Салан тусгаарлагчдын тэргүүн Александр Захарченко Украины армитай байлдаж байгаа цэргийнхээ тоог 100 мянгаар нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тэд засгийн газрын цэргийн хүчийг Украины зүүн нутгаас шахан гаргахын тулд Донецк Луганскийг холбосон замын зангилаа хот болох Дебалцевогийн төлөө ширүүн тулаан хийж байна. Хамгийн сүүлд Бельгид хийсэн гал зогсоох хэлэлцээ бүтэлгүйтсэнээс хойш өнгөрсөн ням гаригаас эхлэн Украины иргэний дайны мөргөлдөөн урьж хожид байгаагүй ширүүсээд байгаа нь энэ юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн босогчид Дебальцево хотыг их буугаар ширүүн галлаж эхэлсэн бөгөөд, хотын ойролцоох түшиц газруудад мөн ширүүн тулаан үргэлжилж байгаа аж. Мөргөлдөөний хөлд энгийн иргэд ихээр өртөж байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор 30 гаруй энгийн иргэд амиа алдаж, хотоос дүрвэн зугтаж байна.
Донецкийн бүгд найрамдах улсын тэргүүн Александр Захарченкогийн хэлснээр засгийн газрын цэргүүд Дебальцевод удаан тогтож чадахгүй бөгөөд өөр олон тулаан болж байгаа газар байрлалаа орхин зугтах эс бөгөөс бууж өгч байгаа хэмээн орон нутгийн Донецк ньюс агентлагт мэдээлснийг BBC уламжилсан байна.
Тэгвэл засгийн газрын эх сурвалж байдал хүндэрч буйг нуугаагүй хэдий ч нэмэлт хүч зүүн бүс нутагт илгээж, ялангуяа Дебальцевег ямар ч хүчээр хамаагүй тогтоож үлдэхээр тэмүүлж байгаа аж. Энэ тулалдаанд салан тусгаарлагчдын цэргийг бутцохиж чадвал Донецк боло Луганскийг хооронд нь таслан нэг нэгээр нь цохих төлөвлөгөөнд орно хэмээн Киев мэдээлжээ.
Александр Захарченкогийн цэргийнхээ тоог 100 мянгад хүргэнэ гэсэн мэдэгдэл талуудын анхаарлыг ихэд татаж байгаа. Украины засгийн газрын үзэж байгаагаар салан тусгаарлагчид ямар нөөц бололцоогоо шавхаад ийм хэмжээний цэрэг зэвсэг дайчилж чадахгүй бөгөөд энэ нь ганцхан нөхцөлд буюу ОХУ-ын шууд дэмжлэгтэйгээр л бүтэж мэдэх санаа гэнэ. Одоогийн байдлаар Украины иргэний дайн өрнөж байгаа зүүн бүсэд Оросын 9000 гаруй сайн дурынхан байгаа гэсэн мэдээллийг тэд баталдаг. Харин Москва үүнийг эсэргүүцдэг бөгөөд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнийг санаатай өдөөн хатгалга хэмээн нэрлэсэн юм.
Харин 2015 онд Украины зүүн бүс нутаг дахь цэргийнхээ тоог 200 мянгад хүргэнэ гэдгээ Киев мэдэгдээд байгаа аж.
Одоогийн байдлаар Украин дахь иргэний дайны улмаас 5000 орчим хүн амь насаа алдаад байгааг тоо баримт харуулж байгаа. Тэгвэл энэ сараас энэ тоо огцом нэмэгдэж магадгүй нь талууд ширүүн мөргөлдөөнд хүч түрэн орж байгаагаас харагдаж байна.
Н.ЦЭНДСҮРЭН