Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зөв үү?

Засгийн газраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг нэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Өргөн бариад гурав дахь долоо хоногтой золгож байгаа ч намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байна. Далд эдийн засгийг ил болгоход чиглэж буй хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Эдийн засгийн өршөөлийн хуультай холбоотой тодорхой саналуудаа УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Дэлхийн улс орнууд эдийн засгийн өршөөлийн хуулийг 15-20 жилдээ нэг удаа эсвэл эдийн засгийн хямралын үед гаргадаг. Зорилго нь аж ахуй нэгжүүд эдийн засгийн хувьд хүндэрсэн тохиолдолд төр засгийн зүгээс ажлын байрыг хадгалж үлдэх, ажлын байрыг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлж, Засгийн газар нь “хямралын үед ажлын байраа хадгалж үлдээчээ” гэж гуйж байгаа хэрэг. Түүнээс биш хулгай хийсэн хүмүүсийг хамгаалахын тулд ийм хууль баталдаггүй. Миний хувьд энэ хууль офшорт нуугдаж байгаа мөнгийг Монгол руу авчрах зорилготой бол, улстөрчдөд, улстөрчдийн хувьцаа эзэмшдэг компаниудад үйлчлэхгүй байхаар батлагдвал би дэмжинэ.

 


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг тооцоо үндсэслэл талаас нь эдийн засагт шууд нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Аж ахуй нэгжүүд хоёр баланстай байна, орлогоо нууж байна, татвараас зугтаж байна, хууль бус их хэмжээний мөнгө нуугдаж байна гэдэг талаас нь олонх нь харж байх шиг. Миний хувьд бизнесмэнүүд их хэмжээний мөнгө нуугаад, дараад, тэр нь хууль бусаар өөр газар хадгалагдаад байгаа гэж үзэхгүй байна. Эдийн засаг 2011, 2012 онд нэлээд өндөр өсөлттэй байсан учраас бүтээн байгуулалтын ажилд хөрөнгөө зарсан болов уу гэдэг өнцгөөс нь харж байна. Гэхдээ энэ хуулийг батлахаас өмнө гэмт хэргийн өршөөлийн хуулийг батлах хэрэгтэй. Өнөөдөр Монголын хорих ангид маш олон залуус ял эдэлж байна. Хоригдож буй залуустай уулзахаар ихэнх нь анх удаа, санамсаргүй, маргаанаас үүдэлтэй зодоон цохион хийсэн байх жишээтэй. Бид эхлээд энэ олон арван залуусыг өршөөлийн хуульд хамруулаад дараа нь эдийн засгийн өршөөлийн хуулийг баталж, цагаан захтнуудад өршөөл үзүүлэх асуудлыг авч үзэх хэрэгтэй. Мэдээж бизнес хийгээд, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж яваад хүнд байдалд орсон, татвараас нуусан хөрөнгөө эргүүлж оруулж ирж чадахгүй байгаа зэрэг тохиолдолд нэг удаа өршөөх нь эрүүл үзэгдэл. Бүтээж, хийх гэж зүтгэж явсных нь төлөө шийтгэж болохгүй.

 


УИХ-ын гишүүн Л.Болд:

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль яаж батлагдахаас их зүйл шалтгаална. Мэдээж нэг талд өршөөл үзүүлэх нь зөв, нөгөө талд үнэнч шударгаар ажиллаж хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгчид, компаниудаа дэмжих ёстой. Нэг хэсгийг нь өршөөх асуудал ардчилсан төрд байх ёстой л асуудал. Хуулийн төсөл хэлэлцүүлгийн эхний шатанд байна. Нэлээд ажиллах шаардлагатай, зарим талаараа учир дутагдалтай хуулийн төсөл санагдсан. Одоогийн энэ төслөөрөөө хууль батлагдвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж байна. Бидэнд хуулийг сайжруулах бололцоо бий.

 


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь:

-Ард иргэдэд эдийн засгийн дарамт учирлаа. Үүнийг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагын үүднээс олон асуудал урган гарч байна. Энэ дотор Эдийн засгий ил тод байдлын хууль, бусад дагалдах хуулиуд хамт явж байгаа. Энэ хуулийг цаг алдалгүй шийдэж байж эдийн засгийнхаа нөхцөл байдлыг сайжруулж, цаашдаа богино хугацаанд хямрал бэрхшээлээс гарах, далд эдийн засгийг ил болгох, татвараас бултсан, зайлсхийсэн, олон давхар баланс гаргадаг асуудал цэгцэрнэ. Эдийн засаг талаасаа авч үзвэл олон талын эерэг ач холбогдолтой. Эдийн засаг далд байх нь онолын хувьд, судалгааны үр дүнгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнгүй болох сөрөг талтай. Энэ утгаараа өршөөл үзүүлж, ил тод байдлыг сайжруулах шаардлага бий. Үүний дараагаар хуулиас зайлсхийх боломжийг олгохгүй байх хэрэгтэй. Зарим хүмүүс баахан хөрөнгөө нуучихаад тэрийгээ хууль гаргаж ил болгоод, ял зэмээс чөлөөлөгдөх нь гэж ойлгоод байх шиг байна. Эдийн засгийн талаасаа онолын хувьд энэ хуулийг баталж гаргах нь зөв гэж бодож байна.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж