&#34Цөмийн технологиос бид татгалзаж чадахгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.02.03-нд нийтлэгдсэн

&#34Цөмийн технологиос бид татгалзаж чадахгүй&#34

Дэлхийн хөгжиж буй орнуудын академийн Физикийн салбарын 2014 оны шагналт, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн судлаач Б.Мөнхбаттай ярилцлаа.

-Цөмийн технологи хэрэгтэй мөртлөө аюултай гэсэн ойлголт арилахгүй байна. Атомын цахилгаан станцаас үүдсэн болгоомжлол ч байж магадгүй л дээ. Мэргэжлийн хүнтэй уулзсаных цөмийн технологийн хөгжил аюулгүй байдал талаасаа хэр хөгжсөн бэ гэж асуумаар байна?

-Цөмийн технологийг ганц дан цөмийн цахилгаан станцаар төсөөлөх нь буруу л даа. Хүн төрөлхтөн цөмийн технологигүйгээр амьдрах аргагүй. Наад зах нь гэхэд л эмнэлэгт цөмийн технологи хэрэглэдэг. Хавдрыг оношилж эмчлэхэд ашигладагийг уншигчид андахгүй. Нэгдүгээр эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвд гэхэд цөмийн технологи  ашиглаж байгаа. Уул уурхайн салбар эдийн засгийг авч явна гэж ярьдаг. Цөмийн технологигүйгээр энэ салбар явахгүй. Сүүлийн үед зам их барьж байна. Жишээ нь замын зузаан, чанарыг хэмжихэд цөмийн технологи ашигладаг. Цөмийн технологи гэхээр цөмийн цацрагаар шардаг гэж ойлгож болохгүй л дээ. Цөмийн технологи ашиглаад юу хийж болох вэ гэдэг талаас нь харах учиртай. Цаасны үйлдвэрлэлд гэхэд цөмийн технологийг ашиглаж цаасны зузаан, чанарыг хэмждэг. Өчнөөн метр цаасыг маш хурдтайгаар үйлдвэрлэж байхад химийн аргаар хэмжээд зогсох аргагүй шүү дээ. Үйлдвэрлэл ид явагдаж байхад цөмийн багаж тавиад л зузаан, чанарыг нь хэмжчихдэг. Цөмийн технологи гэдгийг мэдэхгүй хэрнээ хүмүүсийн хэрэглээд байдаг зүйл өчнөөн бий. Сүүлийн үеийн барилгуудад гал мэдрэгч гээд бөөрөнхий цагаан юм байдаг даа. Тэр гэхэд л цөмийн технологи. Ер нь цөмийн технологийг хаа сайгүй хэрэглэдэг.  Ашигладаггүй салбар гэж байхгүй. Хоол хүнс, эм тариа гээд бүх юманд ашигладаг. Цөмийн технологийн хэрэглээ бүр олон улсын стандарттай. Эмнэлгийн цөмийн технологи гэхэд тусдаа стандарттай. Уул уурхай ч ялгаагүй. Стандартыг нь мөрдөөд ажиллахад асуудалгүй.

-Хүмүүсийн аюултай гэж болгоомжилдог атомын цахилгаан станц дээр ч гэсэн олон улсын стандарт бий юу?

-Атомын цахилгаан станц дээр олон улсын стандарт бий. Үүнийгээ ч Олон Улсын Атомын Энергийн агентлаг байнга хянаж байдаг. Мөрдөөд явахад онцын асуудал гарахгүй.

-Атомын цахилгаан станц барих нь тодорхой болсон улсууд гэвэл ямар орнууд байна?

-Өмнөд хөрш маань 27 цөмийн реактор барьж байгаа бол, ОХУ 10, АНУ 5 реактор барьж байна. Энэ мэт маш олон станц улс орнуудад шинээр баригдахаар төлөвлөгдсөн, зарим нь баригдаж эхэлсэн байна.

-Цөмийн цахилгаан станц нь нүүрсний цахилгаан станцаас давуу талуудын талаар яриагаа үргэлжлүүлье?

-Давуу талууд нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцыг бодвол цөмийн цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа эрчим хүч нь хямдхан байдаг.  Бас түлш  бага зарцуулдаг. Нүүрсний станц бол гуч, дөчин мянган тонноор нь нүүрс түлж, утаа ялгаруулж агаар бохирдуулдаг. Харин атомын цахилгаан станц дунджаар жилдээ нэг удаа л түлшнийхээ ¼-ийг сольдог. Агаарын бохирдол гэх юм гаргаад байхгүй, нүүрсхүчлийн хий огт үүсгэхгүй.

-Цөмийн станцын технологи нэлээд сайн хөгжсөн юм байна. Атомын цахилгаан станцын хамгийн сүүлийн үеийн технологи гэвэл дуулгах сонин юу байна?

-Технологийн хувьд generation буюу үе үеийн станцууд гэж байдаг. Тавь,  жараад онд баригдсан нь Gen-I буюу нэгдүгээр үеийн станц. Одоогийн байдлаар гурав буюу гурав нэмэх үеийн станцууд дэлхий дээр баригдаж байгаа. Gen-III-н реакторууд нь цоо шинэ технологи биш, өмнөх үеийн технологийг сайжруулсан хувилбарууд байдаг. 3-р үеийн цөмийн реакторууд нь  нь 40-60 жил ажиллах чадвартай бөгөөд ажиллах хугацааг цааш сунгах боломжтой. Сүүлийн үеийн реакторууд гэвэл дөрөвдүгээр үеийн станцууд байна. Түлш бага зарцуулна, илүү их дулаан үйлдвэрлэх чадалтай гэдгээрээ давуу. Энэ технологийг ирэх арав, хорин жилд бүх улс ашиглах байх. Одоогийн байдлаар ОХУ энэ чиглэлд тэргүүлж байна. Манай улсын хувьд ч ашиглах боломжтой.

-Та түрүүн замын чанарыг цөмийн технологи ашиглаж шалгадаг гэж ярилаа. Манай компаниуд замын чанар шалгадаг цөмийн багаж ашигладаг уу?

-Зам тавьж байгаа компаниуд замын чанар шалгадаг цөмийн багажтай байх ёстой. Гэхдээ манайд ийм багажийг бүх замын компаниуд ашигладаггүй. Тийм учраас замын чанар муу гэсэн асуудал гараад байгаа юм. Замын зузаан, чанарыг цөмийн багажаар шалгах ёстой гээд хууль, журамдаа заагаад өгчихвөл чанаргүй зам гэсэн асуудал буурах болно.

-Замын чанарыг цөмийн багажаар яг яаж шалгадаг юм бэ?

-Замаа ухаж сэндийлэх шаардлагагүй. Замын гадарга дээгүүр түрээд явж  замын зузаан, нягтыг нь  хэмждэг.

-Хуурамч эмийг цөмийн технологи ашиглан хялбархан илрүүлэх боломжтой гэж сонссон. Тийм багаж манайд бий болов уу?

-Эмийн тухайд цөмийн аргаар л хуурамч жинхэнийг нь  ялгах боломжтой. Олон улсад эмийн стандарт гэж байдаг. Тэр стандарт дээр нь цөмийн аргаар хэмжсэн эмийг л заасан байдаг. Гэхдээ Монгол Улсад эмийг хуурамч жинхэнээр нь ялгаж салгах хүчтэй багаж одоохондоо байхгүй. Уг нь байх ёстой л доо.

-Хүнсний аюулгүй байдал дээр цөмийн технологийг ашиглавал айх аюулгүй  сууж болох л юм байна?

-Уг нь тийм. Бүх төрлийн хүнсийг цөмийн технологи ашиглан  хянах ёстой л доо. Хүнс экспортолдог Энэтхэг, Вьетнам, Тайланд зэрэг улс хүнсэндээ цөмийн технологи ашиглан хяналтыг маш сайн тавьдаг. Учир нь  АНУ зэрэг өндөр  хөгжилтэй орнууд зөвхөн хяналтанд орсон, шаардлага хангасан бүтээгдэхүүн авдаг.

-Манай эмнэлгүүдэд цөмийн сүүлийн үеийн технологи ашигласан багаж төхөөрөмж орж ирж байна уу?

-Монголчуудын сайн мэддэг MRI өнөө үед хоцрогдсон. MRI-ийн дараагийн үеийн цөмийн технологи аль хэдийнэ гараад ирсэн. Манайд ч ороод ирчихсэн.  Энэ намар Нэгдүгээр эмнэлэг дээр Цөмийн энергийн газар, Олон улсын атомын энергийн агентлагын тусламжтайгаар нэг багаж суурилуулсан. Тэр багаж  бол сүүлийн үеийнх. 2016 онд Солонгосын хөрөнгө оруулалттайгаар  PET scan гээд сүүлийн үеийн цөмийн багаж оруулж ирэхээр ярилцаж байгаа.

