Дархан-Уул аймаг байгуулагдсаны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус аймгийн “Ара фильмс”, “Орхон” продакшн хамтран “Их хааны Дархан нутгаар” хөтөлбөрийг санаачлан таван багц бүтээл туурвижээ. Хоёр жил үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт “Их хааны Дархан нутгаар” гурван бүлэгт баримтат кино, “Хамгийн сайхан хот” дууны цомог, “Дарханд буусан найргийн хур” шүлгийн цомог, “Бурхантын цэнхэр домог” ном, зурагт хуанли бүтээснээ өчигдөр “Интер ном”-д үзэгчид, уншигчдадаа дэлгэн танилцууллаа. Баримтат киноны найруулагч, ерөнхий продюсераар ажилласан төслийн санаачлагч Р.Жавхлантөгс энэ тухайд “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг нар зөв тойрч, 1000 орчим километр аялж зураг авсан. Манай аймгийн дөрвөн суманд Хүннү, дундад зуун, Ардын хувьсгалын үетэй холбоотой түүхэн газрууд элбэг байдаг. Тэр бүгдийг судалж, нийт 120 минут үргэлжлэх баримтат кинондоо оруулахыг хичээсэн” хэмээн ярилаа. Таван багц бүтээлийг танилцуулах нээлтийн ёслолын үеэр түүхч Д.Жаданбалдоржийг эсперанто хэлний Олон улсын академийн алтан медалиар шагнасан юм. Тэрбээр эл баримтат киног бүтээхэд түүхэн зөвлөгчөөр ажиллажээ.
А.Болд