Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулна

Хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Японыг зорино. Энэхүү айлчлалын хүрээнд япончуудтай эдийн засгийн хүрээнд хамтын ажиллагаа лавшруулах, тус улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тухай мэдээлэл бий.

 

 

Даяаршилын эринд улс орнуудын эдийн засаг улам бүр нэгдмэл болохын зэрэгцээ харилцан бие биенээ нөхөх байдлаар хөгжих болжээ. Үүнд чөлөөт худалдааны хэлэлцээрээр голлох үүрэг гүйцэтгэж буй. Чөлөөт худалдааны гэрээ гэдэг нь улс орнууд хоорондоо зах зээлийн нэн тааламжтай нөхцлийн доор худалдаа явуулах зөвшөөрөл олгохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл чөлөөт худалдааны хэлэлцээр нь улс орнууд хоорондын тарифын түвшингээ бууруулж, квот болон бусад бараа үйлчилгээ дэх хориг саадийг багасгах замаар худалдаа наймааны тааламжтай нөхцлийг бүрдүүлэхийг хэлдэг аж.

 

Манай улсын хувьд гурав дахь хөршийн бодлогоор Япон улстай өнгөрсөн оны долдугаар сард чөлөөт худалдааны хэлэлцээрийн анхны алхмыг хийсэн юм. Чөлөөт худалдааны гэрээний эхний яриа хэлцлийн шатанд Япон руу экспортлох манай үхрийн махны гаалын тарифыг 38.5 хувиар бууруулж, япон автомашинуудыг 10 жилийн хугацаатай гаалийн тарифгүй импортлох боломжыг ярилцжээ. Манай улсын Японоос импортлодог бүтээгдэхүүний 45 хувийг автомашин эзэлдэг байна. Харин Японы талаас манайхаас эрчим хүч, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, бүтээн байгуулалт хийхэд тулгарч буй хориг саадыг хөнгөлөхийг хүсч байгаа аж. 2013 онд Японоос Монгол руу экспорт 29.3 тэрбум иен хүрсэн бол Монголоос Япон руу экспорт 1.9 тэрбум иен болжээ.

 

Япон улс нь Сингапур, Мексик, Малайз, Чили, Тайланд, Индонези, Бруней, Швейцарь, Австрали зэрэг дэлхийн 14 оронтой чөлөөт худалдааны гэрээтэй. Харин Канад, Колумб, Европын холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцэж буй аж. Мөн Япон-Хятад-Өмнөд Солонгос гурван улсын чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцэж байна.

 

Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог Японы эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн оны хоёр улирал дараалан буурч, хямралд орсныг илтгэжээ. Японы эзийн засаг сүүлийн зургаан жилд бараг дөрөв дэх удаагаа хямралынхаа нүүрийг үзэж буй. Японы ДНБ-ий хэмжээ жилийн дүнгээр өнгөрсөн онд 1.6 хувиар буурсан байна. Харин хоёрдугаар улиралд Японы ДНБ-ийн хэмжээ жилиийн дүнгээр тооцоход 7.3 хувиар буурсан нь 2011 оны газар хөдлөлт, цунамийн гамшигийн дараа үеэс хамгийн доогуур үзүүлэлт аж. Гэхдээ Японы эдийн засаг энэ онд 1.3-2 хувиар өсч, эдийн засаг нь харьцангуй сэргэнэ гэх эдийн засагчдын эерэг дүгнэлт гарчээ. Японы Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд 3.5 их наяд иенийн эдийн засгийг дэмжих шинэ багцыг баталсан юм.

 

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж