Япон улс аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

Япон улс аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна

 

“Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалж, 200 сая ам.доллар нэхсэн хэрэг өнгөрсөн өдрүүдэд олон улсын анхаарлын төвд байлаа. Хэт даврагчид нэгдүгээр сарын 24-нд Харуна Юкаваг, 31-ний бямба гаригт Кенжи Готог цаазалснаар Японы ерөнхий сайд Шинзо Абе иргэдээ эсэн мэнд аврах амлалтандаа хүрч чадсангүй. “Исламын улс” бүлэглэлийн гарт амь үрэгдсэн Харуна Юкава, Кенжи Гото нарын дурсгалыг хүндэтгэн Японд даваа гаригт /II.2/ гашуудал зарлажээ.

 

Үүний зэрэгцээ энэ хэрэгт Японы ерөнхий сайд Шинзо Абе парламентад  тайлбар хийж, гишүүдийн асуултанд хариулжээ. Бүтэн өдөр шахуу үргэлжилсэн парламентын асуулгад Шинзо Абе улс төрийн бодлогоо хамгаалан мэтгэлцсэн байна. Шинзо Абе Ойрхи-Дорнодод хийх айлчлалынхаа үеэр терроризмтой тэмцэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад зориулан “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд 200 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Японы парламентын зарим гишүүд Шинзо Абег энэ мэдэгдэлдээ болгоомжтой хандаж, “Исламын улс” бүлэглэлийн нэрийг дурьдах хэрэггүй байсан хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн Шинзо Абе “Исламын улс” бүлэглэлд Японы хоёр иргэн барьцаалагдсаныг мэдсээр байж дээрх мэдэгдлийг хийсэн хэмээн буруутгасан байна.

 

Үүний хариуд Шинзо Абе исламын хэт даврагчдын эсрэг тэмцэлд оруулж буй Япон улсын хувь нэмрийг сурталчилахыг хүссэн хэмээжээ. Тэрээр “Олон улс Ойрхи-Дорнодод энх тайван, тогтвортой байдлыг тогтоохыг хичээж байгаа үед тэнд айлчлах нь зүйтэй гэж бодсон. Би тэндээс дэлхий дахинд Япон терроризмын эсрэг тэмцэлд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгааг зарлахыг хүссэн” хэмээсэн байна. Шинзо Абе өөрийнх нь мэдэгдэл терроризмын эрсдэлийг нэмэгдүүлж, “Исламын улс” бүлэглэл Кенжи Готог цаазлах үеэрээ мэдэгдсэн шиг япончуудыг онилно гэж бодоогүй хэмээжээ. “Исламын улс” бүлэглэлийн гишүүн Японы сэтгүүлч Кенжи Готог цаазлах үедээ “Абе ялах боломжгүй дайнд нэгдсэн чиний бодлогогүй шийдвэрийн гайгаар зөвхөн Кенжи Гото ч биш танай ард түмнийг энэ хутгаар хядах болно. Японы хувьд хар дарсан зүүд эхэллээ” хэмээн мэдэгдсэн аж.

Энэ мэдэгдлийн дараа Япон нисэх буудал, нийтийн тээвэр, гадаад дахь элчин зэрэгтээ тавих хяналтаа нэмэгдүүлжээ. Мөн Японы иргэд хэт даврагчдад барьцаалагдах хэрэг дахин гаргахгүйн тулд зөрчил мөргөлдөөний бүс нутгаас сэтгүүлч, иргэдээ буцан ирэхийг шаардсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Japan today
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж