Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас аялал жуулчлалын чиглэлээр ОХУ-ыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байна. Учир нь Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдэж, шөнөдөө 190 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд хил нэвтэрч чадалгүй дугаарлан хонож байгаа аж. ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан, сар шинийн баяр удахгүй болох гэж буй нь ийнхүү ачаалал нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Иргэдэд хүндрэл учруулж буй энэхүү дугаарлалт нь манай талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг маш удаан хийж буйтай холбоотой юм байна.
Д.ЖАРГАЛ