Долоохон хоногийн өмнө монголчууд гурван сая хүрснээ бахдалтайгаар зарлав. Гучин хүүхдэд байр, бусдад нь гурван сая төгрөг тараалаа. Монголын хүн ам гурван саяд хүрсэн нь сайхан хэрэг ч ингээд хоорондоо хэрэлдээд суучихвал улс орон маань яаж хөгжих вэ дээ.
Монголчууд бүл нэмэхийн хэрээр хэрүүл хийх сэдэв нь нэмэгдсээр. Улстөрчид гэлтгүй, тамирчид нь, урлаг соёлынхон нь хүртэл дотроо хагаралдаж, хуваагдчихсан. Дэлхийн бөмбөрцөг дээрх цөөхөн монголчуудад хийх ажил дэндүү их. Гэтэл ажил хийхээсээ илүү ам хэлээ уралдуулах нь элбэг болсныг сүүлийн үеийн нийгэмд болж байгаа үйл явдал бүхэлдээ гэрчилж байна.
Уг нь монголчууд хэрүүлийн бузраас жигшдэг байв. Одоо ч тоохоо больж, хаа сайгүй талцал, хуваагдал, энэ их хэрүүл эцэс сүүлдээ утгаа алдлаа. Албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөний төлөөх ашиг сонирхлын зөрчилдөөн саарал ордноос хальж, хүрээгээ тэлсэн төдийгүй салбар болгонд халдварлаж байна.
Төрийн ордон хавиар Тавантолгойн талцал эхэлсэн бол гудамжинд гурил үйлдвэрлэгчид болон тариаланчид хоёр тал болон “үзэлцэх” болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Нэг нь дотоодын улаан буудайгаа авсангүй гэж гурил үйлдвэрлэгчдээ эсэргүүцэж, нөгөө нь тариаланчид чанаргүй улаан буудай шахаж буйг шүүмжлэв. Аль, алиных нь хөндөж байгаа сэдэв нь зөв. Гэхдээ иргэд өнөөдөр дотоодын гурилаас илүү яагаад импортын гурил худалдан авч байна вэ гэдгийг гурил үйлдвэрлэгчид, тариаланчид бодох л асуудал. Үндэсний үйлдвэрлэлээ дэмж гээд чанаргүй гурил хэрэглэгчдэд “шахаж” болохгүй биз дээ. Одоо байтлаа ногоочид нь хүртэл малчид, тариаланчидтайгаа барьцаж байна. Өнгөрсөн жилүүдэд төр засаг малчид, тариаланчдыг харж үзсэн, өнөөдөр ногоочдоо тэтгэх хэрэгтэй л гэнэ. Ахиад нэг дуусахгүй маргаан араас нь ундрах төлөвтэй.
Манай спортын төрийн болон төрийн бус байгууллагууд гэж хэрүүлийн бузар шингэсэн газрууд байна. Олимпийн хорооны ерөнхийлөгч, спортын байгууллагын удирдлагууд руу гаа зөв ч бай, буруу ч бай ноцож л байх үүрэг авсан мэт бүлэг хүмүүс бий болжээ. Албан тушаалаа өгч, авч чадахгүй, тогоон доторх асуудлаа шийдэж дөнгөхгүй, Олон улсын олимпийн хороо руу хүртэл өргөдөл, гомдол тавьж, Монголын спортын нэрийг сэвтүүлж л байдаг. Харахад нэртэй, зүстэй, боловсролтой хүмүүс атлаа ам хэлээрээ асуудлаа зохицуулж болохгүй болтлоо доройтсон спортынхны хэрүүл ганц энэ ч биш юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо, Үндэсний бөхийн холбоог тойрсон үл ойлголцол, албан тушаал булаацалдсан хэрүүл тогооноосоо битгий хэл улсаасаа халиад явчихсан байна. Хүмүүс нь эмээлийн хоёр бүүрэг шиг болчихсон, дотроо хоёр битгий хэл хуваагдаж, эр хүмүүс шиг асуудлаа ярилцаж чадахгүй, булайгаа бултаар нэг дэлгэж цуурах зан спортынхонд зохихгүй байна. Эх орон, улс орныхоо нэрийг уухайлан мандуулж явах, хамгийн ариун, шударга, атаа жөтөөгүй байх ёстой их спортынхон хүртэл тамын тогооны үлгэр бичих болсонд ой гутах. Юу дутлаа гэж их спортоо хүртэл энэ их хар хэл амаар бохирлож суудаг байна аа.
Хан-Уул дүүргийнхэн засаг даргаа огцруулахаар хоёр хуваагдчихаад байгаа аж. Нэг хэсэг нь Ж.Ганхуягаа дэмжиж, нөгөө хэсэг ИТХ-ын даргынхаа талд орчихоод бие, биенийхээ муу муухайг уудалж эхлэв.
Сонгуулийн чимээ ойртох тусам намууд доторх фракциудийн зодоон ширүүсэх төлөвтэй, МАН, АН ялгаагүй дотроо хэд хэдэн бүлэглэлд хуваагдсан гэх мэдээлэл байна. Удирдлагын төвшин дэх хуваагдал нь намуудын дунд, доод шатанд халдварлаж, улс төрөөс халиад нийгэмд том асуудал болон хуримтлагдаж эхэллээ.
Саарал ордон дотор Тавантолгойг тойрсон хэрүүл ид оволзож байна. Их мөнгөний сургаар ийнхүү томчууд нь дээгүүрээ зодолдож, доогуураа олдсон жаахан бялуун дээрээ иргэд нь талцаж байгааг харахад яг л нөгөө тамын тогооны үлгэр шиг санагдах. Энэ тамын тогооноос гарч чадахгүй бол Монгол асар их алт, мөнгө, нүүрстэй байлаа ч хөгжиж чадахгүй. Уг нь монголчууд бид бүгдээрээ Монгол гэдэг завин дээр сууж яваа нэг гэр бүл. Монгол гэдэг нэг айл. Аав, ээж нь, ах эгч нь, өвөө эмээ нь хоорондоо хэрэлдэж, зодолддог, архи уудаг айлын өнгө төрх, амьдрал нь ямар байдаг билээ.
Хийх ажилгүй хүмүүс л хэрүүл хийх завтай байдаг. Монголчууд энэ их хэрүүлдээ хэзээ живж дуусах бол доо. Ядуу хүнд зовлон их. Ялгаагүй жижиг улсын хувьд том зовлон нь энэ бололтой.
Ж.НЯМСҮРЭН