-Энэ багажийн онцлог, давуу тал нь юу вэ?

-Хавдар гэх мэт хүний биеийн өөрчлөлтийг маш нарийн оношлоно. Бүтэн биеийн зургийг авдаг.  MRI-тай харьцуулахад  авсан зураг нь бодитой, гурван хэмжээст. Зүйрлүүлж хэлбэл хар цагаан, өнгөт зургийг харьцуулж байгаа юм шиг. Монгол Улс 2016 онд нэгийг авчих юм бол манай орны эмнэлгийн оношлох чадвар дээшлээд ирнэ. Гэхдээ сүүлийн үеийн технологийг худалдаж авна гэдэг их үнэтэй. Үнэтэй тоног төхөөрөмж заавал орж ирнэ. Ажиллуулах чадалтай цөмийн боловсон хүчин шаардлагатай. Манайхан багажиндаа хөрөнгө оруулалт хийдэг ч хүндээ хийдэггүй. Багаж нь орж ирээд ажиллахаа больдог тал бий. Манай эмнэлгүүд хэрэгтэй цөмийн материалаа худалдаж авах мөнгөгүй болчихлоо гээд багажаа ашиглаж чаддаггүй тохиолдол гардаг. Цөмийн материалаа худалдаж авъя гэхээр үнэтэй учраас амждаггүй. Тэгэхээр сүүлийн үеийн технологид хөрөнгө оруулалт хийж байгаа бол шаардагдах цөмийн материал үйлдвэрлэх үйлдвэрийг Монголд барих  хэрэгтэй. Ажиллаж чадах хүнээ бэлдэх асуудал байна. Ингэж цогцоор нь авч явж байж цөмийн сүүлийн үеийн технологийг эзэмших боломжтой.

-Хорт хавдар бараг л гамшгийн хэмжээнд хүрээд байна. Хорт хавдар дээр  ашигладаг цөмийн технологийг бид туяагаар шарах төдийгөөр төсөөлдөг. Дэлхий дээр үүнээс  өөр шинэ технологи, дэвшил гарсан байх гэж бодож байна?

-Гаралгүй яахав. Монголд багажаар хорт хавдартай хэсэг дээр нь, гадна талаас нь шууд шардаг. Сүүлийн үед шарах зориулалттай юмыг шууд судсанд нь тарьчихдаг болсон. Элэгний хорт хавдар байлаа гэхэд яг элгэнд шингээгддэг бодисийг  цацраг идэвхт  изотоптой холиод тарьчихдаг. Тэр нь явсаар байгаад зөвхөн элгэндээ очиж суудаг. Элгэн дээр очиж суугаад хорт хавдраа шарна гэсэн үг. Гаднаас шарна гэдэг бүдүүлэг арга л даа. Тэр хавийнхаа эрүүл, өвчтэй  бүхнийг шарах болдог. Тарьдаг нь бол өөр. Бага тунгаар ойр ойрхон тарьдаг. Тэр хэрээрээ эмчилгээний үр дүнд эерэгээр нөлөөлдөг. Гэхдээ энэ технологийг оруулж ирэхэд маш өндөр өртөг гарна. Миний саяын хэлсэн цөмийн материал үйлдвэрлэдэг үйлдвэр, бэлтгэгдсэн боловсон хүчин гээд олон асуудал бий.

-Хорт хавдрыг цөмийн технологи ашиглах эмчлэх тал дээрээ ямар улс илүү өндөр түвшинд хүрээд байна вэ?

-Австрали сүүлийн үед энэ чиглэлээр өндөр хөгжиж байна. Уушиг, элэгний үсэрхийлсэн хавдрыг сая дурдсан тарианы аргаар эмчлээд амжилттай үр дүнд хүрч эхэлж байна. Манайд мэс заслаар үсэрхийлсэн хавдрыг бүгдийг авч чаддаггүй учраас эмчилгээ байхгүй гэдэг. Сүүлийн үеийн ийм технологийг монголчууд эрүүл мэндийнхээ салбарт  мэдрэх боломжтой.

-Цөмийн технологийн ололтуудыг нэвтрүүлж хорт хавдрын эмчилгээн  дээр үр дүн гаргаад эхэлбэл хүмүүст хэрэгтэй юм байна. Манайх ураны их нөөцтэй. Уранаа олборлож олсон мөнгөөрөө цөмийн өндөр технологи оруулж ирэх гарц байж болох л юм. Та юу гэж бодож байна?

-Тийм л гарц бий. Өнөөдөр бидэнд мөнгө байхгүй учраас технологи худалдаж авч чадахгүй. Харин тэр технологид хэрэгтэй, үнэтэй материалаа зараад оронд нь технологийг нь оруулж ирэх хэрэгтэй. Ер нь манайх шиг хөгжиж байгаа орнуудын хөгжих аргуудын нэг нь энэ л дээ.

-Манайд уран олборлож шар нунтаг болгож гаргах асуудал яригдаж байгаа. Шар нунтаг болгож гаргахын тулд ямар процесс өрнөхийг энгийнээр тайлбарлаач?

-Уран байгальд харьцангуй бага агуулгатай байдаг. Тодорхой масс дахь агуулгыг нь өндөр болгохыг л шар нунтаг болгох гэж яриад байгаа юм. Зэс молибден баяжуулдагтай л адил процесс өрнөнө. Цөмийн технологийн хэрэглээ огт байхгүй. Дан химийн процесс өрнөнө. Зэсийн хүдрийг  хэдэн мянган тонноор нь олборлож  үйлдвэрт аваачдаг. Тэндээ шигшээд химийн процесст оруулж хөвүүлэн баяжуулаад хамж авдаг. Ийм процессийн үр дүнд зэсийн баяжмал гардаг. Үүнтэй л ижил процесс. Байгаль дээр байгаа их хэмжээний шорооноос уранаа ялгаж аваад зарж байгаа хэрэг. Янз бүрийн цацраг идэвхитэй зүйл үүсэхгүй. Цацраг идэвхийн хувьд атомын цахилгаан станц зэрэг цөмийн технологийн хэрэглээ орж ирэхэд л үүсдэг.

Монгол Улсын хуулиар ураныг зэс молибдентэй адил тодорхой хэмжээнд баяжуулаад гадагш экспортлохыг зөвшөөрсөн байдаг. Шар нунтаг хүртэл боловсруулахыг хэлж байгаа юм. Дахин хэлэхэд энэ процесст цөмийн технологи огт байхгүй. Монголын ураны хувьд зэсээс ялгаатай нь хүдэр хэлбэрээр байдаггүй л дээ. Элс, сул шороонд байдаг учраас уусган баяжуулах арга хэрэглэнэ. Тэгэхээр зэс шиг байгалийг сүйтгэж хамаг хөрсийг ухаж төнхсөн олборлолт хийгдэхгүй гэсэн үг. Газар дор уусган баяжуулаад, соруулж авах юм. Гүний усан дээр хяналтаа зөв тавихад л асуудал гарахгүй.

-Усныхаа хяналтыг яаж тавих ёстой вэ, уран олборлож байгаа орнуудад хяналтын стандарт тогтчихсон байдаг байх?

-Австрали гэх мэт орнуудын бэлээхэн туршлага байна. Уран олборлолтын олон жилийн туршлагатай учраас гүний усаа хянаад сурчихсан улс. Туршлагыг нь эндээ нутагшуулаад авахад болохгүй юмгүй. Дэлхийн хэмжээнд  гэж яривал туршлагатай орнуудад  Австрали, Канад хоёр багтана. Манайхтай илүү ойрхон гэвэл Казахстан, Укбекистаны жишээ бий.

-Усандаа л хяналт тавьчихвал уран олборлох арга нь ямар нэг асуудалгүй гэсэн үг үү?

-Ураны олборлолтын хувьд дэлхий дээр гуравхан арга бий. Тэр нь стандарт болчихсон. Аргын хувьд ямар ч асуудал байхгүй. Аль хэдийнэ төгс болсон технологиуд.

-Уран олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг компаниудыг онцлооч?

-Канад, Австралийн компаниуд байна. Эдгээр  компаниуд  ихэнхдээ  тухайн улсдаа олборлодог. Олон улсад олборлодог нь миний мэдэхээр Монголд орж ирээд буй Францын “Арева” л  байна.  Нилээд олон оронд үйлдвэртэй компани. “Арева”-гийн хувьд ганцхан уран олборлодог компани биш. Монголоор бол MCS-тэй төстэй,  бүлэг корпорациудын нэгдэл байгаа юм. Уран олборлодог, баяжуулдаг. Цөмийн түлш, цахилгаан станц, эмнэлгийн технологи үйлдвэрлэдэг, хүн сургадаг  том компани. Энэ компанийн  зөвхөн уран олборлодог салбар нь Монголд орж ирчихээд байгаа.

Д.ТҮВШИНБИЛЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж