Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр НҮБ-аас Монгол Улсад суух суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Ц.Цолмон сайд Монгол Улсаас НҮБ-тай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй оролцоо чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэсэн. Монгол Улсын зүгээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал солилцсон юм
Хатагтай Сэзин Синаноглу Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдалд НҮБ-ын зүгээс өндөр үнэлэлт өгдөг тухай онцоллоо. Ялангуяа монгол цэргүүдийн сахилга бат, ажиллагааны ур чадвар, үүрэг гүйцэтгэл сайтай учраас НҮБ өндрөөр үнэлдэгийг дуулгасан юм. Мөн тэрээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагийн зэрэгцээ гамшгийн үр дагаврыг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байгааг дурьдлаа. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлснээс хойш үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа бөгөөд давхардсан тоогоор 11 мянган цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1000 орчим цэргийн алба хаагч, үүний дотор 72 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
С.ОТГОН