"Тариаланчдын шаардлага хэтэрхий балмад хэрцгий болж байна"

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

"Тариаланчдын шаардлага хэтэрхий балмад хэрцгий болж байна"

-ТАРЬЖ, ХУРААСАН УЛААНБУУДАЙ БҮР ГУРИЛ БОЛДОГГҮЙ. ҮҮНИЙГ АМЬДРАЛ ХАРУУЛСАН-

"Тариаланчдын шаардлага хэтэрхий балмад хэрцгий болж байна"

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг урьж, улс эх орны ирээдүйд ач холбогдол өгч болох зарим сэдвээр хөөрөлдлөө.

Бид чинь их сонин улс юм, “Тамын тогооны үлгэр” шиг амьдралтай

-Та сайхан өвөлжиж бай­на уу. “Ярилцах танхим”-д тавтай саатна уу?

-Сайхан өвөлжиж байна. Баярлалаа.

-Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн гэдгийг дээр дооргүй л ярьж, би­чиж байна. Гэвч… гэсэн асуултын хариуг олж чадах­гүй будилаад байгаа юм шиг байна. Харин та гэвч гэсэн асуултад хэрхэн хариулах бол?

-Хүн бүр ярьж, бичиж байна.

Улс орны өнөөгийн нөхцөл амаргүй байна гээд л… Үүнийг  хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Шинэчлэлийн Засгийн газар огцорч, шийдлийн Зас­гийн газар олуулаа болж гарч ирлээ. Өөрөөр хэлбэл, хүнд байдлаа хүлээн зөвшөөрлөө. Ямар ч тоо баримт нотол­гоо шаардлагагүйгээр хүнд, хэцүү байгааг гэрчиллээ. Иргэдийн амьдралыг хар. Бүтэн талхыг хувааж зарж байгаагаас эхлээд ард түмний аж амьдрал доройтсон уу гэвэл, тийм. Энэ бүгд нүдний өмнө болж байна. Дээр сууж байгаа хүмүүс сайхан, муухай гэдгээс биш хажуу хөршийнхөө амьдралаас харах боллоо. Энэ бол хэнтэй ч, хаана ч маргахгүй үнэн болчихлоо. Ард түмний амьдрал ингэж дордсоныг харахад улс орны эдийн засгийн үзүүлэлт дагаад л унасны баталгаа.

-Өнгөрсөн хугацаанд төр засгийн авч, хэрэгжүүлсэн арга хэмжээг хэр нүдээ олсон гэж үзэж байна вэ?

-Хоёр жилийн хугацаанд төр засаг баахан маргалаа. Эцсийн бүлэгт улс төрийн нам, эвсэл, фракцын хийрхэл нь зөрчил болж ард түмэн хохирч байна. Үүнийгээ төр барьж байгаа нам, эвслүүд ойлгоод, хамтраад сайжруулдаггүй юмаа гэхэд уналтын хурдыг сааруулах хэрэгтэй. Үүний илрэлийг энэ Засгийн газар олон намын оролцоотойгоор, өөрөөр хэлбэл, сөрөг хүчингүйгээр ажиллаж байна. Бие даасан гурван хүн сөрөг хүчин гээд үзэж байх шиг. Тэдний сөрөг хүчин гэж юу байх вэ. Өнөөдөр сөрөг, сөрөг биш гэж ярьж суух нь сонин асуудал биш болсон байна. Одоо улс орон, ард түмний эрх ашгийг яах вэ гэдэг дээр саналаа нийлье. Нийлэхгүй зүйлийг зүгээр орхичих. Түүн дээр хэрэлдэж, маргалдах цаг биш. Ингэж явах цаг болсон. Энэ зорилгоор засаг байгуулагдсан. Хэрүүлтэй, хараалтай төсвийн тодотголыг батлах шиг боллоо. Өмнөх замаа харах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн ямар арга замаар татах вэ гэдгийг сүвэгчлэх, дотоод­доо зардлаа бууруулах арга хэм­жээ авах хэрэгтэй. Ер нь бүх нийтээрээ оролцох ёстой. Бид хоёр ч ялгаагүй. Ард түмэн энэ засаг яах нь уу, юу хийх нь үү гэж харах биш. Өмнөд Солонгос яалаа хэдэн жилийн өмнө. Эмэгтэйчүүд нь байгаа үнэт эдлэлээ улсдаа тушааж байсныг түүх гэрчилнэ. За манайхан ээмэг, бөгжөө аваачиж өгөхөө болъё гэж бодоход санаа сэтгэлээ нэмэрлэе. Доороо эв түнжингээ олоод дээдсүүд болохгүй, бүтэхгүй нь гэж харахаа болъё. Нийт төвшиндөө эвтэй, найрамдалтай байвал болно доо. Дуртай нэг нь шүүмжилдэг хуучин байдлаар ажиллавал байдал дордоно уу гэхээс дээрдэхгүй. Эв нэгдэл хэрэгтэй юм байна гэдгийг эрх биш дээр сууж байгаа нөхдүүд ойлгоо байлгүй дээ.

-Манай улс энэ байдлаараа бай­саар байвал 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлана гэсэн сэрэмж­лүүлгийг БНХАУ-ын нэгэн мэдээл­лийн эх сурвалж дамжуулж байсан. “Амны билгээр ашдын билэг” гэдэг дээ. Тийм айхтар зүйл болохгүй байлгүй дээ, тийм ээ?

-Ангал руу арай ч орчихоогүй байна. Байдал хүндэрсэн гэдэг нь нэгэнт тодорхой. Ангал руу унахад ойр, гарахад ч ойр байна. Гарцаа зөв олсон гэж үзэж байна. Намууд эвсэж нэг засагт хамтрах алхам хийлээ. Гагцхүү хагарч, бутрахгүй гол зүйлд саналаа нэгтгэж ажиллах хэрэгтэй.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмнээс хоёр хариулттай санал асуулга явуулж эхэлсэн. Та түүний гаргасан саналыг олж харсан уу?

-Үгүй.

-Утга нь эдийн засгийн хүнд үеийг давах алхмыг сонгоно уу гэсэн байсан. Жишээлбэл, томоохон ордыг ашиглалтад оруулж хямралыг гэтлэх, нөгөө нь “Бүсээ чангалах” гэсэн байсан. Ер нь энэ хоёроор бид эдийн засгийг эрчимжүүлэх боломж байгаа юу?

-Нэг хэсэг хүмүүс хойч үедээ газрын баялгийг үлдээх ёстой хэмээн цээжээрээ хамгаалаад байдаг. Би тэр хүмүүсийг ойл­го­доггүй юм. Хойч үед үлдээх зүйл Монголд их байна. Газрын хэвлийд байгаа бүх зүйл тэднийх. Гэтэл хойч үе минь гээд байвал энэ үеийнхэн яах юм бэ.

-Дэндүү хувиа хэчээсэн болохгүй юу?

-Оюутолгой, Тавантолгой асуудалд зөв голдиролоор явж байгаа гэж хардаг. 20 жил ярьж байж 2008 онд С.Баярын Засгийн газар хөдөлгөөнд оруулсан. С.Баяр идсэн, уусан гээд нэг хэсэг нь шуугисан. Хэн баталсныг мэдэхгүй. Ер нь Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулж, хөдөлгөсөн нь том амжилт. Бүх засгийн үед яригдаж байгаад арай гэж 2008 онд мөс хөдөлсөн. Гагцхүү гэрээ, энэ тэрийг учир дутагдалтай хийснийг үгүйсгэхгүй. Дутуу, хөтүү зүйл гарч л таарна. Хийсэн гэрээгээ сайжруулах, хэрэв үнэхээр муу гэрээ болоод улс хохирсон бол хариуц­лагаа хүлээх ёстой. Оюутолгой Тавантолгойгоос ухар гэсэн зүйл биш. Тавантолгойн асуудал урагшаа явж байна. Ерөнхий сайд асан М.Энхсайхан энэ ажлыг урагшлуулахаар моторыг нь асаалаа.

-Нэгнийх нь мотор асаад унтарсан. Харин нөгөөгийнхийг нь асаалаа. Бас унтарчихгүй байгаа даа?

-М.Энхсайхан энэ битгий зүйлийг хийнэ, бүтээнэ. Түүнд итгэж байна. Энэ зас­гийн нүдээ олсон шийдвэрийн нэг нь М.Энхсайхан сайдыг Тавантолгойн ажилд томилсон явдал. Үүнтэй адил Оюу­толгойг яагаад урагшлуулж болох­гүй гэж. Гадаадын хулгайч, дээ­рэм­чид ирлээ, ингэлээ тэглээ гэх юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг арай ч дээ гэж боддог. Оюутолгойг ч хөдөлгөх хэрэгтэй. Хийсэн гэрээг шинэчлэх бол хий, цаг үеэ мэдэрч хөдлөх ёстой. Хоёр толгойн нэг нь хөдөллөө. Нэг нь шаварт суусан хэвээр байна. Бодох цаг болсон. Гэтэл засаг зориг гаргаж Оюутолгойн ажилд оролцох бодолгүй ч юм шиг. Нөгөө талдаа хэсэг улс ард түмний эрх ашиг гэдэг нэрээр хэтэрхий нэг талыг баримтлах өнгө харагдаж байна. Баталгаа нь хаана байгаа юм, мэдэхгүй. Гадныхан гайхаж байгаа. Тэд  хөрөнгө оруулалт хийх гэдэг. Засаг нь тогтворгүй, хууль нь эргэлзээтэй, бүрхэг байхад яаж тэд хөрөнгө оруулах юм бэ. Гацуурт энэ тэр гэж илүү зүйл харахаар хөдөлгөөд, суулгасан зүйлээ шавраас татаж гаргаад ажиллахад болохоор л байгаа юм даа. Монголчууд өөрсдөө чөдөр болж байна. Бид чинь их сонин улс юм, “Тамын тогооны үлгэр” шиг амьдралтай. Дээшээ гарсныгаа татаж унагаад л.

-Таны ярианаас нэг зүйлийг ажиглалаа. Та одоо ажиллаж байгаа төрд сэтгэл дундуур байна уу?

-Төрд сэтгэл дундуур явна гэж юу байх вэ. Ойрын нэг засгийг огцрууллаа. Цаашид яахыг мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ засаг тогтвортой ажиллана байх. Эв нэгдэлтэй байгаасай л гэж хүсч байна. Жаахан ч болтугай нааштай зүйл ажиглагдаасай. Төрийн энэ гажуудал бол тогтолцооных. Үндсэн хуулийн тухай сүүлийн үед байнга ярьсан. Бараг 10 жил. Гэвч хэн ч сонсоогүй. Тэд хэний ч үгийг сонсдоггүй. Бид чинь төрд эрх биш ажиллаж, наад, цаадахыг нь хийж явсан улс. Аль аль нийгэмд ажиллаа. Дунд нь эргүүцэл, зэрэгцүүлэл хийлээ. “Хуучин бууны хугархай” болсон хүмүүсийн үгийг төр муу сонсдог. Энэ бол дутагдал. Бидний хэлсэн таван саналын хоёрыг нь авч болно доо.

Үндсэн хуульд огт гар хүрч болохгүй гэдэг нь хэт туйлшрал

-Тогтолцооны гажуудал гэж ярилаа. Та Үндсэн хуулийг хэлээд байна уу?

-400 хэдэн хүн 70 гаруй хоног сууж гадны ном, тохимол харж Үндсэн хуулийг баталсан. Зах зээл гэдгийг хэн нь мэдэрсэн юм бэ, капиталзм, социа­лизм гэдгийг хэн үзэж, харсан юм, бүү мэд. Ийм хүнд нөхцөлд баталсан хууль гэж бодоход нуруутай хууль болж чадсан. Үүний баталгаа бол цаг хугацаа. 20 гаруй жил мөрдлөө. Гэхдээ 20 хэдэн жил мөрдөхөд 1990 он ямар байлаа, өнөөдөр ямар байна гэдгийг харах хэрэгтэй. Амьдрал баян. Үндсэн хуульд огт гар хүрч болохгүй гэдэг нь хэт туйлшрал. Тэр тусмаа тийм нөхцөлд баталсан хуульд засч, залруулах зүйл байна гэдэг нь харагдаж байна. Манай улс чинь парламентын Бүгд Найрамдах Улс. Парламент нь засгийн эрх барих дээд байгууллага. Гэтэл парламент, Ерөнхийлөгчөө ард түмний дундаас сонгож байна. Ард түмнээс сонгогдсон субьект хоёулаа эрх тэгш байж таарна даа. Ингээд л эрх мэдлийн хуваарилалтын асуудал манддаг. Зарим зүйл дээрээс Ерөнхийлөгчийг харахад шийдээд байгаа ч юм шиг, нөгөө талаас УИХ нь шийдээд байгаа ч юм шиг. УИХ-ын эрх мэдэл хүрэлцэхгүй болохоор Засгийн газартаа хяналт тавьж чадахгүй байгаа ч юм шиг.

Засагт хамтрахгүй гэж орилж
байгаа нь төрийг ашиглахгүй гэсэнтэй агаар нэг

-Хоёулаа энэ сэдвийг түр орхиод сүүлийн үед хэрүүлийн алим болсон нэг зүйлийг хөндөн ярилцъя. Тэр нь Хүнс, хөдөө аж ахуйн яам болон тариаланч хоёрын хооронд өрнөсөн маргаан. Ер нь яагаад энэ хоёр субьект талцах болчихов оо?

-Ноднин, уржнангаас эхлээд баахан хэрүүл болсон. Гэхдээ төр хувийн хэв­шил хоёр хагараад, талцаад байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Аль аль талд нь ойлголцлын зөрчил байгааг үгүйсгэхгүй. Тариаланчид нөхцөл байд­лаа дутуу ойлгосноос болж засаг төрд хэтэрсэн шаардлага тавьж байгаа юм болов уу. Эцсийн бүлэгт тариаланч ч бай гурилын үйлдвэрлэгч  ч бай гурван сая хүний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Чанарт нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчийг хангах үүрэгтэй. Энэ шаардлага бүрэн төгс байна уу гэвэл учир дутагдалтай. Их ургац авсан гээд бүх улаанбуудай гурил болдоггүй. Түүн дотор чанар, цавуулаг зэргээр тэнцэхгүй улаанбуудай байна. Энэ зүйл аль ч үед байсан. Цаашид ч байна. Ургасан болгон гурил болно гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн байдлыг харахад бид их ургац авчихлаа. Энэ ургасан болгон гурил болох ёстой. Гурилыг хүлээж авахгүй, урамшууллыг өгөхгүй байна гэдэг хэлбэр явж байна. Улаанбуудайн хамгийн гол зүйл бол цавуулаг. Стандартаар үзвэл 23 хувиас дээш байх ёстой. Үүнээс доош цавуулагтай улаанбуудай яагаад ч гурил болох боломжгүй. Харин тэжээлийн улаанбуудай болно. Ингэж чанарыг баримталж ирсэн. Тариалангийн түүх эхэлсэн цагаас энэ стандартыг баримталж өгч, авалцаж ирсэн. Ийм хэрүүл, тэмцэл болсон түүх байхгүй. Маргаан бол гардаг байсан. Харин төр засагтайгаа тэрсэлсэн, хамтран ажиллахгүй гэдэгтэй тулсан үзэгдлийг харж байсангүй. Бараг давилуун загнаж эхэллээ. Хамжааргатай ярих асуудал.

-Өнөөдөр тариаланчдын тарьж, ур­гуулсан улаанбуудайн чанар ямар байгаа юм бол. Монгол Улсын Ерөн­хий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгож агуулахад хадгалагдаж бай­гаа улаанбуудайн чанарыг судлах ажлын хэсэг байгуулах байсан ч тодорхойгүй шалтгаанаар тариаланчид шалгуу­лаа­гүй гэх мэдээлэл байна?

-Тариаланч чанарын шаардлага хангасан улаанбуудай тариалах ёстой. Гурилын үйлдвэр ч чанарыг дээд цэгт эрхэмлэж хэрэглэгчдэд түгээх хэрэгтэй. Хэрэглэгч бол хаан. Монголчууд чинь мах гээд гурилыг хүнсэнд хэрэглэж ирсэн. Гурилаар бууз, лапша хоолоо хийж иддэг. Бууз, лапша хоолны гурил бол өндөр зэрэглэлийн цавуулагтай гурилыг шаарддаг. Тариаланчид энэ жил 400 гаруй мянган тонн улаанбуудай хураан авсан. Бүгдээрээ гурил болж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Манай улс 70-80 онд 800 мянган тонн улаанбуудай хураан авч байхад нэг хэсэг нь тэжээл, нөгөө хэсэг нь хүнсэнд явж л байсан. Буруу, зөвийг нь ололгүй маргах юм. 100 хувь стандартад нийцнэ гэж байхгүй. Яг нарийн шинжилгээ хийлгэсэн зүйл ч алга. Гурилын үйлдвэрт байгаа байдлаас үзэхэд 30 гаруй хувь нь 23-аас доош цавуулагтай байна. Энэ ч зүй ёсны асуудал. Тиймээс цавуулгийг нь нэмэхийн тулд өөр өндөр цавуулагтай улаанбуудайтай холих хэрэгтэй. Тэгж байж стандартад нийцсэн улаанбуудай гарна. Сайжруулагч хэрэглэх үзэгдэл аль ч үед байсан. 800 мянган тонн улаанбуудай хурааж авч байх үед ч байсан үзэгдэл. Хүн гайхаад байх асуудал биш. Сайжруулагчийг хэдийд, ямар хэмжээтэй авах вэ гэдэг нь байгаа улаанбуудайны чанарын үзүүлэлтээс хамаарна. Өөрөөр хэлбэл, улаанбуудайн тэдэн хувь нь цавуулагтай байна, төчнөөн нь тэнцэхгүй байна. Тиймээс цавуулагтай хувийг нэмэхийн тулд сайжруулагч авах хэрэгтэй гээд тоо, данстай нь гаргаад ирэх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хэдэн хувь нь цавуулагтай юм бэ, хэдэн нь шаардлагад нийцэхгүй байгаа юм бэ гэдэг нарийн судалгаа гараагүй байна. Маргаан хийгээд байгаа нөхдүүд өнөөдөр тодорхой тоо ч ярьж чадахгүй байна. Тариаланч миний тарьсан улаанбуудай 100 хувь цавуулагтай байхад төр авахгүй байна гээд хэлэх ч хүн алга. Ийм байж төртэй тэрсэлдэх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Тэгвэл та нар нийлж байгаад улаанбуудайн чанарт шинжилгээ хийгээдэх. Гэтэл тариаланчид хөдөл­дөг­­гүй. Бүр болохгүй бол дундын лабо­раторид очоод шалгах хэрэгтэй. Гэтэл бас л шалгуулахгүй, зугтаагаад байна.

-Хоёр тал ойлголцохын тулд яах ёстой юм бэ?

-Харилцан хэн хэндээ байгаа улаанбуудайныхаа чанарыг шалгуулчих хэрэгтэй. Тэгвэл хэрүүл болоод байх зүйлгүй.

-Өнөөдөр сайжруулагч улаан­буудай авах цаг мөн үү. Магадгүй тариаланчдын хэлээд байгааг төр сонсохгүй байгааг үгүйсгэхгүй байна?

-Үүнд асуудлын гол бий. 23-25 хувийн цавуулагтай улаанбуудай та­риа­­ланчийн гарт байгаа. Харин хэр хэм­жээтэй гэдгийг хэлж мэдэхгүй байна. Амьдралаас бодож, олон жилийн турш­лагаас харахад 25-аас дээш хувийн цавуу­лагтай улаанбуудай байгаа бол ярих юм алга. Харин түүнээс бага 23 хувь­тай стандартад тэнцэж байгаа ч гэсэн гурилын чанар хангахгүй улаан­буудай байвал сайжруулагч авах л ёстой.

-Тариаланчдын тавьсан шаард­лагыг биелүүлэхгүй бол Засгийн газартай хамтарч ажиллаж чадахгүй гээд байгаа шүү дээ. Үүний үр дүнд мэдээж хэрэглэгч хохирно шүү дээ?

-20-хон мянган тонн улаанбуудай оруулж ирэхийг эсэргүүцэж, үхэн хатан явж байгаа нь цаанаа өөр шалтгаантай. Холбоо нэрийн дор нэгдсэн хэсэг хүн яваад байгаа. Бүх тариаланчид нэгдсэн гэж үзэхгүй байна. Тэдний тавьж байгаа шаардлага хэтэрхий балмад, хэрцгий. Засгийн газартай хамтрахгүй л гэнэ, улаанбуудайгаа өгөхгүй л гэнэ. Ийм зэрлэг шаардлага тавьж болохгүй. Аль болох учир байдлаа олж ажиллах хэрэгтэй. Дээр хэлсэн тарьж, хураасан улаанбуудай бүр гурил болдоггүй гэж. Үүнийг амьдрал харуулсан.

-Зах зээлд нийлүүлэгдэж байгаа гурилын чанар ямар байгаа бол. Учир нь удахгүй сар шинийн баяр болж, бууз, банш, хэвийн боов хийх нөр их ажил ундарна. Гэтэл байгаа гурил нь чанарын шаардлага хангахгүй бол гэсэн асуулт гарна?

-Удахгүй цагаан сарын баяр болох гэж байна. Хэрэглэгчид “Цесна”-гийн гурилаар бууз, банш хийхэд боломжийн байна гэж ярьж байна. Хэрэглэгчийн мэдрэмж гэдэг бол асар том. Тэд мэдэрсэн байна. Энэ жил үндэсний гурилын чанар ОХУ-аас орж ирсэн гурилыг гүйцэхгүй байна гэсэн ойлголттой болж.

-Улаанбуудайн цавуулагт нөлөөлдөг хүчин зүйл юу байдаг юм бол?

-Хамгийн эхний нөлөөлдөг хүчин зүйл бол хөрсний боловсруулалт. Сүүлийн 20 гаруй жил хөрсний боловс­руулалтад анхаарсан бодлого гарсангүй. Төр ч тэр, тариаланч тэр анхаараагүй. Ийм шалтгаанаар тариалангийн тал­байн үржил шим муудсан. Энэ нь улаанбуудайн чанарт уршигтай. Мөн цаг уурын нөхцөлөөс үүдэлтэй. Тариа тарих болон хураах үед хур элбэгтэй байвал цавуулагт нөлөөлдөг. Өнгөрсөн жил Хэнтий аймаг ургац хураалтаар дээгүүрт орсон ч улаанбуудайн цавуу­лаг хангалтгүй байсан. Харахаар нэг л их ургац, масстай. Гэтэл эцсийн бүтээг­дэхүүний чанарт нийцдэггүй. Ийм хоёр үндсэн шалтгаанаас үүдэн улаан­буудайн цавуулаг буурдаг. Бороог ямар зогсоож чадах биш. Хөрсний үржил шимийг сайжруулах талаар төр болон тариаланчид анхаарч бодлого боловсруулах хэрэгтэй. 70-80-аад оны үед гаднаас хэдэн мянган тонн бор­доо авчирч, тариалангийн талбайг борд­дог байсан. Улаанбуудайн үртэй хамт бордоо хийж тариалдаг байж. Бараг хууль байсан. Гэтэл энэ бодлого алдагддсан. Тариалангийн талбайн үр­жил шимийг сайжруулахад хууль хэрэгтэй болсон байна. Яриад л байна гарсан зүйл алга. Хачир дээрээ өмчийн эзэн энэ бүхнийг санаачлах хэрэгтэй. Бордоо нь манайд байхгүйн зовлон алга. Шувууны сангас, малын өтөг, бууц нь байна. Бордооны суурь нь байгаа учраас өмчийн эзэн санаачилга гаргаж ажиллах ёстой. Бүх зүйлийг улс хийх ёстой гэдэг сэтгэлгээнээс ангижрах хэрэг­тэй. Улс харж үзэхгүй байна гэж болох­гүй. Сүүлийн үед ийм хандлага гардаг болж. Төр л болохгүй байна, төр л хийхгүй байна гэх. Ийм байж болохгүй ээ. Монгол Улс зах зээлийн харилцаанд бүрэн орсон юм бол бүх салбар л орох хэрэгтэй.

-Газар тариаланд жил бүр үнийн асуудлаар маргалддаг. Гэтэл энэ жил бүр хэрүүлийн алим нэмэгдэж, эцэстээ хамтрах уу, үгүй гэдэг дээрээ тулж байх шиг. Эцсийн бүлэгт тариаланчид шиг хөнгөлөлт, урамшуулалтад хамрагддаг салбар ховор?

-Юунаас болдог вэ гэхээр Хүнс, хөдөө аж ахуйн яам, түүний дэргэдэх Тариалан эрхлэх сан гэсэн байгууллага байдаг. Энэ байгууллага нь  тариаланчдад тех­ник, бордоо, хөнгөлөлттэй ша­тахуу­ны дэмжлэг үзүүлдэг байгууллага. Байгуул­лага тариаланчдад үйлчилснийхээ төлөө буцааж нэхэж таарна даа. Ийм зүйлээс маргаан гарч намар болохоор хэрэлдэж эхэлдэг. Эцэстээ энэ нь Хүнс, хөдөө аж ахуйн яам үнэ тогтоосон болж харагддаг. Зүй нь улс үнэд оролцох ёсгүй. Нэгэнт бүх салбар хувийнх болсон юм бол зах зээлд бүрэн шилжих  хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар хоёр байна уу гурвуулаа харил­цан тохиролцоод үнийг тогтоох ёстой.

-Хөдөө аж ахуйн бирж гэдэг зүйлийг байгуулсан. Тариалангийн салбарыг бирж хэлбэрт шилжүүлэх боломж бий юу?

