахад,
- АНУ, дэлхийн хамгийн томоохон усан цахилгаан станцуудын нэг болох Гуверын нэрэмжит усан цахилгаан станцын төсөл
- Вашингтоны метроны төсөл
- Канадын Жеймс Бей усан цахилгаан станцын төсөл
- Понсе нефтехимийн аж үйлдвэрийн цогцолбор (Пуэрто Рико)
- Дэлхийн хамгийн урт төмөр хүдрийн тээвэрлэлтийн Самарко хоолойн төсөл, жилд 7 сая тонн тээвэрлэх хүчин чадвартай, Бразил
- Дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн парк Жубаил, үүнд гангийн, нефтехимийн, бордойн үйлдвэрүүд, онгоцны буудал, боомт, замууд, 370 мянган хүний хот
- Алжир хамгийн том хийн үйлдвэрийн төсөл
- Байгалийн хийгээс бензины түлш үйлдвэрлэх Шинэ Зеландын дэлхийн анхны аж үйлдвэрийн төсөл
- Лос Анжелесын онгоцны буудал
- Папуад жилд сая тонны хүчин чадалтай зэсийн аж үйлдвэрийн цогцолборын ерөнхий зөвлөх
- Англи-францын хоорондох газар доорх метроны барилгын төсөл
- Венесуэла-гийн хамгийн том нефтехимийн аж үйлдвэрийн цогцолбор Кадафе
- Калифорнийн газ-нефтехимийн аж үйлдвэрийн цогцолбор
- СЕМАСС Массачусетсийн хог боловсруулах эрчим хүчний цогцолбор
- 600 сая долларын Солонгосын усан онгоцны үйлдвэр
- Транс-Туркийн өндөр хурдны зам, 1.4 тэрбум ам.доллар
- Хонконгийн олон улсын онгоцны буудлын төслийн менежмент, 20 тэрбум ам.долларын төслийн менежер
- Барселона Олимпийн бүтээн байгуулалтын төслүүд
- Кувейтийн газрын тосны салбарын бүтээн байгуулалт (дайны дараа)
- Моторола-гийн үйлдвэр, Тяньжинд, БНХАУ
- Тринидадын байгалийн хийн үйлдвэр, тус бүс нутгийн хамгийн том хөрөнгө оруулалтын төсөл
- Английн хамгийн том ус цэвэршүүлэх байгууламжийн төсөл
- 800 сая ам.долларын филиппины цахилгааны станцын барилгын төсөл
- Афин хотын метроны шинэтгэлийн төсөл
- Исландын алюминий хайлуулах үйлдвэрийн цогцолбор