-Ноос, ноолуурыг биржээр дам­жуулах анхны алхмуудыг хийсэн. Үүн­тэй адил улаанбуудайг ч биржээр дам­жуулж зах зээлд нэвтрүүлэх хэрэгтэй.

-Гэтэл байгаа биржийн үйл ажиллагаа төгс явагдахгүй байна гэж шүүмжлэх хүн нийгэмд бишгүй байдаг шүү дээ?

-Төгс явуулах л хэрэгтэй. Хэдий болтол 20-30 жил болохгүй, бүтэхгүй нь гээд суух юм бэ. Чадуулах хэрэгтэйг, чадахын тулд ямар шаардлагыг хангах хэрэгтэйг хийх ёстой. Тэгж байж санаачилсан, хийсэн, бүтээсэн зүйлийн үр дүн гарна. Биржийн тухай хууль гараад багагүй хугацаа үдлээ. Хяналтыг сайжруулах хэрэгтэй.

-Тэрслүү нэг асуулт асууя. ОХУ-аас орж ирэх улаанбуудай магадгүй тариаланчдыг шахах нэг үзэгдэл, давхар хэн нэгэн хүний эрх ашиг цаана нь яваад байна уу?

-Үүнийг чи ч хэлж мэдэхгүй, би ч хэлж мэдэхгүй. Энэ бол хий хардлага. Байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үнэн шаардлага нь юу гэхээр одоо байгаа улаанбуудайны чанарт сайжруулагч нэмэх хэрэгтэй гэдэгт л байгаа. Зүгээр энэ дунд цаана, наана тав арван төгрөг зувчуулж байгаа гэдгийг батлаад гаргах хэрэгтэй. Надад ямар нэг эрх ашиг алга. 20 мянган тонн улаанбуудай оруулж ирэх нь гээд ингэтлээ их үхэлдэж, зарга хийж байгаа хүний ард эрх ашиг нуугдахыг үгүйсгэхгүй байна. Яагаад тэд 40 мянган тонн улаанбуудайгаа шинжилгээнд өгөхгүй байгаа юм. Нарийн яривал 40 мянган тонн улаанбуудай гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн балан­санд орсон явж байна. Ийм байхад байгаа булаанбуудайгаа шинжлүүлэхгүй гэдэг нь тэдэнд бас но байна аа даа. Ер нь төртэйгөө ингэтлээ тэрсэлж, жагсаал цуглаан хийнэ, техникээ авчирч тавина л гэнэ. Яагаад ийм үйлдэл хийнэ гээд байгаа юм. Газар тариалан, хөдөө аж ахуй социализмын 70, шинэ нийгмийн 20 жилд улстөржиж байгаагүй салбар. Ерөөсөө улстөржих шаардлага ч байгаагүй.

-Хүн чинь идэж буй хоолоо хэрүүлгүй идчих юмсан гэдэг. Гэтэл идэх хоолныхоо түүхий эдийг бэлтгэхдээ хэрүүл хийх нь сайны ёр биш дээ?

-Улстөрждөггүй салбар гэж хэлсэн. Яагаад улстөржүүлээд байгаа гэдгийг ойлгох юм алга. Өөр учир шалтгаан, ашиг сонирхлын зүйл байгааг үгүйсгэхгүй. Хэтэрхий идвэл хоолны шингүүр мууддаг. Засгийн газартай хамтрахгүй гэнэ. Энэ газартай хамтардаггүй хэн байсан юм бэ. Өөр хэнтэй хамтраад ажиллах гээд байгаа юм бэ. Тэгж яривал улс, хувийн хэвшил хоёр чинь хамтран ажиллаж байгаа. Тодруулбал, улс газраа өгч байна. Тариалангийн газар бол улсын өмч. Улс өөрийнхөө өмч дээр хувийн хэвшлийнхний үйлдвэрлэл явуулах боломжийг олгож байгаа. Бүр нарийн яривал тариаланч улсаас газрыг нь үнэлж авч тариалан эрхлэх ёстой. Төрийн газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ хэрүүл хийгээд байгаа нөхдүүд ойлгох ёстой. Гол зүйл нь энэ. Засагт хамтрахгүй гэж орилж байгаа нь төрийг ашиглахгүй гэсэнтэй агаар нэг. Тэгвэл засаг өмчөө эргүүлээд л авна биз дээ

М.АРИУНТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж